эцэг өвгөдийн сүнс амирлахуй

2022-04-25 225 0

Хамгийн сүүлчийн чоно улихад
Хамгийн сүүлчийн булаг ширгэхэд
Хамгийн сүүлчийн шонхор Монгол дээгүүр нисэн өнгөрөхөд
Хамгийн сүүлчийн янгир уулнаас бууж ирэхэд
Хамгийн сүүлчийн ой тайрагдаж дуусахад
Хамгийн сүүлд Монголын Радио хятадаар мэндчилэхэд……………
Монголчууд нэгдэн нийлж тэмцэж чаддагүйнхээ горыг амсах болно
Монголчууд таван зуун жилийн настай хэмээсэн
Лев Гумалёвийн алдарт үгийг зүрхээрээ мэдрээд эхлэнээ “….

Ганга нуурыг маань хэн нэг хүн өмчилж би тийшээ алхах эрхгүй, хөвөөнд нь хэдэн цаг хэвтэе гэтэл өчнөөн төлбөр нэхээд байвал Дарьгангынхан яах вэ? Хэрлэнгийн шугуйд хэсэг англи хүн тосгон байгуулчихаад тэр хавийнхан морио ч услах эрхгүй болбол яах вэ? Завханыхан Отгон тэнгэрийнхээ рашаанд очдог. Нэг баян хужаа эзэмшчихсэн, Дундговийнхон их газрынхаа чулуунд очдог амеркийн нэг хөрөнгөтөн ирээд суучихсан, Өмнөговийнхон Ёлын аманд очдог Данийн нэг саятан сүвээгээ тулаад зогсож байдаг, Хөвсгөлийнхөн үзэсгэлэнт нуураа зориод очдог эргэн тойронд нь тор татаад Францын нэг тэрбумтан хэнийг ч оруулахгүй, дэлхийд том загасны үйлдвэр байгуулчихсан байвал яах вэ?. Чухам ийм үед л “эх орон, эсхүл үхэл“ гэдэг дайчин уриа цэрэг, дарга, архичин, малчин, хулгайч, зохиолч, гуталчин, эрдэмтэн, ,хөгшид өвгөд,охид хүүхнүүд хэний ч тархинд харван орж ирэх бөгөөд “гэргий минь би чамд өөрөөсөө илүү хайртай, эх орондоо чамаасаа илүү хайртай, чинийхээ төлөө өөрийгөө ч хайрлахгүй, эх орныхоо төлөө чамайг ч хайрлахгүй” гэсэн мөрүүд найрагчийн зүрхэнд аяндаа харван орж ирэх бөлгөө” . Их найрагч Дашбалбар агсан 25 жилийн тэртээ “Зохист аялгуу сонинд”ингэж бичжээ.

