Сүрьеэгийн халдвар авах хүүхдийн тоо нэмэгдэж байна

2022-01-12 130 0

ДЭМБ-аас 2021 онд Монгол Улсыг сүрьеэгийн дарамт өндөртэй 30 улсын нэгээр зарласан. Энэ дүгнэлтийг манай улсад 2014-2015 онд хийсэн сүрьеэгийн тархалтыг тогтоох судалгааны үр дүнд үндэслэн гаргажээ.

Монгол Улс цөөн хүн амтай ч 100 мянган хүн амд тохиолдох сүрьеэгийн өвчлөл нь 428 буюу тархалт өндөртэй Зүүн өмнөд Азийн Индонез, Камбож, Филиппин зэрэг буурай хөгжилтэй орнууд, БНХАУ, Мьянмар болон Африкийн орнуудын түвшинд байна.

Манай улсын хувьд сүрьеэгийн халдварын тархалт бүх насныханд жигд өндөр байна. Гэхдээ 2021 оны III улирлын мэдээгээр шинээр сүрьеэгийн халдвар авсан иргэдийг насны бүлгээр нь авч үзвэл 23.3 буюу хамгийн үлэмж хувийг 25-34 насныхан эзэлж байна. 0-14 насны хүүхдүүд халдварт өртсөн байдал дээрх хугацаанд 12.3 хувьд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 0.4 хувиар өссөн үзүүлэлт.

“Залуу хүмүүсийн дунд сүрьеэгийн тархалт их байгаа нь халдвар нийгэмд маш идэвхтэй байгааг илтгэдэг. Харин сүрьеэгийн өвчлөл багатай өндөр хөгжилтэй орнуудад өндөр настнууд нь илүүтэй өвчилдөг” гэж ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт, судалгааны албаны тархвар судлаач эмч Б.Цолмон ярьсан.

Улсын хэмжээнд сүрьеэгийн эмч, сувилагч нарыг ковидын эмчилгээнд дайчилж, халдвар илрүүлэх рентген оношилгооны аппаратуудыг нь улаан бүс рүү шилжүүлжээ.

Сүүлийн хоёр жилд эрүүл мэндийн салбарынхан гол хүчээ коронавирусийн халдварын тархалтыг бууруулахад зарцуулснаас сүрьеэ мартагджээ. Улсын хэмжээнд сүрьеэгийн эмч, сувилагч нарыг ковидын эмчилгээнд дайчилж, халдвар илрүүлэх рентген оношилгооны аппаратуудыг нь улаан бүс рүү шилжүүлжээ. Мөн өнгөрсөн онд хэд хэдэн удаагийн хөл хорио тавьснаар аймаг, нийслэл, сумдад сүрьеэгийн илрүүлэг судалгаа ч орхигдсон байна.

2021 оны эхний есөн сарын мэдээгээр сүрьеэгийн 1735 тохиолдол бүртгэгдсэний 1103 буюу 63.6 хувь нь Улаанбаатарт, 607 нь аймаг, сумдад, 35 нь хорих байгууллагуудад бүртгэгдсэн. Улсын хэмжээнд 2019 онд сүрьеэгийн 3624, 2020 онд 3329 шинэ тохиолдлыг илрүүлжээ. Харин 2021 онд халдвар өмнөх онуудаас буурсан мэт харагдаж буй ч ковидын улмаас сүрьеэгийн тандалт, судалгааны ажил бүрэн зогссоныг санах хэрэгтэй.

Сүрьеэгийн халдварт өртөж буй иргэдийн дунд эзлэх хүүхдийн тоо мөн жил ирэх тусам анхаарал татахуйцаар өсөж байна. Тухайлбал, 2020 онд халдвар авсан иргэдийн 11.9 хувь нь 0-14 насны хүүхэд байсан бол 2021 оны эхний есөн сарын мэдээгээр нийт халдварын 12.3 хувийг 0-14 насны хүүхэд эзэлж байна.

2021 оны халдварын тоо өмнөхөөс буурсан мэт дүн гарсан нь халдвар бодитоор буурсан үзүүлэлт биш бөгөөд тархалт нийгэмд эрчимтэй нэмэгдэж байгааг мэргэжлийн эмч нар хүлээн зөвшөөрч, сэтгэл зовинож буй юм. Сүрьеэгийн халдвар ханиад томууны адил амьсгалж буй агаараар дамжин халдварладаг бөгөөд хөгжсөн улс орнуудын хувьд устсан өвчин гэдэг.

Манай улс 1924 оноос эхлэн сүрьеэтэй тэмцэж эхэлжээ. 1958-1960 онд нийт хүн амын 80 хувь нь сүрьеэгийн халдвар тээж яваа гэсэн судалгааны дүн гарч байжээ. Нийгмийг хамарсан сүрьеэгийн халдварын эсрэг бараг 100 жил тэмцээд устгаж чадаагүйгээр барахгүй, сүрьеэгийн дарамт өндөртэй дэлхийн 30 орны нэг хэмээн цоллуулж байгаа нь харамсалтай.

Сүрьеэг үүсгэдэг савханцар нян нь -1-40 хэмд 50-аас дээш жил амьдрах тэсвэртэй, бохир ус, хөрс, харанхуй чийглэг орчин, ил хаясан нус цэрэнд удаан хугацаагаар амьдрах чадвартай аж. Харин нарны шууд тусгалд нэг цаг, ариутгалын уусмалд таван цагийн дотор устдаг байна.
Тиймээс ажиллаж, амьдарч байгаа байраа:

Тоос шороогүй, цэвэр цэмцгэр байлгах
Байгалийн гэрэлтүүлэгтэй, агааржуулалт сайн нөхцөл бүрдүүлэх
Долоо хоногт доод тал нь долоон цаг цэвэр агаарт, нарны шууд гэрэлд байхыг эрмэлзэх нь сүрьеэгийн халдвар авах нөхцөлийг бууруулна.
Эрүүл хүн сүрьеэгийн халдвар авахаас сэргийлж:

Дархлаагаа сулруулахгүй байх
Тэжээллэг хоол хүнс хэрэглэх
Ажил амралтаа зохицуулж ядрахгүй байх
Өрөө тасалгаандаа байнга агааржуулалт хийх
Архи тамхи зэрэг хорт зуршлаас татгалзах хэрэгтэй.
Харин сүрьеэтэй хүн:

Эмчилгээгээ бүрэн төгс хийлгэх
Эмчийн хяналтад тогтмол байх
Ханиаж найтаахдаа ам, хамраа дарах, амны хаалт зүүх
Гэр бүлийн гишүүдээ сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах хэрэгтэй.

Холбоотой мэдээ