Э.Содномпилжээ: Хэзээ ч эвдэхээргүй рекордыг монгол хүн тогтоох боломжтой. Би үүний төлөө зүтгэнэ

2021-12-31 272 0

“Токио 2020” паралимпын алтан медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээтэй ярилцлаа. Тэрээр пара пауэрлифтингийн 107 кг-ийн жинд дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг бөгөөд 2016 оны Рио-гийн зуны паралимпын наадмаас хүрэл медаль хүртсэн билээ. Тэрээр олимпын наадмаас нэг хүрэл, нэг алтан медаль хүртсэн Монголын пауэрлифтингийн анхны тамирчин юм.

-Та олимпын дараа ДАШТ-д оролцоод ирсэн. ДАШТ ямархуу болж өнгөрсөн бэ?

-Энэ удаагийн ДАШТ сайхан боллоо. Мөнгөн медаль хүртсэн. Гэхдээ шүүгч нарын буруу шүүлт гарлаа. Алтан медалийн өрсөлдөөнд 244 кг өргөж, дараа нь 250 кг болгож ахиулсан ч тооцоогүй. Өргөж дууссаны дараа бичлэгээ үзье гэхэд ‘Энэ удаа бид бичлэг хийгээгүй байгаа. Дараагийн тэмцээнээр бичлэг хийх болно” гэж хэлсэн юм. Иймэрхүү шүүлтийн алдаанаас шалтгаалж медалийн өнгө хувирсан. Үүнд бага зэрэг сэтгэл дундуур л байна. Бид энэ өдрийн төлөө нөр их хөдөлмөр цаг хугацааг зарцуулдаг шүү дээ. Иймээс тэмцээнийг ямар ч тохиолдолд цэвэр шүүж байх хэрэгтэй л гэж боддог юм.

-Таны хувьд Токиогийн олимп маш сайхан болж өндөрлөлөө шүү дээ. Олимпын үеэр хамгийн том зорьж байсан зорилгодоо хүрч чадсан уу?

-Олимпын үеэр хичээх л ёстой, улс эх орны минь нэр гарч байгаа шүү гэж бодож явсан. Олимпын гол зорилго бол мэдээж өөрийн амжилтыг шинэчилж, аварга болох байсан. Үүндээ хүрч чадна гэдэгт итгэлтэй байлаа. Гэхдээ “Би заавал алтан медаль авна аа” гэж хүмүүст ярьж явсангүй. Учир нь, юм яаж ч эргэж болно. Паралимпын наадмын пауэрлифтингийн рекорд тогтоохын өмнө Грекийн тамирчин 237 кг өргөснөөр дээд амжилтыг эзэмшиж байсан. Харин миний хувьд энэ удаагийн наадмаар рекордыг нь шинэчилж 244 кг болголоо. Монгол хүн рекордыг нь эзэмшиж байна гэдэг маш сайхан зүйл, том ч амжилт. Харин гаргасан амжилт шигээ ард түмнийхээ итгэл сэтгэлийг яаж даах вэ гэх бодол тухайн үед толгойд орж ирсэн. Учир нь, миний бүх үйлдэл хүний нүдэнд ил болж ирнэ. Иймд зөв тамирчин байж, зөв явах ёстой гэх бодол хамгийн ихээр төрсөн дөө.

-Олимпын наадмаас ирсний дараах сэтгэгдэл нь хэр байсан бэ?

-Мэдээж сайхан байсан. Эх орондоо ирэхэд ард түмэн, найз нөхөд, хамт олон, гэр бүл минь намайг халуун дотноор угтаж авсан. Энэ бол мартагдашгүй өдрүүдийн нэг юм.

-Олимпын медалийг авсны дараахан “Ээж минь хараад ямар их баярлаж байгаа бол оо, энэ медалиа ард түмэндээ зориулж байна” хэмээн ярьж байлаа. Энэ яриаг нь илүү дэлгэрүүлж хариулт авмаар байна?

-Миний ар талыг хариуцан явдаг хүн бол ээж. Гаргасан амжилт бүрийн ард ээж оршдог. Өглөө бэлтгэлдээ явахад хоолыг минь хийж өгч, орой ирэхэд гэр цэвэрхэн халуун дулаахан байлгаж байдаг. Бага байхаас миний төлөө өөрийгөө зориулсан хүн. Хүн болгон ээжтэйгээ дотно, хайртай байдаг.