Нэг зуун мянган тонн баяжмалаа гаргаж тэрбум шахам долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн Оюу толгойн 130 сая долларын татварыг хөнгөлж 30 сая болгоод ч авч чадсангүй. Соубс Гоби З5 тэрбумын татвар төлөлгүй өршөөгдөж нутаг руугаа зугтав. Ингээд харийнхны өмнөөс ядарсан ард түмэн халаасаа тэмтэрч эхлэх энэ цаг дор Бороогийн ордыг ухаж 40 тонн алтыг ухаад байгаль сүйтгээд хөнгөлөлт эдлээд татвар төлөлгүй зугтсан тэр компанитайгаа нийлж Хүннүгийн алдарт Ноён уулыг ухахаар эрх баригчид зориг шулууджээ. “Бид удахгүй лобби хийж хуулийг өөрчлөх болно” хэмээн аархсан Джон Казаков хэмээх канад эрийн өмнө монголын төр сөхөрч хүслийг ёсоор болгов. “Сентерра гоулд “ л өгөхгүй бол Монгол нинжа нар ухаад сүйдлэх юм гэнэ дээ. Дээдсийн сүнс хорогдох Алдарт Ноён уулаа зорин очтол наана нь 7 км зайдуул ус ой мод нь там, түйрэн болоод хөрсөөрөө эргэчихсэн ус нь улаан шавраар урсаад цаад талд нь нэг баян, бүдүүн Канад эр сүвээгээ тулаад зам хаагаад зогсож байх нь ээ.Тэгээд бас Мандал сумынханд ажлын байр нэмэгдээд сум орон нь цэцэглэн хөгжих тухай үлгэрээ улиглана. Алтаа ухуулж, газраа төнхүүлээд ямар газар нутаг, хаана цэцэглэн хөгжөөв хэлээд өгөх хүн байна уу Өвөрхангайн Уянга сум, Өлтийн хөндий юу, Архангайн Цэнхэр сум уу, Төв аймгийн Заамар уу, Сэлэнгийн Гачуурт уу , Дорноговийн Улаанбадрах уу, Сэлэнгийн Ерөө юу, Тамсагийн хязгаар уу, Сүхбаатарын Дарьганга Эрдэнэцагаан сум уу ? үзээд өгье, “Хаана байна аа тэр диваажин чинь !”Алтны компаниуд ухсан газраа үлдэгдлийг нь нинжа нарт зарчихдаг тул сүйтгэлийн нэрийг нь муу нэртэй нинжа нар хүлээгээд хоцордог. Байгаль орчныг там болгож сүйдэлчхээд ашиг нь Сү.Батболдоос эхлээд ганц хоёрхон хүний түрийвч зузаалаад нутгийн түмэнд сохор зоосны ч ашиггүй улсад олигтой ч татвар төлөлгүй хөнгөлөлт эдлээд ухаж сэндийчсэн байгаль, бохирдож хордсон гол горхитой хоцордог гашуун түүх дэлгээтэй байгаагаа орон нутгийнхан, хүмүүс тэмцээд байгааг ойлгоход уг нь тахианы тархи ч хангалттай./Байгаль сүйтгээд зугтсан компаниудын жагсаалтыг хавсралтаас үзээрэй/ Тэр жил Тамсагийн талыг там болгосон харийнхан, хүнд даацын өрөмдлөгийн машинууд Хэрлэнгийн хөдөө арал дээдсийн өлгий газар шороон дээгүүр Оросын хот тосгонд цөмрөн орсон Немцийн танкууд лугаа тэнгэр тулсан тоос шороо босгож, хар утаа хаялуулан сүлжилдээд эхэлж билээ. Энэ үед нутгийн ардууд нутгийн аваргатай хүч хамтран тэмцэн байж хөөж явуулж чадсан. Гачууртын хар усан тохойд Солонгосууд бүтэн 10 аад га газрын хөрсийг хуулж мот бутыг нь булга татан авахад эх дэлхий хөрс шороо нь уйлах мэт усаар шүүрч байсан түүх хуучраагүй. Мөн л Солонгосууд тэр чигээр нь хаяад зугтсан. Дарьганга нутаг хятадуудын хөлд дарагдаад эх орны баялгийг өдөр шөнөгүй урагш зөөж зээр гөрөөс тал шиг цайвартаж байсан тал там болоод ундны усны эх дээр хятадууд эзэн суугаад хүн мал нь ангаж, Францын нэг компани нутгийнх нь 20 хувийг эзлээд, тахилгат Зотол хаан уулыг нь хүртэл өөрийн болгочхоод байхад нөгөө Дарьгангын найрагч Мэнд-Ооёо, алдарт дууч Чимэдцэеэ нь хаа явна. Архангайн Цэнхэр, Өвөрхангайн Уянгад “Эрэл” “Монгол газар” компани уулыг там болгож сөнөсөн ертөнц болгоод орхив Намтар түүхтэй Орхон гол хортой улаан шавраар урсаж байхад “Миний нутагт өссөн бүргэд хүний газар ясаа тавьдаггүй” хэмээн яруу уншдаг Өвөрхангайн яруу найрагч Ичинхорлоо, суут хөгжимч Жанцанноров та хаана байна. Эх оронч яруу найрагч ардын уран зохиолч Сүрэнжав, Боржигоны бор талын Бавуугийн Лхагвасүрэн ч чимээгүй Дорноговийн Улаанбадрахад уран ухаад мал амьтан үхээд байхад Морьд эргэсэн наадмын Дурдан тоосоор дээлээ гоёдог Монгол гэсэн зургаан үсэгтэй Бурхан нэрээр нь дэлхийд гоёдог хэмээн үдэш болгон зурагтаар уянга яруу уншаад соёлын гавьяат зүтгэлтэн Ш. Гүрбазар Балжирын Догмид Арлааны Эрдэнэ очир хаа байна аа. Ардын уран зохиолч Галсан, төрийн шагналт Бавуудорж олон алдартнууд хаана явна аа.

