ЮНЕСКО Улз гол дээр далан барихаа зогсоохыг Монголоос шаарджээ

2021-08-02 315 0

Хятадын Фужоу хотод болсон ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 44 дүгээр өргөтгөсөн чуулган дээр Улз гол дээр далан барихаа зогсоохыг Монголоос шаарджээ. Учир нь нэг хэсэг нь Оросын нутаг дэвсгэр дээр орших “Дагуурын дархан цаазат газар” хэмээх Дэлхийн өвийн объектод усан байгууламж аюул заналхийлнэ хэмээн ЮНЕСКО үзсэн байна.

Известия сонины мэдээлснээр, Монголын тал далан барих ажлаа хэнд ч мэдэгдэлгүй, хүрээлэн буй орчны нөлөөллийн үнэлгээг хийлгүйгээр эхэлсэн бөгөөд улмаар энэхүү усан байгууламж нь дархан цаазат газарт ноцтой хохирол учруулна гэж экологичид үзэж байгаа гэнэ.

Усан байгууламж эсэргүүцэгч экологичид

Монголд баригдахаар төлөвлөгдөж буй усан цахилгаан станцыг эсэргүүцдэг гэдгээрээ алдартай “Хил хязгааргүй гол мөрөн” олон улсын экологийн эвсэл Улз голын даланг мөн л эсэргүүцэн өнгөрсөн онд ЮНЕСКО-д хандсан юм. Тодруулбал, Монголын нутаг дэвсгэр дээр баригдаж буй усны далан ЮНЕСКО -ийн Дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн “Дагуурын ландшафт”-д аюул заналхийлж байна гэж үзэн гомдол гаргаж байв. Өнгөрсөн онд цар тахлын улмаас ЮНЕСКО хуралдаанаа хойшлуулсан бөгөөд энэ удаагийн чуулганаараа Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн 255 объектын талаар авч хэлэлцжээ.

“Хил хязгааргүй гол мөрөн” эвслийн Орос, Монгол экологичид “Дагуурын ландшафт”-ын усны гол эх үүсвэр болох Улз гол дээр томоохон хэмжээний байгууламж барьж байгааг сансрын хиймэл дагуулаас авсан зурагнуудаас олж мэдсэн гэнэ.

“Энэ даланг байгуулах жинхэнэ зорилго нь шинээр усан зангилаа үүсгэх гэдэгт бид эргэлзэхгүй байна. Учир нь Улз голын ай савын ус ашиглагчдын 80 орчим хувь нь Монголын уул уурхайн компаниуд байдаг. Өөрөөр хэлбэл Байгалийн өвийн хосгүй объект ашигт малтмалын олборлолт, боловсруулалтыг нэмэгдүүлэх гэсэн зорилгоос болж усгүй болох нь” хэмээн “Хил хязгааргүй гол мөрөн” Оросын эвслийн зохицуулагч Александр Колотов өгүүлж байлаа.

ОХУ, ЮНЕСКО-ийн анхааруулга

Дагуурын дархан цаазат газрын нутаг дэвсгэр дээр байх Торейн нууруудын усны гол эх үүсвэр нь Улз гол бөгөөд энэ гол дээр усан байгууламж барих нь тухайн нууруудын био олон янз байдалд сөргөөр нөлөөлнө гэж Дэлхийн өвийн хороо мэдэгдэн, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг танилцуулах хүртэл цаашид барилгын ажлаа зогсоохыг Монголын талаас хүсэж байв.

Түүнчлэн Оросын тал Улз гол дээрх далангийн ажил хоёр талын гэрээ, олон улсын конвенцийг зөрчиж байгаа талаар Монголын талд анхааруулсан гэж ОХУ-ын Байгаль орчны яам мэдэгдэж байлаа. Улмаар ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Орос-Монголын объект болох “Дагуурын ландшафт” дээр Монгол улс далан байгуулах нь байгаль орчинд хэрхэн нөлөөлөх талаарх үнэлгээ хийх боломжийг судалж байгаа талаар Оросын Байгаль орчны яам мэдээлжээ.

