Зөвхөн гэртээ харах хүнгүй хүүхдүүдийг цэцэрлэг авна, бусад нь амарна

2021-12-07 119 0

Боловсрол соёл шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар, Ерөнхий боловсролын хэлтсийн дарга А.Цолмон нар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар: Шадар сайд, БШУ, Эрүүл мэнд, ХНХ-ын гэсэн дөрвөн сайдын хамтарсан тушаалаар цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа, амралтыг зохицуулахтай холбоотой хамтарсан тушаал гарсан. Уг тушаалд цэцэрлэгийн үйл ажиллагааг Улаанбаатар хотод арванхоёрдугаар сарын 13, орон нутагт 18-аас нэгдүгээр сарын 31-нийг дуустал түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан. Цэцэрлэгийн үйл ажиллагаа түр зоссон үед гэртээ харах хүнгүй хүүхдүүдээ тодорхой хэмжээнд авах зохицуулалтыг хийж өгч байна. Сурагчдын амралт эхлэхээр цэцэрлэгийн ирц маш их буурдаг. 60-70 хувь ирц буурдаг учраас зайлшгүй цэцэрлэгт хамрагдах хүүхдийг аваад явна. Хүүхдээ амраахгүй эцэг эхчүүд хүүхдийнхээ ангийн багшид хүсэлтээ өгөх хэрэгтэй.

-Хувийн цэцэрлэгүүд мөн амрах уу?

-Энэ тушаалд төр, хувийнх гэж ялгахгүй байгаа. Хүүхэд нь гэртээ харах асрахгүй хүнгүй хүүхдүүдэд тодорхой бүлэг үүсгээд авна.

-Амралттай хугацаанд багш нар цалин авах уу?

-Цэцэрлэгийн багш нар ажлын найман цаг ажиллана. Хичээл сургуулийн бэлтгэл ажлаа хийгээд явна. Багш нар амрахгүй, үндсэн ажлаа хийгээд явна. Нэг өдөр ирээд хэдэн өдөр таслаад байж болохгүй.

-Цэцэрлэгт үргэлжлүүлэн явах хүүхдүүд багшдаа хүсэлтээ өгнө гэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэг амрах уу?

-4-5 насны хүүхдүүдийн хүсэлтүүдийг авсны дараа бүлэг зохион байгуулалт хийж ажиллана. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэгүүд ажиллах шаардлагатай байна.

-Эрсдэлийн үнэлгээ хийсэн гэсэн. 2,3 настай хүүхдүүдийг хэзээнээс цэцэрлэгт хамруулах вэ?

-2 болон 3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулж болох, эсэх эрсдэлийн үнэлгээг хийсэн. Үнэлгээгээр одоогоор 2 болон 3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт авах болоогүй байна гэж гарсан. Хоёрдугаар сарын 1-ээс энэ асуудлыг ярилцах нь зүйтэй гэж үзсэн.

 

Б.Болор

Холбоотой мэдээ