Хотын тохилог хороололд дөрвөн хананыхаа дунд эх орондоо хайртайгаа, төрсөн нутаг уул усаа бэтгэртлээ санаж буйгаа гонгиносоор суух ажээ. Эрх баригчдын сүжирч хөл алддаг гадаадын уул уурхайн хөрөнгө оруулагч нарын зорилго нь орчин үеийн технологи, орчин үеийн тоног төхөөрөмж авчраад бүх хөнгөлөлтийг эдлээд жил, сар, өдөр, хоног, минут секундтэй уралдаж цахилгаан дайн мэт ажиллаж баялгийг хурдан ухаж гаргаад асар богино хугацаанд зөөж дуусгаад үтэр түргэн арилж өгөх л зорилготой. Тэдэнд дэд бүтэц, хот тосгон, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ногоон байгууламж огтоос падлийгүй. Тэдэнд Монголын ирээдүй “түй” ч хамаагүй Тэдэнд баялаг бүтээх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн, ажлын байр, өндөр цалин хөлс, хуцваа л байна. Тэдэнд байгалийг хуучнаар нь нөхөн сэргээх, эко технологи ёстой яршиг л байна.Тэдэнд газрын гүний ус дуусах, бохирдох, хүн мал нь ундаасах, хордох огтхон ч хүртээлгүй. Сендвичин барилга эсгий гэр, майхан хотхон байхад л хангалттай, Үүний тулд хуулийн цоорхой ашиглаж бүх төрлийн хөнгөлөлт эдлээд, эрх баригчдад нь харин тултал хахууль өгөхөд хангалттай. Өгсөн авсан хоёрыг хоёуланг шийтгэдэг авилгалын нэн таатай орчинтой оронд энэ юутай завшаан. Дор хаяж Америкт тансаг хаус авах хэмжээний мөнгийг нь шийдэх хэрэгтэй. Офшор дансанд нь сая доллараас дээш шилжүүлэхэд л хангалттай. Сум багийн засаг даргыг хүртэл хахуульдах ганцхан алтан дүрэм л тэдэнд үйлчилдэг. Дараа нь нөхөд тэдний өөдөөс чанга ч дуугарах эрхгүй “амьтан” болно. Хүссэн хүсээгүй тэдний хөлсний менежер болно. Бүх орлого зарлага төлбөр тооцоогоо ганц центээ ч Монголд биш гадаадын банкаар дамжиж хийгдэх учиртай. Африкийн, өмнөд Амеркийн буурай орныг Киргизийг тонож дээрэмдсэн бүх түүхэн замнал нь энэ юм. Эрх баригчдын үйлдсэн олон улсын шүүхээр шийдэгдсэн 100 сая долларын өрийг Чалкогын өрийг, бас Жастын Батхүүгийн Стандарт банкнаас зувчуулсан 160 сая долларын өрийг ард түмэн төлнө. Өнгөрсөн хугацаанд дампууруулсан банкнуудын, казинодсон хохирлуудыг бүгдийг ард түмэн,татвар төлөгчид төлсөн Харж байна уу? “ Энэ популистууд” “Хараал идсэн эх орончид” л улс орныг сүйрүүлж дууслаа хэмээн хаалтын гэрээтэй хэвлэлүүд эрх баригчдыг өмөөрч турлиах мэт шаагилдана.

