А.Цэрэнбат: Засгийг, сайдыг шүүмжилсэн залуусыг яллагдагчаар татаж, зоригийг нь мохоож байна

2021-10-27 144 0

АН-ын залуу гишүүд өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны гадаа үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг үндэслэлгүй барьж, хорьсон асуудлаар эсэргүүцлээ илэрхийллээ.

Тэд Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж, хангалттай ажиллаж чадахгүй байгаа талаар удаа дараа мэдээлэл хийсэн. Мөн эдийн засгаа хүнд байдалд оруулсан гэх шалтгаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардан, эрх баригчид сөрөг хүчин, хэвлэл мэдээлэл, ард түмний амыг барьж байгаа явдлыг эсэргүүцэн, ардчиллаа хамгаалахыг уриалж байгаа юм.

АН-ын гишүүн А.Цэрэнбат: Өнөөдрийн байдлаар үзэл бодлоо илэрхийлсэн арав гаруй залууг яллагдагчаар татсан. Хоёрыг нь хорьсон. 20, 30 залууг гэрчээр дуудаж байцааж байна. Хамгийн сүүлд АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнийг яллагдагчаар татсан.

Хүний эрх бол бидэнд заяасан эрх. МАН-ын гишүүн эсвэл АН-ын гишүүний эрх гэж байхгүй. Дарга, сайдын эрх гэж ч байхгүй. Зөвхөн хүний эрх гэж бий. Бид аравдугаар сарын 1-нд үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа Засгийн газрыг огцрохыг шаардсан жагсаал зохион байгуулж, аравдугаар сарын 5-нд шаардлага хүргүүлсэн. Бидэнд өнөөдрийг хүртэл шаардлагын хариу өгөөгүй.

Цагдаа нар иргэдийг барьж явахаараа хууль ёсны шаардлага тавьсан. Албан хаагчдын шаардлага биелүүлэхгүй байна гээд биднийг хорьж, дуудаж байцаадаг. Эргээд иргэд төрд шаардлага тавихаар тавьсан шаардлага таг алга болдог. Үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх бол Үндсэн хуулиар хангагдсан эрх. Цагдаа нараа та нарт эвлэлдэн нэгдээд гудамжинд эрхээ эдэлж байгаа залуусыг тараа, хүчээр баривчил гэж байгаа дарга нартаа эсэргүүцэх эрх байгаа.

Цөөн хэдэн дарга нар л хүний эрх, хуулийг уландаа гишгэж байгаа. Харин Монгол Улсын 200 мянга гаруй төрийн алба хаагч, 20 мянган цагдаа, төрийн тусгай, шүүх, прокурорууд хүний эрхийг хамгаалж байгаа. Хүний эрхийг зөрчих тушаал шийдвэр өгч байгаа дарга нарынхаа эсрэг тэмцээч ээ гэдгийг МАН-ын мянга мянган гишүүдэд уриалж байна.

МАН өнөөдөр 62 УИХ-ын гишүүнтэй олонхи болсон. Залуу Ерөнхий сайд чинь Монголын төрд балчирдаж байна. Хөршүүд хилээ хааж, улс орон өнөөдөр эдийн засгийн хомсдолд орлоо. Бензиний үнэ өсөж, хүнсний хомсдолд орох гэж байна. МАН-ын жирийн гишүүд, дунд шатны дарга нараа удирдлагууддаа шаардлагаа тавиач ээ. Та нарт эрх нь байгаа. Ерөнхий сайдаа солимоор байна гэдэг үгээ хэл, эрхээ эдэл. Тэгэхгүй бол бүгд хохирч байна. Ерөнхий сайд чинь Монголын эдийн засгийг хохироож байна.

МАН-ын гишүүд УИХ-ын 62 гишүүн дотроосоо дараагийн Ерөнхий сайдаа гаргаач ээ. Хэрэв байхгүй бол АН-ын 11 гишүүн байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бол бараг “CU”-гийн захирлаар ажилд орох шаардлагыг ч хангахгүй. Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалыг ийм хүн хийж байна гэлээ.

АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ: Хууль зүйн яам бол Х.Нямбаатарын хувийн компани биш. Хууль зүйн яам бол Хэнтий аймгийн хууль зүйн яам биш. Өнөөдөр хууль хүчний байгууллага, цагдаагийн бие бүрэлдэхүүний газар хэлтсийн бүх дарга нар Хэнтий аймгаас томилогдсон. Цагдаагийн мерит зарчим, сонгон шалгаруулалт гэж байдаг. Х.Нямбаатар ямар шалгаруулалтаар, ямар хүмүүсийг цагдаа, хууль хүчний байгууллагын даргаар тавьчихваа. Хэнтийн аймгийн нутгийн зөвлөл Хууль зүйн яам биш.

Х.Нямбаатар сайд аа, та өчигдөр хоёр настай хүүхдийг хүчирхийлсэн хэргийг хаасан байна. Хөдөө орон нутагт байгалийн алуурчид байгалийг алаад байж байна. Тэднийг барьж, хорь. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж байгаа залуусыг барьж хорьж байгаа бол биднийг үгээ хэлсэн гээд бүгдийг нь хорь. Монголын шоронг үгээ хэлсэн хүмүүсээр дүүргэ. Х.Нямбаатар сайд аа, ард түмнээ биш, авлигачдаа барьж, хорь гэсэн юм.

 

Эх сурвалж: Itoim.mn

Холбоотой мэдээ