Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар тогтжээ.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Манай улс 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод нэгдсэнээр шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг хуульчлах үүрэг хүлээсэн. Анхдагч хуулийн төсөл нь нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээх нөхцөлийг бүрдүүлэх, дэмжих, хамгаалах, урамшуулах, эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой цогц харилцааг зохицуулна.
Монгол Улсын иргэн бүр гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээллийг холбогдох эрх бүхийг байгууллагад өгөх үүрэгтэй. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслөөр нийтийн ашиг сонирхол, сайн сайхны төлөө авлига, ашиг сонирхлын гомдол мэдээллийг цахимаар гаргана. Цаашлаад хүрээлэн буй орчинд хохирол учруулсан, хэрэглэгчийн эрх ашиг зөрчсөн, шударга бус өрсөлдөөний талаар мэдээллийг энэ хуулийн төслөөр зохицуулахаар зорьсон.
Шүгэл үлээх хэлбэр, шүгэл үлээгчийн мэдээллийг холбогдох эрх бүхий байгууллагууд хүлээн авах, бүртгэх, шилжүүлэх, дундын мэдээллийн сан үүсгэх, нууцлалыг нь хамгаалах, амь нас эрүүл мэндийг хамгаалахаар зохицуулсан. Шүгэл үлээгчийн гаргасан мэдээллийг холбогдох байгууллагууд шалгаж, нийгэмд учруулсан хор хохирлоос шалтгаалан 100 төгрөгөөс 1.5 тэрбум хүртэлх төгрөгөөр урамшуулна.
Хуулийн төсөл батлагдсанаар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд тус тус өөрчлөлт орно.
Ирэх долоо хоногт Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар оруулж дэмжигдвэл УИХ-аар хэлэлцүүлнэ. Мөн Шүүх шинжилгээний байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлсон хуулийн төслийг өргөн барина” гэлээ.
Үүний дараа тэрээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Шүгэл үлээгч гэж яг хэнийг тодорхойлох вэ?
-Нийтийн ашиг сонирхол, сайн сайхны төлөө шүгэл үлээж, түүнийгээ албажуулж бичгээр гомдол мэдээллээ холбогдох байгууллагад гаргасан хүнийг хэлнэ. Жишээлбэл, уул уурхайн компани экологийн сүйрэлд хүргэхүйц үйл ажиллагаа явуулж байгааг хэлж болно. Ямар нэг албан тушаалтан авлига өгсөн, авсныг мэдээлж болно.
Шүгэл үлээгчийн өгсөн мэдээлэл хууль хяналтын байгууллагаар тогтоогдоод, учирсан хохирол нь шүүхийн шийдвэрээр гарсан тохиолдолд урамшуулал олгох юм. Шүгэл үлээгч үндэслэлгүйгээр бусдын нэр төр, алдар хүндэд халдах, өөрийн ашиг сонирхлоос хэн нэгнийг баримт нотолгоогүй байхыг шүгэл үлээгч гэж хэлэхгүй.
ААН-үүд татвараа үнэн зөв тушааж байгаа эсэх талаар мэдээллийг энэ хуулийн төсөлд хамаатуулъя гэж эхэлж байсан ч яамдаас санал ирэх үед унасан.
-Хуулийн төслөөр шүгэл үлээгчийн эрхийг хэрхэн хамгаалах вэ?
-Шүгэл үлээгч болон түүний хамаарал бүхий этгээд бусдын өш хонзон, ялгаварлан гадуурхалт, хохирол учруулж болзошгүй аливаа зүйлээс ангид байх боломжоор хангана. Мөн гэрч, хохирогчийн адилаар төрийн хамгаалалтад байх эрхтэй.
0 cэтгэгдэлтэй