Оюутолгойтой 300 гаруй компани хамтран ажилладаг 1200 гаруй туслан гүйцэтгэдэг компанийн бүх ажилчид энэ хэдэн популистуудаас, Ганбаатар, Уянга,Даваасүрэн Жавхлан Мөнхбаяр нараас болж бүгд ажилгүй болсон юм гэнэ дээ.Төрөөс төрсөн тэрбумтнуудыг өмөөрч хэвлэлүүд “Баячуудыг үзэн ядах үзэл хэрээс хэтэрлээ” гэж чаралцгаана. Аварга том экскватор оруулж ирээд баялгийг ухаж, шанагадаад, вогонд ачаад тэр чигт нь Хятад руу гаргахыг хөрөнгө оруулалт гэх үү “Говь” ноолуурын үйлдвэр, Хивсний үйлдвэр, Ширэм ган хайлуулж, Хар төмөрлөгийн үйлдвэрийг байгуулж, Нүүрсийг гүн боловсруулж,Нефтийн үйлдвэр байгуулж, Дархан, Эрдэнэт, Бор өндөр, Хөтөл хотыг цогцлуулсан түүхийг хөрөнгө оруулалт гэх үү ялгаа их байгааг төрд байгаа олигархуудад ойлгуулахад туйлын хэцүү. Зэсийн баяжмалыг тонныг нь 6000 доллараар гаргаснаас зэс утас, зэс хавтан эцсийн бүтээгдэхүүн болгож нэмүү өртөг шингээгээд Эрдэнэт хот шиг хот босгоод зуун мянган ажлын байр бий болгоод баялаг бүтээгээд тонныг нь 18000 доллараар экспортлох хоёрын ялгааг яаж ч тайлбарлаад нэмэргүй хийгээд харин популистууд шантаажчин хэмээх нэр хоч зүүх ажээ.

Харин тэд өөрсдөдөө тэрбумаар ашиг олохын тулд хууль гаргуулж үнэхээр чадаж байгаа. Тэд онцгой албан татварт долларын ханшийг өөрсдөдөө 1450 аар тогтоож хууль батлуулж чадлаа. Дундаас нь 70 тэрбумын ашиг олох боломж өөрсдөдөө гаргав. Нийслэлийг утаанаас салгана гээд 200 тэрбумыг үрэв. Хог боловсруулах үйлдвэр барина гээд Улаан чулуутын хогийн цэг дээр 3,5 сая доллар булав. Хийн түлшинд шилжүүлнэ гээд бүх автобусыг тоноглож 3,5 тэрбум төгрөг хийсгэв. Балгас болсон 17 тэрбумын эмнэлэг, Балгас болгосон 17 тэрбумын утаагүй түлшний үйлдвэр, нэг гэр бүлд зориулж зөвлөгөө авахаар бэлэглэх 17 тэрбумын өглөг цаашлаад хэдэн арван их наядаар төсөв зарж царцаасан 249 барилгууд бүгдэд нь авлига нэвт шингээж бодит төсвийг нь хэдэн арав, бүр зуун хувиар өсгөдөг агаад дор бүрдээ сүйтгэл дагуулж их мөнгө булж байна.

