Ким Жон Ун хамгийн хүчтэй баллистик пуужингаа амжилттай туршсаныг зарлажээ

2022-03-25 75 0

Пүрэв гарагт Умард Солонгосын дэглэм тив алгасагч баллистик пуужин туршсан тухай Өмнөд Солонгос, Японы албан эх сурвалжууд мэдээлж байв.

Тэгвэл өнөөдөр Пёньяны төв хэвлэл ийм зэвсэг амжилттай туршсан тухай мэдээлжээ.

Хвасон-17 нэртэй шинэ баллистик пуужингийн туршилтыг Ким Жон Ун өөрөө гардан удирдаж, дараа нь “АНУ-ын империалистуудтай урт хугацаанд тэмцэх бүрэн бэлтгэлтэй болсон” тухайгаа зарласныг уг мэдээнд өгүүлсэн байна.

Ким Жон Ун “галлаад!” гэж команд өгсний дараа пуужин 6,200 км өндөрт хүрснийхээ дараа 1,090 км зайтай зүүн тэнгисийн усанд туссан тухай бас мэдээлжээ.

Умард Солонгосын дэглэм баллистик пуужингаа хамгийн сүүлд 2017 онд туршиж байсан юм. Энэ туршилтын дараа НҮБ тус улсад эдийн засгийн хориг зарлаж, дахин туршихыг нь хориглож байжээ.

Энэ удаагийн туршилт Украинд дайн ид өрнөж, Өмнөд Солонгост илүү хатуу чиг бодлоготой ерөнхийлөгч сонгогдсон цаг үед тохиож байна.
Шинэ пуужинг Пёньяны ойролцоох Сунаны агаарын баазаас бараг эгц босоо өнцгөөр харважээ. Тиймээс пуужин нэлээд өндөрт хүрсэн ч ойр зайд туссан байна.

Хэрвээ нислэгийн траекторыг нь тохируулбал 13,000 км хүртэл зайд тусах чадвартай гэнэ. Энэ нь АНУ-ын эх газарт цохилт өгөх чадвартай гэсэн үг юм.

2017 онд туршсан Хвасон-15 баллистик пуужин 4,500 км өндөрт хүрч, 960 км зайд тусаж байжээ.

Дөрөвдүгээр сарын 15-нд тохиох Умард Солонгосыг үндэслэгч Ким Ил Суны мэндэлсэн өдрөөс өмнө Ким Жон Ун дахин нэг туршилт зохион байгуулах магадлалтайг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Ингэхдээ илүү алс зайд буюу Японы арлуудыг давуулан харваж болзошгүй гэнэ.

Пүрэв гарагийн туршилтыг буруутгасан мэдэгдлийг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин, Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида нар гаргаад байна.

Холбоотой мэдээ