Тоон гарын үсгийг 16-аас дээш насны бүх хүнд үнэ төлбөргүй олгоно

2021-12-18 97 0

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталсан. Тэгвэл хууль батлагдсанаар ямар өөрчлөлт, шинэчлэлт гарах талаар танилцуулж байна.

“Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай”

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний мэдээлэл авах эрхийг баталгаажуулж, төрөөс нээлттэй, ил тод байлгах мэдээллийг өргөжүүлж, байнга ил тод, нээлттэй байлгах замаар төрийн үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн зүгээс хяналт тавих боломжийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа. Мөн цахим баримт бичгийг цаасан суурьтай баримт бичигтэй адил хүчинтэй байхаар тогтоож нотлох баримтын хэмжээнд үнэлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх, төрд цугларсан мэдээллийг боловсруулж, нээлттэй өгөгдөл болгон иргэн, хуулийн этгээд чөлөөтэй ашиглах боломжийг бүрдүүлнэ.

Нийтийн мэдээллийн дэд бүтцийн эрх зүйн үндсийг тогтоож, цаасан суурьтай үйл ажиллагааг багасган цахим харилцаанд шилжиж, нийтийн мэдээллийн системээс олж авах, солилцох боломжтой мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаардахгүй байхаар зохицуулах нь иргэн, хуулийн этгээд төрийн үйлчилгээг цаг хугацааны хувьд хэмнэлттэй, мөн хүндрэл, зардал багатайгаар шуурхай авах, түүнчлэн төрийн байгууллагууд хоорондоо цахимаар мэдээлэл солилцож төсвийн бичиг хэрэг, шуудангийн гэх мэт зардлыг эрс бууруулах олон талын ач холбогдолтой. 2020 оны аравдугаар сарын 01-ний өдөр нээлтээ хийсэн төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох “Е-Mongolia”-д төрийн 57 байгууллагын 563 үйлчилгээ холбогдсон байгаа бөгөөд тус системээр дамжуулан төрийн үйлчилгээ авсан иргэн, хуулийн этгээд 1,050,436, тэдгээрт үзүүлсэн төрийн үйлчилгээний тоо 5,699,205-т хүрээд байна. Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл батлагдсанаар дээрх тоо улам өсөх юм.

“Цахим гарын үсгийн тухай”

Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны хоёр сая 300 мянга орчим иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг үнэ төлбөргүй олгох болно. Мөн гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух хугацаандаа тоон гарын үсэг авч хэрэглэж болохоор тусгасан. Ингэснээр хүн, хуулийн этгээд, төрийн байгууллага хоорондоо тоон гарын үсэг хэрэглэн мэдээлэл дамжуулах, солилцох нөхцөлийг сайжруулж, цахим хэлбэрээр хийх гэрээ, хэлцлийн тоог нэмэгдүүлэх зэргээр цаасан суурьтай хэрэглээнээс татгалзахад чухал ач холбогдолтой.

Холбоотой мэдээ