Нийслэлийн онцгой байдлын алба хаагч нас барсантай холбоотой ар гэрээс нь мэдээлэл хийсэн. Тэгвэл хариу тайлбарыг талийгаачийн найз охин Ж.Одгэрэл өглөө.
Талийгаачийн найз охин Ж.Одгэрэл: Нөхрийн минь ар гэрээс хийсэн мэдээллийг сонсоод үнэхээр цочирдлоо. Сэтгэл санаа хямарлаа. Намайг танихгүй гэж хэлж байгаа нь худлаа. Нөхрийг минь амьд сэрүүн байхад намайг мэддэг байсан.
Нөхөр минь нэг ч удаа амьдарч үзээгүй газарт зулыг нь асааж, зургийг нь тавьсан. Эхнээсээ л намайг ад үзэж, нас барснаас нь хойш дарамталсан. Намайг одон медалийг нь булаасан гэж ярьсан. Үнэндээ энэ медалийг хар хайрцганд хийгээд шүүгээндээ хийсэн байсан юм. Тэрийг нь би санаад одон медалийг нь гаргаад ОБЕГ-т өгч ажил явдалд нь ашиглуулсан. Энэ одон медалиуд бүгд манай гэрт байсан юм. Над руу энэ одон медалийг авч шидэхдээ намайг ахын минь толгойг залгисан гэж хэлж, аяга таваг авч шидсэн.
Намайг бас жирэмсэн биш гэж хэлсэн байна. Би одоо дөрвөн сартай жирэмсэн. Бид хоёр хамт хяналтдаа орж, жирэмсний ягаан дэвтрээ нээлгэсэн байгаа. Нөхөр бид хоёр арван жилийн нэг анги. Эхний амьдрал минь бүтэлгүйтсэн. Үүнийг яриад намайг муулаад ярьж байхын оронд бусдын буруугаас болж нас барсан хүүгийнхээ амийг нэхэх ёстой. Тэгж ч мэдээлэл хийх байх гэж харж байтал намайг буруутгасаар байгаад дууслаа.
Бид хоёрын хамтын амьдрал, хайрын баталгаа болсон хүүхдийг үгүйсгэж байгаад маш их гомдолтой байна. Ар гэр нь ОБЕГ-тай тохирч хэргийг нуун дарах гэж байна. Харин би энэ хэргийг ил гаргах хүсэлтэй байна. Би өөрийнхөө төлөө биш үлдэх үр хүүхдийнхээ төлөө, аавынх нь нэрийг сэргээх гэж явж байгаа шүү.
Би цагдаагийн байгууллагад итгэхгүй байгаа, харин прокурорт итгэж байна. Камерын бичлэгийг ил болговол үхлийн шалтгаан ил болно, үнэн зөв шийдэгдэнэ. 49 хоног хүлээнэ гэвэл цаг хугацаа алдах болно. Ийм зүйл дээр байж болохгүй.
Өмгөөлөгч Л.Баттогтох: Үйлчлүүлэгч минь гурван хоногийн өмнө эрх зүйн тусламж авахаар холбогдсон. Түүнд суулт хийх гурван шалтгаан байсан. Нэгд, нөхрийнхөө нэр төрийг сэргээх. Хоёрт, буруутай этгээдүүд ажлаа хийж байвал түр түдгэлзүүлэх. Гуравт, хэрэг болсон өдрийн камерын бичлэгийг ил болгох.
Миний хувьд мөрдөн байцаах ажиллагааны нууц задрах учир бичлэгийг ил болгох боломжгүй гэдгийг тайлбарлаж өгсөн. Мөн нэгэнт хэрэг бүртгэлийн ажиллагаа эхэлсэн бол прокурорын газраас ажлаас түдгэлзүүлэх асуудлыг шийднэ гэж хэлсэн. Жирэмсэн учраас үр хүүхдээ бодож, суултаа зогсоо гэж зөвлөсний үндсэн дээр Ж.Одгэрэл суултаа зогсоогоод байна.
ОБЕГ-аас гурван хоногийн дараа хариу өгнө гэж хэлсэн. Хариуцлага тооцох асуудлыг ярилцаж хариу өгөх юм. Талийгаачийн ар гэрээс хийсэн мэдээллийг харахад тэд гурван зүйлийг хэлсэн.
Нэгд, сошиалаар сэвж байгаа нь гүтгэлгийн шинж чанартай. Хоёрт, Ж.Одгэрэлийг жирэмслэх боломжгүй. Гуравт, ар гэрт нь танхайрсан гэсэн байсан. Үүнд тайлбар өгөхөд, одон медаль булаах нөхцөл байхгүй. Угаасаа одон медаль нь Ж.Одгэрэлийн гэрт байсан. Мөн үйлчлүүлэгчийг хорт хавдартай гэж хэлсэн нь хувь хүний нууцыг олон нийтэд ил болгож, хууль зөрчсөн харагдаж байна.
Нийслэлийн онцгой байдлын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад тогонд цохиулж нас барсан хэрэг гарсан. Уг хэрэгтэй холбогдуулан талийгаачийн найз охин Ж.Одгэрэл цагдаагийн байгууллагын албан тушаалтнуудыг баримт устгасан, талийгаачийг ажил үүргээ гүйцэтгэж явах үеийн камерын бичлэгийг ил болго хэмээн мэдээлэл хийж, суулт зарласан. Тэгвэл тус хэрэгтэй холбогдуулан талийгаачийн ар гэрээс мэдээлэл хийлээ.