Би медалиа ард түмэндээ зориулсан. Намайг ихэд дэмжиж өгдөг. Ялангуяа “Паралимп, олимп хоёрын ялгаа юу байдаг юм. Адилхан л олимп. Олимпын аварга аа” л гэж тэд ярьдаг. Хэзээ ч намайг паралимпын аварга гэж ярьдаггүй. Энэ их гоё санагддаг. “Олимпын аварга тэнд явж байна. Тэнд хоол идэж байна” гээд. Би чинь ард иргэдийнхээ дунд л байж байдаг хүн. Би алдар нэр, гаргасан амжилт, гавьяатай хүн байлаа гээд Нарантуул дээр очин гуанзанд хоол идэхэд намайг хэн ч анзаарахгүй. Олимпын аварга боллоо гээд баячуудын хороолол, тансаг ресторан зэрэгт хоол идэх ёстой биш. Ийм байж болохгүй. Хүн ямар амьдралаас, яаж өссөн түүнийгээ мартах учиргүй. Ард түмэн дотроо байх л хэрэгтэй. Адилхан л хүн. Ард иргэдийнхээ энэ их хайр сэтгэлийг авч явна гэдэг сайхан шүү дээ.

-Саяхан таныг “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар” цол тэмдгээр шагналаа. Энэ нэр хүндтэй шагналыг авсан сэтгэгдлээсээ хуваалцахгүй юү?

-Үнэ цэнэтэй олгосон шагнал. Паралимпын наадам, ДАШТ-ий медаль, Азийн аварга гэх олон медалийг авч байж энэ цол тэмдгийг олголоо. Магадгүй нэрэндээ байдаг юм болов уу. Мөн ч урт замыг туулж байж ирлээ. Цол тэмдгээр шагнуулсандаа мэдээж баяртай байна. Миний хувьд медаль бүр үнэ, цэнтэй байдаг. Энэ бол хөлс, хүч хөдөлмөрөө шингээж авдаг зүйл. Бусдаас илүү байсны хүчинд авдаг зүйл. Тив болон улсын, олимпын зэрэг медаль бий. Энэ бүгд надад үнэ цэнтэй. Насны эцэст залуу насаа дурсан харж “Өө би чинь энэ тэмцээнд оролцож энэ медалийг авсан. Эндээс алдаа, оноогоо мэдэж дараагийн удаад нь ингэж энэ медалийг авсан даа” гэж ярих болно. Энэ бүх дурсамж миний бахархал болон үлдэх юм.

-Та ямар тамирчин байхыг зорьж, тэмүүлдэг вэ?

-Шилдэг тамирчин байхыг хүсдэг. Нийгэмд үлгэр дуурайл болсон, зөв манлайлагч байхыг зорьж хүсэж байна.

-Тамирчны замналын үед унаж бүдрэх үе хэр их гарч байв. Энэ үед тамирчин хүн сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх хэрэгтэй вэ?

-Хүнд жинтэй зүйл өргөдөг учир амаргүй. Бэртэл гэмтлийг ч олон удаа авсан даа. Энэ үед ар гэр, дасгалжуулагч хамгаас чухал. Сэтгэл зүйгээ тайван байлгах, даван туулахын тулд дасгалжуулагчтайгаа ойр байж, бодол санаагаа хуваалцан ярилцах хэрэгтэй. Тамирчин хүний ойрын сэтгэл зүйч бол дасгалжуулагч л юм. Спорт бол ялах, ялагдах зүйл. Энэ үед унаж, бүдрэх өгсөж уруудах үе олонтаа таарна. Энэ бүгдийг л давснаар шилдэг тамирчин болно. Өөрөө өөртөө шаардлага тавих, зорилгодоо төвлөрөх хэрэгтэй. Зорилгоо бага багаар ахиулж урагшлах чухал. Юманд тууштай байж, түүний төлөө тэмцэж чаддаг байх хэрэгтэй. Замаасаа хэзээ ч хазайж болохгүй. Тэгвэл хүн амжилтад хүрэх л болно.

Надад чадахгүй, мэдэхгүй гэж бодож байсан үе байхгүй. Сэтгэл зүйгээ ингэж л бэлдсэн. Чадахгүй гэж хэзээ ч бодож байгаагүй. Чадахын тулд хийх ёстой, хичээх ёстой гэж бодож ирсэн. Хэрэв чадахгүй гээд суусан бол өнөөдөр ингээд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болж чадахгүй байх байсан. Өвдөж байсан ч, эмчилгээгээ хийлгэж байсан ч бэлтгэлээ тасалдуулсан өдөр үгүй. Бэлтгэлдээ бүх сэтгэлээ зориулсан юм.

