Л.Энх-Амгалан: Дөрвөн сурагч тутмын нэг нь хүчирхийлэлд өртдөг

2021-12-11 134 0

Өнөөдрийн манай нийгэмд иргэд эрхээ хамгаалах, эсвэл бусдын эрхийг хүндэтгэх ойлголт тийм ч сайн төлөвшөөгүй байна. Эрхийн тухай ойлголт хангалттай тархаагүй гэсэн үг. Энэ бол хүүхдийн цэцэрлэгээс нь эхэлж системтэйгээр олгох ёстой хүмүүжил, мэдлэг, амьдралын дадал юм.

“Сургуулийн орчны дээрэлхэлт”, “School Bullying” нь үүнтэй шууд хамаарах сэдэв. Зөвхөн сурагчид төдийгүй, нийт иргэд Хүний эрхийн мэдлэг, дадалтай болсноор энэ асуудлыг тодорхой хүрээнд багасгаж чадна.

Сургуулийн орчны дээрэлхэлтэд багш нар ч, шийдвэр гаргах түвшинд ч, гэрийн асран хамгаалагчид ч хайхрамжгүй хандаж ирсэнтэй та бүхэн санал нийлэх байх. Тиймээс ч хүүхдүүд “намайг зовоож буй энэ асуудлаг томчууд хэзээ ч мэдэхгүй, ойлгохгүй” гэж бодсоноор бидэнтэй асуудлаа хуваалцах, ярилцахаас татгалздаг байна.

Асуудал бугшиж, хүүхэд сэтгэлдээ дааж давшгүй дарамттайгаа амьдарч эхэлнэ гэсэн үг. Юун сурлага, юун ирээдүйн амжилтын тухай бодох. Чухам энэ зүйл л “дөрвөн хүүхдийн нэг нь амиа хорлох талаар бодож байсан, долоон хүүхдийн нэг нь амиа хорлохоор төлөвлөж байсан” гэсэн аймшигт статистикийг бүтээжээ.

Зөвхөн дээрэлхүүлдэг хүүхдүүд биш дээрэлхэдэг хүүхдүүд ч өөрснөө үүний золиос болж ирээдүйн хүнтэй нийцгүй, нийгэмшээгүй, харилцааны доголдолтой хүн болж өсөн амжилт, карьер нь нуран унадаг байна. Энэхүү хоёр талыг оролцуулаад нийт сурагчдын 58 хувь нь энэ үзэгдэлд өртдөг гэсэн судалгаа бий.

Бид мэдлэг чадвар эзэмшин улс орноо хөгжүүлэх ирээдүйн иргэдийнхээ талаас илүүг нь энэ аймшигт үзэгдэлд өртүүлэн “алдаж” байгааг харанга дэлдэн ярьцгаах цаг болжээ.

2022 оныг Боловсролын яамнаас сургуулийн орчны дээрэлхэлтийн эсрэг судалгаа, соён гэгээрэл, мэдлэг, мэдээллийн жил болгон зарлах гэж байна. Энэ бол зөвхөн хүүхдийн асуудал биш, зөвхөн “танай” ч хүүхдийн асуудал биш гэдгийг нийт насанд хүрэгчид (эцэг эх, асран хамгаалагчид, багш нар, шийдвэр гаргах түвшинд) өөрснөө ойлгомоор байна.

Үүний тулд сайн дурын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах, санал туршлага солилцох, соён гэгээрлийн тодорхой ажлуудыг шат дараалан хийхээр төлөвлөж буй. Гадны орнуудын туршлага ч нэн чухал. Гэхдээ үүнээс чухал зүйл нь та бүхний дэмжлэг, дуу хоолой, оролцоо юм.

 

Б.Болор

Холбоотой мэдээ