ҮАГ: Электрон тамхи болон керосинд онцгой албан татвар ногдуулахыг зөвлөв

2021-10-19 324 0

Үндэсний аудитын газар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтээ хүргүүлсэн билээ.

Аудитын 2022 оны төсвийн төсөлд хийсэн дүгнэлтээр:

-АМНАТ-ийн болон хувьцааны ногдол ашгийн орлогыг өөдрөг төсөвлөсөн нь “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэр дутагдах эрсдэлтэй байна.

-Төсөвлөлтийн зарим шаардлага хангаагүй хөрөнгө оруулалтын 62 төсөл, арга хэмжээг нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор дахин эрэмбэлж хуулийн шаардлагад нийцүүлэн зохицуулалт хийх шаардлагатай.

-Төсвийн төсөлд “улсын хэмжээнд” гэсэн ерөнхий нэршлээр 178.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 21 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгасан нь төсвийн ил тод байдлыг хангаагүй байна.

-Нийтийн эзэмшлийн орон сууцны байрны засвар, тохижилтын 19 төсөл, арга хэмжээнд төсөвлөсөн нь, тухайн шатны төсөвт хамаарах хуулийн этгээдийн өмчлөлд шилжихгүй, хөрөнгө оруулалтын бус шинжтэй байна.

-Олон улсын байгууллагуудаас цар тахлын нөхцөл байдлыг харгалзан өгсөн зөвлөмжийн хүрээнд нийтийн эрүүл мэндэд чиглэсэн цогц арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг төсөвт бодитой тооцож тусгаснаар нүүрсний экспортыг төлөвлөсөн хэмжээнд хүргэж, эдийн засгийн өсөлтийг хангах боломж байна.

Засгийн газарт зөвлөх нь.

-Төсвийн хүрээний мэдэгдлийг төсвийн төсөлд нийцүүлэн өөрчлөхгүй байх, хөгжлийн бодлогод нийцсэн, нотолгоо-үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтийг хэрэгжүүлж ажиллах.

-Засгийн газар дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлж, илүүдэл автомашиныг шилжүүлэх, худалдах замаар үргүй зардлыг бууруулах.

-Монгол Улсын жилийн төсвийн төслийг боловсруулахдаа үйл ажиллагааны орлогоо өөрөө бүрдүүлж, зарцуулдаг зохицуулах чиг үүрэг бүхий байгууллагуудын эрх зүйн орчинг Төсвийн тухай хуулийн үндсэн зарчимд нийцүүлэх.

-Хөрөнгө оруулалтын бус шинжтэй нийтийн эзэмшлийн орон сууцны байрны засвар, гадна талбайн тохижилтын ажлыг хууль тогтоомжийн хүрээнд төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлж, тухайн шатны орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр төсөвлөх.

-Төсвийн төлөвлөлттэй холбоотой программ хангамжуудыг хөгжүүлэх, уялдааг хангах замаар төсвийг төлөвлөх, шат шатанд өргөн мэдүүлэх, нэгтгэх, дүн шинжилгээ хийх үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг төлөвлөн хэрэгжүүлж, үр дүнг тайлагнахыг зөвлөсөн байна.

УИХ-д толилуулах нь:

Мөн Үндэснийн аудитын газраас керосинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг тооцоолж төсөвт тусгах шаардлагатай гэж УИХ-д зөвлөжээ. Учир нь, Засгийн газраас өргөн мэдүүлсэн газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосиныг онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар буцаан татсан юм.

Хууль, эрх зүйн орчин тодорхойгүйгээс электрон тамхинд онцгой албан татвар ногдуулах боломжгүй байгаа тулд яаралтай Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж электрон тамхинд татвар ногдуулах нөхцөлийг бүрдүүлэхийг зөвлөв.

 

 

Холбоотой мэдээ