Омикрон амьсгалын замд 70 дахин хурдан, уушгинд 10 дахин удаан үрждэг болохыг тогтоожээ

2021-12-16 237 0

Хонгконгийн эрдэмтэд “SARS-CoV-2” вирусийн Омикрон хувилбар хүний амьсгалын замд хурдан, уушгинд удаан үрждэг болохыг тогтоосон байна.

Судалгааг ахалсан Хонгконгийн их сургуулийн эрдэмтэн, доктор Майкл Чан Чигийн мэдээлснээр Омикрон хувилбар нь Дельта хувилбартай харьцуулахад амьсгалын замд 70 дахин хурдан үрждэг байна. Тиймээс шинэ мутаци хүнээс-хүнд илүү хурдан халдварлаж байгаа нь амьсгалын замд илүү хурдан үрждэгтэй холбоотой байж болох юм таамаглаж байгаа аж.

Харин эсрэгээрээ Омикрон мутаци нь БНХАУ-ын Ухань хотод бүртгэгдсэн “SARS-CoV-2” вирусийн анхны хувилбартай харьцуулахад хүний уушгинд 10 дахин удаан үрждэг болохыг тогтоосон байна. Улмаар Омикроноор халдварласан хүмүүс харьцангуй хөнгөн буюу шинж тэмдэггүй өвчилж байгаа нь үүнтэй холбоотой байж болох юм гэж таамаглажээ. Одоогоор судалгааны баг судалгааны үр дүнгийн талаарх тайлангаа хараахан нийтлүүлээгүй байгаа юм.

Гэсэн ч доктор Майкл Чан Чи “Аливаа вирусийн халдвараар хүндээр өвчлөх магадлалыг дан ганц тухайн вирусийн үржлийн хурдаар тодорхойлох боломжгүй. Хүн бүрийн дархлааны хариу урвалаас өөр өөр түвшинд явагддаг. Дархлаа султай зарим хүн амь насанд аюултай хэмжээнд хүндээр өвчлөх эрсдэлтэй байдаг. Тиймээс халдварлах хурд өндөр байгаагийн хэрээр олон хүн халдвар авч, дархлаа султай хүмүүс хүндээр өвчилж, үхэлд хүргэх аюултайг анхаарах шаардлагатай” гэж анхааруулсан байна.

Мөн тэрээр “Бидний судалгаа болон Омикрон хувилбар вакцинаар үүсгэгдсэн болон өвчлөөд эдгэрсний дараа үүссэн дархлаанаас зугтах чадвартай гэх судалгааг хамтад нь авч үзвэл Омикрон хувилбарын аюул заналхийлэл мөн өндөр байх магадлалтай” гэх байр суурийг илэрхийлсэн юм.

Америкийн анагаах ухааны нийгэмлэгийн “JAMA” сэтгүүлийн мягмар гаригийн дугаарт нийтлэгдсэн судалгаанд “дэлхийн хэмжээнд ковидын халдварын нийт тохиолдлын 40.5 хувь нь шинж тэмдэггүй өвчилж байгаа нь халдвар тархах хамгийн том шалтгаануудын нэг болж байна” гэх дүгнэлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл, халдвар авсан 10 хүний тутмын дөрөв нь ковид туссан гэдгээ мэдэлгүй бусдад тарааж байх боломжтой юм.

Холбоотой мэдээ