Голыг боож болохгүй

Оросын экологчдийн мэдээлснээр, Улз гол дээр 700 метр урт, 9-12 метр өндөртэй далан байгуулж, 27 сая кубметр хүртэлх эзлэхүүнтэй усан сан байгуулахаар зэхэж байгаа нь тэдний судалгаагаар тогтоогдсон гэнэ.

Улз гол дээр томоохон усан сан барих асуудлаар Монголын талтай хэлэлцэх, түүнчлэн энэхүү усан байгууламжийг ашиглалтад оруулснаар Оросод учирж болзошгүй экологийн хохирлын үнэлгээг танилцуулахыг ОХУ-ын дэд сайд Виктория Абрамченко Байгаль орчны яам, Эрчим хүчний яам болон бусад холбогдох байгууллагуудад үүрэг болгож байв.

Улмаар ийм үнэлгээг Дагуурын дархан цаазат газрын ажилтнууд хийж гүйцэтгээд, Улз голын урсгалыг хааж болохгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэдний үзэж байгаагаар Улз голын ус татрах, хэт нэмэгдэх гээд ихээхэн хэлбэлзэлтэй байдаг тул энэ процессд хөндлөнгөөс нөлөөлөх нь тун аюултай гэнэ.

“Бидний хийсэн үнэлгээгээр, Монголын төсөл нийгэм эдийн засгийн дорвитой үр ашиг огт авчрахгүй. Говь цөлд хүнд үйлдвэрлэлийг өргөн цар хүрээтэй хөгжүүлэхийн тулд усаар тэтгэхэд чиглэгдсэн “Хөх морь” төсөл энэ далантай холбоотой байх. Энэ төслийн дагуу Онон голын гадаргын усыг Улз цаашлаад Хэрлэн гол руу урсгах төлөвлөгөөтэй, энэ нь ч Дагуурын дархан цаазат газарт нөлөөлнө. Улмаар Торейн нууруудыг устгаж, цаашлаад Байгал нуур болон баруун Монголын Их нуруудад аюул заналхийлж болзошгүй” хэмээн Дагуурын дархан цаазат газрын захирал Алексей Черепицын Известия сонинд ярьсан байна.

“Монголтой тулж ажилла”

Томоохон усан техникийн төслүүдтэй нь холбоотойгоор Монголтой “ажиллах” ёстой гэж Оросын ШУА-ийн Усны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний удирдагч, Оросын ШУА-ийн сурвалжлагч гишүү Виктор Данилов-Данильян онцолжээ. Хамгийн асуудалтай төсөл нь Сэлэнгэ гол дээр барих Усан цахилгаан станцын төсөл бөгөөд Монгол энэ УЦС-ыг барих найдвараа орхихгүй байгааг тэрбээр онцолсон байна.

“Сэлэнгэ голтой холбоотой зургаан төсөл байсны хоёр нь нилээн ноцтой. Усан сан байгуулах гэдэг нь энэ улсын цаг агаарын нөхцөлд тун ашиггүй, маш ихээр ууршиж, ус ашиглалтын зэрэгцээ цэвэр алдагдал авчрах бөгөөд улмаар энэ нь Байгал нууранд нөлөөлнө. Ус багатай жилүүдэд Сэлэнгэ голоос нэмэлтээр ус хураах нь Байгал нууранд сүйрэл дагуулах нөлөөтэй” хэмээн Виктор Данилов-Данильян Известия сонинд ярьсан байна.

Данилов-Данильяны үзэж байгаагаар Монголд хөнгөлөлттэй үнээр цахилгаан эрчим хүч өгснөөр тохиролцож болох гэнэ.

“Ийм боломж манайд бий гэж үзэж байна. Үгүй юм гэхэд, Монголтой хамтарч дахин нэг цахилгаан станц барин, ихээхэн бага үнээр тэдэнд цахилгаан эрчим хүч зарах нь усан сан ашигласнаас үүдсэн нөхцөл байдал зэргээс болж дараа нь маргалдсанаас хамаагүй дээр” хэмээн тэрбээр өгүүлсэн байна.

 

Эх сурвалж: Shuud.mn

Г.Бямбасүрэн

Холбоотой мэдээ