Цагдаа нөхрөө алдсан, хохирлоо гээд 3.Одгэрэл эмэгтэй суулт зарлаад байгаа. Түүнд зориулж хүмүүс бас мөнгө төгрөг цуглуулж л байгаа. Энэ бэр эхлээд хадам тал муу муухай гээд л яриад эхэлсэн.
Гэтэл талийгаач залуугийн садан төрлүүд тэр эмэгтэйг огт мэдэхгүй, манайд дайрч орж ирээд талийгаачийн зураг одон медалийг булаагаад аваад явсан гэж хэвлэлийн хурал хийв. З. Одгэрэл талийгаачийн талынхан мөнгөний хэрүүл хийгээд байна гэж сэтгүүлчдэд ярьж байсан.
Урьд З. Одгэрэл гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, хохирлоо гээд хэвлэл мэдээллээр явж шуугиулж байсан юм байна. Аль аль нь л мөнгө яриад, өмчлөөд байгаа. 70 сая булаалдсан улс. Одоо ард иргэд Одгэрэлийн зөв, Нандинчимэгийн зөв гээд талцаад байж байна. Удахгүй талцаад жагсах биз. Уг нь хууль дүрмээрээ шийдэгдээд л явах асуудал. 3 сая хүн хөндлөнгөөс оролцоод хэрэггүй.
Улс орны асар чухал олон асуудал байхад ингэж гэр орны асуудлаар талцаж, хөөрч, савнаасаа хальж бүр олон улсын асуудал болгож байдгаа больмоор байна шүү. Аль зун болсон монгол охин зодуулсан гэх, хоёр талаасаа буруутай будлиантай асуудлын учрыг олоогүй байж юу л боллоо.
Одоо Со улс Монголын иргэд манай улс, ард түмнийг үзэн яддаг, яахаас ч буцахгүй, аюултай эрсдэлтэй хүмүүс байна, ална хядна, нураана шатаана гэж байна, террористууд юм байна, нэн болгоомжлох хэрэгтэй гэсэн бодлого баримтлах болсон гэнэ. Нэмж ажилчин авахгүй, байгаа хүмүүсийг цөөлж, аюулгүй байдлаа хангана гэнэ. Бичиг баримтын шалгалт хийж эхэлсэн гэнэ.
Бас Со-гийн эсрэг хийрхлийн үеэр улс орны эсрэг том том үйл ажиллагаанууд, шийдвэрүүдийг дээр байгаа улс гаргасан. Уг нь зодуулсан охины явдал бас л хууль дүрмээрээ шийдэгдээд л явах асуудал. Шалгагдаад прокурорт шилжсэн. 3 сая хүн хөндлөнгөөс оролцоод хэрэггүй. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр.
Жаргалсайханы зөв, Анужингийн зөв гээд л талцаад байж байна. Эмүжингийн зөв, Оюунсайханы зөв гээд л талцаад байж байна.
Дэмий юмаар хөөрч явах хооронд чинь улс орны эрх ашгийг хохироох юм болдог.
Нэг орчуулагч монголын иргэн “Франц хүн дуундаа Монгол гэх үг орууллаа. Монгол гэдэг нь эргүү мал гэсэн утгатай. Ингэхээр Монголыг доромжиллоо” гэж сенсаци дэгдээж үймүүлж байна. Франц дууллаа гээд бид ямар өөр болчих биш. Дуулахаа байлаа гээд ямар өөр болчих биш.
Харин Францын дуулианы үеэр Оюутолгойн өр гээд сонин юм боллоо. Рио-д өөр орд баялгуудыг өгсөн гэх хардлага гарч байна. Огт байгаагүй өрийг тэглэсэн гэж попорч байна, үүнийг далимдуулаад Рио өөрийнхөө эрх ашгийг улам даамжруулчихлаа гэж яригдаж байна. Хилийн бүсийн газар нутаг алдагдсан гэх асуудал бүр мартагдлаа.
Саваа шидэхээр гүйдэг ноход шиг байхаа боль. Үлдэж сур. Нохой бүр лүү чулуу шидээд байх биш, хийж бүтээж, урагш харж, хөгжиж дэвших хэрэгтэй байна. Юм л болбол хандалт авах гээд дэвэргэж хуцаж ульдаг соошлын попууд, хөлсний шар хар бичээчдийн тоглоом болохоо боль. Улс төрчдийн тоглоом болохоо боль. Хов живэндээ живж сөнөлөө.
Ажиглагч Д.Энхбаатар
0 cэтгэгдэлтэй