Койны луйврын хохирлын хэмжээ 7.7 тэрбум доллар хүрчээ

2021-12-21 189 0

Криптовалютын зах зээлийн судалгааны “Chainalysis” компанийн шинэ тайланд дурдсанаар дэлхийн хэмжээнд крипто луйврын хохирлын хэмжээ 2021 онд 7.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь 2020 онтой харьцуулахад нийт хохирлын хэмжээ 81 хувиар өссөн үзүүлэлт аж.

Крипто залилангийн нийт хохирлын хэмжээ 2019 онд бараг 10 тэрбум ам.долларт хүрч байв. Харин 2020 онд крипто залилан буурсан нь том хэмжээний “понзи схем” бүхий луйвар болоогүйтэй холбоотой аж.

Харин энэ онд Зүүн Европ даяар “Finiko” нэртэй понзи схем хохирогчдоос ойролцоогоор 1.1 тэрбум ам.доллар залилсан нь хохирлын хэмжээ огцом өсөхөд голлон нөлөөлжээ.

Түүнчлэн 2021 онд “Rug Pulls” буюу койн эсвэл токен гаргагчид хөрөнгө оруулагчдаас тодорхой хэмжээнд мөнгө татаад эцэст, хуримтлагдсан хөрөнгийг гэнэт татаж, төслийг орхин зугтах шинэ төрлийн луйвар газар авсан нь крипто луйврын хохирлын хэмжээ нэмэгдэх бас нэгэн шалтгаан болжээ. Энэ төрлийн гэмт хэрэг 2020 онд нийт крипто луйврын ердөө нэг хувийг эзэлж байсан бол энэ онд 37 хувьд хүрчээ. Нийт дүнгээрээ 2021 онд “Rug Pulls” төрлийн луйвар хийгчид нийт 2.8 тэрбум ам.долларын хохирол учруулсан байна.

Гэхдээ энэ онд крипто луйврын хохирогчдын тоо 10.7 саяас 4.1 сая болж бараг хоёр дахин буурсан байна. Энэ нь хэрэглэгчдийн мэдээлэл сайжирч, Засгийн газрууд болон крипто биржүүд хэрэглэгчдийг хохирохоос сэргийлэх арга хэмжээ авч, гэмт хэрэгтнүүдийг илрүүлэх ажил сайжирсантай холбоотой аж. Улмаар крипто луйврын хохирогчдын дийлэнх нь шинэ хэрэглэгчид байгаа бөгөөд мэдлэг багатай хүмүүст чиглэсэн үйл ажиллагаанууд эрчимжих болжээ.

Гол нь криптовалют хүмүүсийн анхаарлыг татаж, шинэ хэрэглэгчид нэмэгдэхийн хэрээр шинээр гарах луйврын төслүүдийн тоо дагаж өсдөг гэх сүүлийн таван жилийн хандлага энэ онд арилж эхэлсэн байна.

Мөн сонирхолтой нь, 2020 онд крипто луйврын нэг төсөл дунджаар 192 өдөрт үргэлжилж байсан бол энэ онд бүртгэгдсэн 3300 гаруй крипто луйврын төсөл төслөө танилцуулж-сурталчлах, хөрөнгө оруулагчдаас мөнгө татаж луйвардаад зугтахад дунджаар ердөө 70 өдөр зарцуулсан байна.

Гэхдээ нөгөө талдаа луйврын койны төсөл илүү богино хугацаанд үргэлжилдэг болсон нь хууль, хяналтын байгууллагууд энэ чиглэлд тодорхой ахиц дэвшил гаргах болсонтой холбон тайлбарлах боломжтой аж.

 

Эх сурвалж: ITOIM.MN

Холбоотой мэдээ