Тэгээд дахин их мөнгө нэхэж байна.Амандаа багтсан тоо хэлж \17 тэрбум тэр үеийн ханшаар 10 сая доллар\ авилгаа тооцож ханшийг өсгөөд татвар төлөгчийн мөнгөөр гараа угааж эдийн засгийг сүйрүүлж, хямруулж байна. Хөшигтийн хөндийн нисэх буудал 245 сая доллараар босгоно гээд тохирч ажлаа эхэлсэн компани бүр болиод 320 сая долларыг нэмж өгөхгүй бол бүтэхгүй гээд эхэллээ. Яам 8 тэрбумаар барихаар тохирсон 200 ортой түлэнхийн эмнэлгийн барилгыг хоёр жилийн дараа төсвийг өсгөөд 21 тэрбум болгоод ирж байх жишээтэй. Нэгэнт баригдаад дууссан төрийн тусгай хамгаалалтын эмнэлгийн байрыг буцааж сэргээхэд мөн л 21 тэрбумыг сайд нь яриад явж байна.. Энэ 17 бас 21 гэсэн тоо их ид шидтэй тоо байна. Ганц байшинд\ капитал биш\ засвар хийхийн тулд яам 6 тэрбум төгрөг төрөөс нэхэж балайрахыг харж байна. Хоёр эмнэлэг барих хэмжээний мөнгө. Хэдэн стол, ширээ, цеф зөөвөрлөхийн тулд төрөөс 600 сая төгрөг нэхэж элийрч байна. Нүүлгэлтийн компаниас ханшийг сонирхоход 6 сая төгрөгт багтаах тухай хэлж байна. Төрийн тансаглал хэрээс хэтэрч улайрсан нөхөд төрд шургалжээ. Арваад жилийн өмнө Чингисийн талбайг боржиндох ажлыг тэр үеийн ханшаар 1.5 тэрбумаар Монголын захын компани хийх ажлыг 3.5 тэрбумаар Хятадуудаар хийлгэсэн, тэр үеийн ханшаар барилгын компани 8 тэрбумаар бүтээж босгох Чингисийн цогцолборыг 24 тэрбумаар хийлгэж байсан түүхтэй авилгажсан төсөв, улам хүрээгээ тэлж дийлдэх аргагүй болжээ.

Төр өөрөө бизнес хийж ашгийг нь хэдэн дарга нар хүртэх гэж дайрч улангасаад хямралд хүргээд байна. Газрыг 100 жилээр гадныханд түрээслүүлнэ гээд хууль санаачлаад ирж байгаа нөхдийг юу гэхэв. Шинжлэх ухаанаа үгүй хийх гээд зүтгэсэн нөхдийг яахав. Приус машинаас татвар авна гээд зүтгэв. Таван толгойн гэрээний төсөл аюул дагуулж эхэллээ. Ард түмэн яаж хүлээж авах бол гэсэн бодол, мэдрэмж, оюуны чадамж ч алга. Харвард, Оксфорд төгссөн гэж хуцахаас өөр юу ч алга. Эцэг өвгөдийн үлдээсэн эрдэнэсийн өв Оюутолгойг гадныханд ашигтай монголдоо ашиггүй гэрээ хийчхээд, долоон буудлын чавганцад ч ойлгогдохоор энгийн логик дүгнэлтийн эсрэг тэдний өмнөөс уяаны ноход нь мэт аяглаж хорин мянган хувьсагч ярьж элийрч балайрахыг ард түмэн үзэхээрээ нэг болж залхлаа. Эрдэнэтээс 4 дахин ордыг ашиглаж Эрдэнэтээс 4 дахин бага татвар төлөхөөр гэрээнд тусгасан. Оюутолгой өдөрт 60 сая төгрөгийн эрчим хүч Хятадаас авч байна Монголоос авч болоогүй юм уу. Нэгэнт хийчихсэн гэрээ, хөдөлчихсөн галт тэрэгнийхээ араас 17 тэрбум төгрөг зарж авгай нөхөр хоёроос зөвлөгөө авах юм гэнэ.Таван толгойг Оюутолгойн араас явуулах шинжиндээ орлоо. Баабарын хэлснээр: Хохь нь ээ Та нарын сонгосон 76 чинь, сонгосон төр чинь энэ шүү дээ хэмээн ард түмнийг тавлах хэр зохимжтойг мэдэхгүй. Энэ намууд ердөө терменаторийн\эвдэн сүйтгэгч\ үүрэг гүйцэтгэж засаглалын систем өөрөө мухардалд ороод байна.

