Төрд биш иргэн бүр өөртөө найдах цаг ирэв!

2022-01-10 69 0

Монгол Улсад анх 2020 оны арваннэгдүгээр сард covid-19-ийн халдвар бүртгэгдэв. Үүнээс хойш хоёр жилийн дараа 2022 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр дэлхий нийтийг хамарсан омикрон хувилбар дотоодод бүртгэгдэв. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс цар тахалтай тэмцээд хоёр жил гаруйн хугацаа өнгөрч байна.

Дэлхийн олон оронд омикрон хувилбар бүртгэгдсэн ч өнөөдрийг хүртэл Монгол Улсад тус хувилбар бүртгэгдээгүй, зөвхөн зөөвөрлөгдөх боломжтой байв. Гадаадаас ирж байгаа иргэдээ өөрсдийнх нь мөнгөөр тусгаарлаж байгаа бөгөөд сүүлийн өдрүүдэд халдварын тоо эрс нэмэгдэх болов.

Бүр хоёр оронтой тоо руу орсон халдвар өнөөдөр 1000 гарав. Мэдээж шинэ оны өмнө шинэ жилийн арга хэмжээ, хүмүүс цар тахалгүй юм шиг бөөгнөрч, баярласан, зарим үйл ажиллагааг нээсэн учраас халдварын тоо огцом нэмэгдэж байгаа.

2022.01.01-278 шинээр, зөөвөрлөгдсөн 11 тохиолдол бүртгэгдэв.
2022.01.02- 219 шинээр, зөөвөрлөгдсөн 7 тохиолдол бүртгэгдэв.
2022.01.03-107 шинээр, зөөвөрлөгдсөн 11 тохиолдол бүртгэгдэв.
2022.01.04-460 шинээр, зөөвөрлөгдсөн 28 тохиолдол бүртгэгдэв.
2022.01.05-581 шинээр, зөөвөрлөгдсөн 4 тохиолдол бүртгэгдэв.
2022.01.06-795 шинээр, зөөвөрлөгдсөн 19 тохиолдол бүртгэгдэв.
2022.01.07-773 шинээр, зөөвөрлөгдсөн 33 тохиолдол бүртгэгдэв.
2022.01.08-1040 шинээр, зөөвөрлөгдсөн 45 тохиолдол бүртгэгдэв.
2022.01.09-1010 шинээр, зөөвөрлөгдсөн 8 тохиолдол бүртгэгдэв.
Улсын хэмжээнд 1010 тохиолдол шинээр бүртгэгдэж, хоёр хүн нас барсан байна. Гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол 8, хэвтэн эмчлүүлж буй 3846 байгаагаас 604 нь хүүхэд, 271 нь жирэмсэн эхчүүд, гэрийн хяналтад 9281 хүн байна.

Омикрон хувилбарыг бид дотоодод бүртгэхгүй байх боломжтой байлаа. Учир нь агаарын хил нээсэн энэ цаг үед гадаадаас ирж байгаа иргэдээ тусгаарлах, шинжилгээ авч, зөв менежменттэй аргаар омикрон хувилбарыг алдахгүй байхад анхаарах ёстой байлаа. Гэвч дотоодод, хүн амын дундаас омикрон илэрч, дотоодод албан ёсоор бүртгэгдэв. Халдвар хамгааллын дэглэмээ сахиж байгаа, хяналтаа сайжруулсан гэж дарга нар тайлбарладаг ч үнэн хэрэгтээ гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлахдаа алдаа гаргаж, хүний бөөгнөрөл үүсгэж байгааг иргэд хэлсээр, шүүмжилсээр байсан.

Нөгөө талдаа иргэдийг III, IV тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байгаа ч өнөөдрийн байдлаар идэвх бага байгаа. Яг ийм үед дотоодод омикрон бүртгэгдэж байгаа нь халдварын тоо, нас баралт цаашид нэмэгдэхийг үгүйсгэхгүй нөхцөл үүсэв.

Мэдээж омикрон хувилбар дэлхийн олон оронд бүртгэгдсэн бөгөөд тархалтын хувьд өмнөх хувилбаруудаас илүү хурдан, халдварлах чадвар өндөртэй. Нас баралт бага учраас вакцинжуулалтаа идэвхжүүлэхийг улс орнууд, ДЭМБ уриалж байна.

Энхсаран сувилал дээр алдаа гаргасан шигээ зөөвөрлөгдсөн тохиолдлуудаасаа омикрон алдсан юм биш биздээ, С.Энхболд сайд аа. Нийтийн дундаас тав илэрч байгаа юм чинь нийтийн дунд тарчихсан гэсэн үг биш үү. Өнөөдрийн байдлаар омикрон зөвхөн зөөвөрлөгдөж, бүртгэгдэнэ гэж УОК, ЭМЯ тайлбарлаад байсан биш билүү.

УОК, ЭМЯ зөөвөрлөгдсөн тохиолдлуудаа хянаж чадаагүй, тэндээс омикрон тарсан бол яах вэ, хэн хариуцлага хүлээх вэ. Цар тахал хэмээн Энхсарангийн хэрэг шиг замхраад үлдэх үү.

Он гарснаас хойш халдвар огцом нэмэгдэж, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын ачаалал нэмэгдсэн. Дарга, сайд нар нь “бид бэлэн” гэж мэдэгдэл хийхээс илүү бодит байдал дээр халдвар авсан хүн эрүүл мэндийн байгууллагаасаа эмнэлгийн тусламж авах боломжоор хэрхэн хангаж байгаа вэ. 35 настай залуу эмнэлгийн үүдэнд тусламж авч чадалгүй нас барсан шиг үйлдэл болвол яах вэ. Бүтэн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн салбар цар тахлын эсрэг төлөвлөж, бэлтгэж, тэмцэж байгаа ч иргэдийн айдас, түгшүүр арилаагүй, итгэл нь суларчээ.

Одоо иргэн бүр өөртөө найдаж, амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сахихаас өөр сонголт үгүй. Халдвар хамгааллын дэглэмээ сахиж, вакциндаа хамрагд.

 

Эх сурвалж: News.mn

Холбоотой мэдээ