-Ярилцлагын төгсгөл хэсгээ пауэрлифтингийн спортоор анх хичээллэж эхэлсэн үе мөн бага насны тухай ярилцъя. Бага насаа хаана өнгөрөөсөн бэ?

-Би Эрдэнэт хотын уугуул хүн. Харин өссөн газар бол Улаанбаатар хот, Ханын материал юм. Хүүхэд байхдаа их л хөдөлгөөнтэй хүүхэд “Брюс Ли” гэх хочтой хүртэл байлаа шүү дээ. Сурлагын хувьд алтан дундаж байсан. Урлагийн үзлэгийн номерт орж чаддаггүй. Хэрэв орвол хоор дуунд орно. Ингэхдээ амаа ангайлгаад л зогсчихно. Багш болохоор “Хоолой чинь таарахгүй байна. Бүдүүн байна” гэж их хэлнэ. Хэрэв дуу хөгжмийн хичээл дээр муу гэх дүн авдаг байсан бол мөн ч их муу дүн авах байсан болов уу. Ер нь хүүхэд насаа хайрладаг. Маш сайхан нас. Анги хамт олноороо одоог хүртэл уулзаж, багын явдлаа ярилцан явах сайхан байдаг даа.

Би пауэрлифтингийн спортоор 2000 оноос хичээллэж эхэлсэн. Өмнө хөл гайгүй байх үед нь тулааны урлаг, жүдогоор хичээллэдэг байсан. Хөл ийм болсны дараа л надад таарах ямар спорт байгааг харж байгаад пауэрлифтингээр хичээллэж эхэлсэн. Анх сонирхож эхэлсэн бол яваандаа хайртай, дуртай болсон. Энэ спортоор амжилт гаргахыг хүссэн. Ингээд амжилт гаргаж чадлаа. Штанг өргөнө гэдэг өөрөө том хүсэл мөрөөдөл, хүндлэл. Үүнийгээ өргөөд түүндээ хүрнэ гэдэг том амжилт. Жин нэмэгдээд хүч ороод ирэх тусам гоё болж, өөртөө улам итгэлтэй болоод ирдэг. Миний анхны багш ОУХМ Ш.Энхсайхан агсан юм. Багш 2017 онд бурхан болсон. Үүнээс хойш Д.Баттулга багш, дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийж байна. Энэ спортод хайртай болгосон хүн бол миний анхны багш Ш.Энхсайхан юм. Багш “Сэтгэл зүйгээ бэлдэхийн тулд тархитайгаа тулж ажилла. Бие бол хөгжинө. Харин сэтгэл зүй, тархийг хөгжүүлнэ гэдэг үүнээс хэцүү зүйл” гэж их хэлдэг байж билээ.

-Танд шинэ жил гэхээр хамгийн их юу бодогддог вэ?

-Би арван жилд нэгхэн удаа л өвлийн өвөөгөөс бэлэг авч байлаа. Тэр нь нэгдүгээр ангидаа юм. Үүнээс хойш бэлэг авах юмсан гэж их боддог байсан. Арван жилд хамгийн хүсдэг зүйлийн нэг нь өвлийн өвгөн энэ олон хүүхдийн дундаас миний нэрийг дуудаж, бэлэг өгөх болов уу гэж их хардаг байсан. Гэхдээ надад ерөөсөө бэлэг ирээгүй. Иймд өвлийн өвөөд их гомдсон доо /инээв /. Орос хатаасан алим, гацуур мод, мандрин л шинэ жилийг санагдуулна. Тухайн үед бялуу ховор байсан цаг.

-Таны цаашдын зорилго юу вэ?

-Парисын олимпын наадам 2024 онд болно. Үүнд сайн бэлтгэлтэй орох хэрэгтэй. Монгол хүн яагаад арван жил эсвэл бүх цаг үеийн түүхэнд хэн ч эвдэхээргүй түүхэн рекордыг тогтоож болохгүй гэж. Энэ бол боломжтой. Бид өөрсдөө хичээж, тэмүүлж дасгал сургуулилтаа сайн хийх ёстой.
Олимпын наадамд явж байхад ард түмэн минь ард бий гэж бодохоор л сайхан болоод ирдэг. Монгол Улсаа, ард түмнээ төлөөлж явж байгаа учир хариуцлагатай байхыг эрмэлздэг. “Монгол Улс, Би монгол хүн” гэж хэлэх их бахархалтай, нэр хүндтэй байдаг. Ард түмэндээ баярлалаа. Шинэ оноо сайхан угтацгаарай гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

 

Эх сурвалж: Itoim.mn

Холбоотой мэдээ