АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нар аюулгүй байдлын асуудлаар нягт хамтран ажиллахаа амлалаа гэж Цагаан ордон мэдээлсэн байна.
Ж.Байден Японд айлчилж буй бөгөөд хоёр улсын удирдагчид өнөөдөр хэлэлцээ хийсэн юм.
“АНУ, Японы удирдагчид “БНАСАУ-ын цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөр, олон улсын хууль тогтоомжид харшилж буй Хятадын үйл ажиллагаа” зэрэг аюулгүй байдлын асуудлуудыг шийдвэрлэхэд нягт хамтран ажиллахаа амлалаа” гэж хоёр орны удирдагчдын уулзалтын дараа гаргасан Цагаан ордны хэвлэлийн мэдээнд дурдсан байна.
Талууд мөн “шинэ технологи, нийлүүлэлтийн аюулгүй гинжин хэлхээ, цэвэр эрчим хүч” зэрэг салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал нь Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн байдалд оролцоогоо бэхжүүлэх Вашингтоны эрмэлзлийг харуулж байна гэж Японы Ерөнхий сайд хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
“Ж.Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар анхны айлчлалаа Японд хийж буйд би баяртай байна. Америк улс бол эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг өөрчлөгдөшгүй үнэт зүйлсийг хуваалцдаг Японы цорын ганц холбоотон юм. АНУ-тай эвсэх нь манай аюулгүй байдлын бодлогын тулгын гурван чулууны нэг юм. Япон-АНУ-ын дээд хэмжээний уулзалт нь урьд өмнө хэзээ ч байгаагүй чухал хоёр утгатай” гэж К.Фүмио хэлжээ.
Түүний хэлснээр, “тэдгээрийн нэг нь бид Украины хямралтай тулгарсан явдал юм”. “Одоо манай хоёр улсын эв нэгдэл урьд өмнөхөөсөө илүү хэрэгтэй байна. Өөр нэг утга учир нь Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг хангах явдал юм. Үүнд Япон, АНУ тэргүүлэх үүрэг гүйцэтгэх ёстой. Энэ утгаараа Ерөнхийлөгч Байдены айлчлал энэ бүс нутагт оролцоогоо үргэлжлүүлэн бэхжүүлэх АНУ-ын зорилгыг тодорхой харуулж байгааг би өндрөөр үнэлж байна” гэж Японы Ерөнхий сайд хэлсэн байна.
Ж.Байден ням гарагт Японд хүрэлцэн ирсэн боловч айлчлалын албан ёсны хэсэг даваа гарагт эхэлжээ. Өнөөдөр тэрбээр Японы эзэн хаанд бараалхсан юм.
0 cэтгэгдэлтэй