Америк махны үнийн өсөлтийг хазаарлах хөтөлбөр хэрэгжүүлнэ, харин Монголд хяналтгүй өссөөр…

2022-01-07 87 0

Эдийн засагчид инфляцын өсөлт 2022 оны хамгийн хүнд сорилт байна гэж тодорхойлсон. Гэхдээ бүх асуудлыг “муу л бол хойд захын хар овоохой” гэдэг шиг цар тахал, инфляц руу чихэх нь өрөөсгөл болохыг харуулсан, мөн бидний хувьд бодууштай хоёр үйл явдал шинэ оны эхний өдрүүдэд өрнөлөө.

1. АНУ-д сүүлийн нэг жилд хүнсний үнэ 6.4 хувь өсчээ. Үүнд, үхрийн махны үнэ 20.9, гахайн мах 14.1 хувиар өссөн нь голлох нөлөөг үзүүлсэн байна. Тус улсын мах үйлдвэрлэлийн салбарынхан үнийн өсөлтийг инфляц, тээврийн тасалдал болон хүний нөөцийн хомсдолтой холбон тайлбарласан аж .

Харин Цагаан ордон хэдий АНУ-д инфляцын өсөлт сүүлийн 40 жилд хамгийн өндөр түвшинд хүрээд байгаа ч хэт өрсөлдөөнгүй зах зээлд зохиомол үнийн хөөрөгдөл явагдаж байгаа нь махны үнэ өсөх гол шалтгаан болсон гэж үзэж байгаа юм.

Учир нь өнгөрсөн онд фермүүдээс үйлдвэрт нийлүүлэх махны үнэ буурсан аж. Гэтэл АНУ-ын мах үйлдвэрлэлийн салбарын 85 хувийг бүрдүүлдэг “Tyson”, “JBS”, “Marfrig”, “Seaboard” гэх дөрвөн том компанийн ашиг 20 орчим хувиар нэмэгдэж, тэр хэрээр эцсийн хэрэглэгчдэд очих махны үнэ өссөн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жой Байден үүнийг “Өрсөлдөөнгүй капитализм бол капитализм биш. Энэ бол мөлжлөг” гэсэн юм.

Улмаар Цагаан ордны тэргүүн даваа гаригт махны үнийн хөөсрөлийг шийдэхэд нэг тэрбум ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлэхээ зарласан. Мөн монополийн эсрэг хуулийн хэрэгжилт, зохицуулалтыг чангатгах замаар зах зээлийн шударга өрсөлдөөнийг хангаж, махны үнийг буулгах амлалт өгсөн юм. Товчхондоо Байдены засаг захиргаа цөөн тооны том компани махны үйлдвэрлэлийн салбарт ноёрхож, үнийг хүссэнээрээ тогтоодог монополийг задалж, өрсөлдөөнийг өдөөх замаар эцсийн хэрэглэгчдэд очих махны үнийг төрийн оролцоогоор бууруулахыг зорьж байна.

Тэгвэл манай улсад сүүлийн нэг жилд үхрийн махны үнэ 25.9, хонины мах 36.7 хувиар буюу Америкийнхаас ч илүү өссөн байна. 2021 оны арваннэгдүгээр сарын байдлаар жилийн инфляц хоёр оронтой тоо руу орж 10.5 хувьд хүрсний таван нэгж буюу 47.6 хувь нь хүнсний үнийн өсөлт эзэлж байв. Тиймээс махны үнийн өсөлтийг зохицуулахгүй бол Монголбанкны инфляцын зорилтот түвшин 6 дээр нэмэх, хасах хоёр руу дөхөх ямар ч боломжгүй аж.

Үндсэндээ нийлүүлэлт нэмэгдэж үнэ буурдаг идэшний үеэр махнынийлүүлэлт хомсдож үнэ хамгийн ихээр өсдөг хавар намрын улирлын түвшинд хүрчихээд байна. Манайд мах бэлтгэл, түгээлт, худалдаа, ченжүүдийн оролцоо 1990 оноос хойш тийм ч их өөрчлөгдөөгүй. Гэтэл ШӨХТГ өнөөдрийг хүртэл махны үнийн хөөрөгдөлд сүүлийн 30 жилд яг нэг арга барилаараа хандсаар байна. ШӨХТГ-ын дарга нь шинэчлэлийг амласан хэдий ч өнөөдөр үнийн өсөлтөөс илүү сошиал дагагчдынхаа тоог өсгөхөд л анхаарч байх шиг харагддаг.

2. Казахстанд шатахуун, газын үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал Засгийн газрыг огцруулж, тус улсыг 30 жил хаанчилсан Назарбаевыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын албан тушаалаас нь буулгаж, тэтгэврийн хөгшин болгов. Жагсаал эхэлсэн шалтгаан нь шатахууны үнийн өсөлт, жагсагчид цугласан шалтгаан нь сүүлийн 30 жил Назарбаевын дэглэм шатахууны үнийг хүчээр барьж, эдийн засгийн шинэчлэл хийлгүй явж ирснийх байв.

Гэтэл Казахстан улс жилд нийт газын хэрэглээнээсээ гурав дахин их байгалийн хий олборлодог бол өдөрт хэрэглээнээсээ тав дахин их газрын тос олборлодог. Мөн Казахстан улс Монгол Улсаас зургаа дахин олон хүн амтай, 14 дахин том эдийн засагтай ч иргэдийнх нь орлого манай улстай ойролцоо байна. Өөрөөр хэлбэл, Казахстаны ард түмэн цалин орлогоосоо давсан үнээр шатахуун, газ худалдан авч байгаатай эвлэрэхгүй, ийм байгаагийн буруутан нь 30 жил системийн доголдлыг засаж чадаагүй эрх баригчид гэжээ. Үүнийг 70 сая малтай 3.3 сая монголчууд цалингийнхаа бараг талаар мах авч идэж байгаатай зүйрлэж болох юм.

Тиймээс бид ч гэсэн махны үнийг ченжүүд хөөсрүүлдэг 30 жил бугласан ужиг өвчнөө эмчлэхгүй бол цуглуулсан сошиал дагагчиддаа эргээд чулуугаар шидүүлэх цаг ирэх вий.

Холбоотой мэдээ