С.Энхболд: Наймдугаар сарын сүүлээс вакцины гурав дахь тунг хийхээр төлөвлөж байна

2021-07-26 27 0

Төрийн ордонд Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Ковид-19”-ийн нөхцөл байдлын мэдээллийг танилцуулсан юм.

Тэрээр “Улсын хэмжээнд амьсгалын аппарат 1087, уушги орлуулагч Экмо гурван ширхэг байна. Экмо аппаратаас дахин нэгийг худалдан авах захиалга өгсөн. Хүчилтөрөгчийн 16 үйлдвэрийг шинээр байгуулж, улсын хэмжээнд 30 орчим хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр ажиллуулж байна. Одоо шинээр 10 үйлдвэр байгуулахаар ажиллаж байна, удахгүй ашиглалтад нэмэлтээр оруулна.

Манай улсад “Ковид-19″ халдварын хоёр удаагийн давлагаа үүссэн. Эхний давлагаа дөрөвдүгээр сарын сүүл, таван сарын эхээр, хоёр дахь нь тавдугаар сарын сүүл, зургаан сарын эхээр тохиосон. Сүүлийн сард халдварын тоо буурах хандлагатай байна. Тархалтын хурдыг илэрхийлэх R утга энэ сарын эхээр 0.99 хувь байсан бол энэ долоо хоногт 0.66 болж буурсан. Энэ нь тархалтын хурд буурч байгааг илтгэх сайн үр дүн юм.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийг хөнгөн, хүндэвтэр, хүнд, маш хүнд гэж ангилж байгаа. Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд болон маш хүнд хүний тоо нэмэгдсэн. Нас баралтын хувь хүчтэй давлагааны дараа нэмэгдэх хандлагатай байсан. Ялангуяа вакцинжуулалт эхэлж байсан дөрөв, тавдугаар сард нас баралт өссөн бол тав, зургадугаар сард саарсан үзүүлэлттэй байна. Нас барсан хүмүүсийн 85 хувь нь ямар нэг байдлаар вакцинд хамрагдаагүй байсан.

Манай улсын нийт хүн амын 59.4 хувь вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан байна. Манай улс хүн амаа вакцины бүрэн тунд хамруулсан үр дүнгээрээ дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэж байна. 0-17 насын нэг сая 85 мянган хүүхэд байгаагаас 12-17 насны 290 мянгыг вакцинжуулах ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 170 мянган нь вакциндаа хамрагдаад байна. Хүүхдүүдээ вакцинжуулсны үр дүн гарч буй. 12-17 насныхныг вакцинжуулснаар эл насныхны өвчлөл 16-8.6 хувь болж буурсан. Харин вакцинд хамрагдаагүй 5-6 насныхны өвчлөл 31-42 хувь болж нэмэгдээд байна.

Манай улсад өнөөдөр ДЭМБ-ын баг ирж, 42 хоногийн хугацаатай ажиллана. Тус баг бүсийн хэмжээнд эмч, эмнэлгийн ажилчдыг бэлтгэх, ковидын үед ажиллах олон улсын заавар зөвлөмжөөр хангаж, мэргэшүүлэх дэмжих чиглэлд ажиллана. Уг арга хэмжээнд16 эмч, 14 сувилагч бэлтгэгдэнэ.

Улсын хэмжээнд 27 мянган эмнэлгийн ор байгаагаас 14.5 мянга дээр нь коронавирусийн халдвар авсан иргэдийг хүлээн авч, эмчилж байна. Энэ нь бусад улстай харьцуулахад өндөр үзүүлэлт. Орны тоог хангалттай байлгаж, иргэдийг хүлээн авснаар нас баралт харьцангуй бага байлгахад нөлөөлж байгаа.

Дараагийн анхаарах чухал асуудал бол коронавирусийн дельта мутаци. Коронавирусийн эл хувилбар нь дэлхийн 184 улсад бүртгэгдээд байна. Альфа хувилбараар 60 гаруй хувиар илүү хурдан тархаж, шинж тэмдэг мэдэгдэхгүй байж байгаад богино хугацаанд хүндрүүлэх чадвар өндөртэй. Иймд, өмнө нь өөр хувилбараар өвчлөөд эдгэрсэн иргэд дахин өвчлөх, вакцины үр дүнг бууруулах эрсдэл маш өндөр байна.

Манай улс анх тавдугаар сарын эхэнд Япон руу илгээсэн сорьцоос таван хүний сорьцод дельта хувилбар илэрсэн. Эдгээр хүмүүс нь бүгд гаднаас ирсэн бөгөөд тусгаарлан, эмчилсэн. Сүүлд, долдугаар сарын эхээр илгээсэн сорьцноос долоон хүнд дельта илэрсэн. Дотооддоо дөрвөн хэсэгт мутацийг илрүүлэх шинжилгээг хийж, тандан ажиллаж байгаа. Хилийн хяналтын цэгүүдийг чангатгаж, гаднаас ирсэн хүмүүсээс PCR шинжилгээ авч байна. Энэ сард гаднаас ирсэн 22 хүнээс коронавирусийн халдвар илэрч, бүгдийг нь тусгаарласан.

Цаашдаа гаднаас ирсэн хүмүүсийг шинэ журмаар тусгаарлаж, хянахаар ДЭМБ-ын зөвлөх багтай ажиллана. Хилийн шалган дээрх сорьцыг байнга шинжилнэ. Батлагдсан тохиолдлыг аль болох эмнэлэгт эмчлэхийг зорино. Харин ойрын хавьтлыг гэрт нь тусгаарлана.

Бүүстер тунгийн судалгааг эрчимтэй хийж байгаа бөгөөд наймдугаар сарын сүүлээс гурав дахь тунгийн тарилгыг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.

Эх сурвалж: Itoim.mn

Холбоотой мэдээ