Талийгаачийн төрсөн ах Э.Мөнх-Эрдэнэ: Бид бүгдийг доромжилсон асуудал гарч байна. Бидний ээж, аав, ах дүү нар хүнээ алдаж хүнд хохирол амслаа. Гэтэл Ж.Одгэрэл хэмээх эмэгтэй бидэнтэй өмнө огт уулзаж байгаагүй, дүүгээ өнгөрснийг мэдээд очиход энэ охиныг харсан. Энэ хүн бид бүгдийг хэцүү байдалд оруулж байна.
Талийгаачийн цогцос таниулах явцад би нагац ахтайгаа, тэр бүсгүйтэй гурвуулаа орсон. Хуулийн байгууллагаас эмэгтэй хүн бас ээж аавыг нь оруулахгүй байхыг хүссэн. Тэгээд бид гурав дүүгээ харчихаад л гарсан.
Гэтэл тэрээр бүтэн биеэр нь харсан мэтээр цацаж байна. Гол нь ээж аав, ах дүүгээсээ бид талийгаачийн цогцсыг нуусан байсан. Энэ бүгдийг тэрээр маш муухайгаар хэлсэн. Тэрнээс болж бидний эцэг, эх хүүгээ ямар байр байдалтай үхсэнийг мэдээгүй байж байгаад мэдээд гүн шоконд орсон. Энэ эмэгтэйг яагаад ийм асуудал тавиад яваад байгааг ойлгохгүй байгаа, гомдолтой байна. Биднийг дайрч доромжилсон, энэ бүх баримт нь байгаа. Тиймээс энэ эмэгтэйг цагдаад өгч шалгуулах болно.
Талийгаачийн төрсөн дүү Э.Нандинцэцэг: Ж.Одгэрэл гэх бүсгүй биднийг сошиалаар доромжиллоо. Ах минь найз охинтой болсон гэж хоёр сарын өмнө надад хэлж байсан ч манайхнаас хэн нь ч хараагүй байсан. Энэ бүсгүйг гэрт минь ирээд ээж аав хоёрт минь эмгэнэл илэрхийлээд, түшээд суух болов уу гэтэл тэгсэнгүй. Сошиалаар дайрч байгаа нь ээж, аавд минь хүнд туссан.
Тэр эмэгтэйг зодсон, одон медалийг нь шидсэн, хэрэггүй төмөр гэсэнд залруулга хийе. Бид тэгээгүй. Энэ бүсгүй манайд орж ирээд буянд нь өгсөн мөнгөө эргүүлж авъя гэхэд ээж мөнгийг нь буцааж өгсөн. Гэтэл шууд ахын минь хөрөг рүү дайраад одон медалийг нь аваад зугтсан. Аав минь бараг ухаан алдаж унах шахаад, хүүгийнхээ одон медалиар бахархъя гэж уйлаад үлдсэн. Энэ бүхнийг хууль ёсны байгууллагууд албан ёсоор үнэн зөвийг нь тодруулж өгөхийг хүсэж байна.
Өмгөөлөгч Г.Оюунцэцэг: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүртгэлийн шатанд явагдаж байна. Үүн дээр ямар нэг албан тушаалтан, ямар нэг байгууллагаас хэргийг хаах гэсэн, хэрэгт нөлөөлөх гэсэн, албан тушаалтнуудыг буруушаасан зэрэг асуудлууд тодорхой болоогүй байна.
Амь хохирогчийн амь хохирсон асуудалтай холбоотой шинжээчийн дүгнэлт, мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсны дараа бүх зүйл тодорхой болно. Бид тэр буруутай, энэ буруутай гэж сэжиг таамгаар ярих нь боломжгүй. Үүнийг холбогдох байгууллагууд тодорхой болгоно. Энэ хэргийг шударгаар тодруулах байх гэж найдаж байна.
Ар гэр нь тохирсон, мөнгө авсан гэж Ж.Одгэрэл яриад байгаа нь үндэсгүй. Мөн камерын бичлэгийг албаны хүмүүс устгасан, хэрэгт зүй бусаар нөлөөлж байна гэдэг асуудлыг ярьсан. Үүн дээр бид шаардлага тавьж тодруулахад баримт устгасан зүйл байхгүй гэдэг хариуг цагдаагийн байгууллагаас өгсөн.
Өмнө нь тэрээр жирэмслэх боломжгүй болсон гэж мэдээлсэн юм байна. Гэтэл одоо жирэмсэн гээд яваад байгаад ар гэрийнхэн нь эргэлзэж байна. Хэргийн албан ёсны хохирогчоор талийгаачийн ээж тогтоогдсон. Энэ хүн хувиараа албаны журмаар хохирогч гэдэг хүсэлтээ тавихгүй сошиалаар ингээд байгаа нь нийгмийн сэтгэл зүйг өөрт ашигтайгаар эргүүлж байна гэж хардаж байна.
Энэ талаар талийгаачийн найз охин Ж.Одгэрэлтэй холбогдож тодруулахад “Нөхрийн минь ар гэрээс хийсэн мэдэгдлийг сонслоо. Би хариу мэдэгдлийг өмгөөлөгчтэйгөө хамт хийх болно. Жирэмсэн болохоор гадаа мэдээлэл өгөх, бас сэтгүүлчдийг гадаа зогсоогоод байх хэцүү шүү дээ. Миний бие бас хүнд байна. Хэвлэлийн хурал хийж, хариу тайлбар өгөх болно” гэлээ.
Мөн уг асуудалтай холбогдуулан Онцгой байдлын Ерөнхий газраас 15.00 цагт мэдээлэл хийх юм байна.
Эх сурвалж: Itoim.mn
0 cэтгэгдэлтэй