Уг нь Монголд олон давуу талууд байна аа. Агуу их газар нутаг бидэнд байна. Аялал жуулчлалын үзэсгэлэнт байгаль дэлхийг донсолгосон хосгүй их түүх бидэнд байна. Хөрсөн доор агуу их баялаг эрдэнэс байна. 50 сая мал сүрэг байна. Жилд 7000 тонн ноолуурын нөөц байна. Агуу их хоёр хөрш, хоёр их зах зээл байна. Цуутай тамирчид урлаг соёлын алдартнууд, эрдэмтэн мэргэд байна. Авьяаслаг эрч хүчтэй боловсролтой хөдөлмөрч ард түмэн байна.Хүн амын ихэнх нь залуучууд байна.Цунами хар салхи үер усны гай гамшиг холуур байна. Шашин омог хоорондын зөрчил алга. Жаахан л зөв залахад Монголчууд хөл дээрээ босчих хөрвөх чадвартай ард түмэн Төрийн дарамтан доор хувийн компаниуд баялаг бүтээж зүтгээд л байна. Цементийн үйлдвэрүүд шинээр баригдаж дотоодоо бүрэн хангах хэмжээнд очлоо Хайгуулын гүний өрөмдлөгүүдийг Монголчууд өөрсдөө хийдэг болж сая доллараар нэг өрөмдлөг хийж байсан Хятадын компаниудыг шахаж гаргалаа Ган, ширэм хайлуулах үйлдвэр Эрдэнэтэд байгууллаа “Эрдмин”үйлдвэрээс хавтан, зэс утас үйлдвэрлэж байна. Үр тариагаа дотооддоо бүрэн тариалж эхэллээ. Тайж групп үхрийн махан консерв хийж Оросын зах зээл рүү өдөрт 40000 ширхгийг Газпромд нийлүүлж байна. “Баялаг эрдэнэ цом ”Дэрстолгой” компани нөгөө яригддаг улигт утаагүй түлш кокс өдөрт 100 тонноор үйлдвэрлэж эхэллээ.“Саанко Соолар” “Мон Шибасаки” зэрэг компаниуд Япон улсын захиалгаар Роботын эд анги болон автомашины эд анги үйлдвэрлэж Япон руу гаргаж эхэлллээ. Монгол инженерүүд Экобус, троллейбус үйлдвэрлээд нийслэлд явж байна. Гадаадын захиалгаар “Боинг” онгоцыг монгол инженерүүд засварлаж байна.Ноолуурын үйлдвэрүүд 700 тонн ноолуур боловсруулж хувцас хийж гадаад руу гаргаж байна. Нохой гутлыг Оросын Сибирээс 10000 ширхэгийг захиалж байна. Бельгээс монголд үйлдвэрлэсэн элгэн шаахайг ширхгийг нь 9 еврогоор үнэлж 100000 ширхгийг захиалсан байгаа.”Шумахер” гутлын үйлдвэр Герман технологиор өндөр чанарын ковбой гутал үйлдвэрлэж экспортод гаргалаа. Монгол үнээний сүүгээр хийсэн Голланд бяслагийн гадаад захиалга хэдэн арван тонноор яригдаж байхад, Монгол ямааны хуурайшуулсан сүү Сингапурт кг нь 25-30 доллараар зарагдах бололцоотой байна. Монгол чацаргана дэлхийн брэнд болох ирээдүй байгаа. Эрдэмтэд, инженерүүд цахилгаан хэмнэдэг халаалтын шинэ техник технологи оруулж ирлээ, Доктор Баярын бүтээсэн Эрчим хүч хэмнэдэг шинэ технологийг төр тоохгүй байхад гаднынхан сонирхож эхэлжээ. Эрдэмтэд хорт хавдрын эсрэг эм бэлдмэл гаргаж аваад олон улсын патент авлаа.

Уг нь уул ухахгүйгээр хөгжих боломж байна аа. Хувийн эрх ашиг нь цаг ямагт нэгдүгээрт тавигдсан бүх насаараа төрийн эрх барих хүсэлтэй, эрх баригчид л асуудал үүсгээд, уул ухаж алт хайхыг урьтал болгоод авилгад идэгдсэн төр өөрөө хамаг бэрхшээл болоод байна. Ингээд Монгол улс 40 хувийн ядууралтай 11 тэрбум долларын гадаад өртэй ээмэг, бөгжөө төрдөө хандивлах тухай балайраад сууж байх юм. Засаглалын механизмаа өөрчлөх шаардлага байна аа. Машины мотор доголдоод буруу горимоор ажиллаж унтрах гээд байна .

Холбоотой мэдээ