ФАТФ-ын Ази-Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг буюу “APG” байгууллага 2021 оны долдугаар сард Монгол Улсын дөрөв дэх удаагийн Харилцан үнэлгээний тайланг танилцуулсан.
Тэгвэл Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага буюу “ФАТФ” өнгөрөгч долоо хоногт мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг улс орнуудын дөрөв дэх удаагийн Нэгдсэн үнэлгээний тайланг танилцуулсан юм.
Манай улсын хувьд Нэгдсэн үнэлгээний тайланд “Үр дүнтэй байдлын 11 шууд хэрэгжилт”-д өмнөх үзүүлэлтээ хадгалсан байна. Тухайлбал, Монгол Улс 2 болон 8-р шууд хэрэгжилтийн үр дүнтэй байдал дундаж, бусад есөн хэрэгжилтийн үр дүнтэй байдал доогуур түвшинд үнэлэгдсэн хэвээр байгаа юм.
Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг Үр дүнтэй байдлын 11 шууд хэрэгжилтийн үнэлгээ:
№ Шууд хэрэгжилт Үнэлгээ
1 Эрсдэл, бодлого ба зохицуулалт Доогуур
2 Олон улсын хамтын ажиллагаа Дундаж
3 Хяналт шалтгалт Доогуур
4 Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа Доогуур
5 Хуулийн этгээд, бусад зохицуулалт бүхий этгээд Доогуур
6 Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх санхүүгийн мэдээлэл Доогуур
7 Мөнгө угаалтыг мөрдөн шалгах ба шийдвэрлэх Доогуур
8 Хөрөнгө хураах Дундаж
9 Террорзмын санхүүжүүлтийг мөрдөн шалгах ба шийдвэрлэх Доогуур
10 Террорзмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх болон санхүүгийн хориг арга хэмжээ Доогуур
11 Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхийн эсрэг хориг арга хэмжээ Доогуур
Харин Монгол Улс сүүлийн хоёр жилийн хугацаанд хийгдсэн ФАТФ-ын гурван тайланд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх 40 зөвлөмжөөс гурван үзүүлэлтэд үнэлгээ сайжирсан болон нэг үзүүлэлт дээр буурсан үнэлгээтэй гарчээ.
Тодруулбал, зөвлөмж 1 – “Эрсдэлээ үнэлэх, эрсдэлд суурилсан аргачлалыг хэрэгжүүлэх”, зөвлөмж 14 – “Мөнгө, үнэ бүхий зүйл шилжүүлэх үйлчилгээ”, зөвлөмж 28 – “Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд тавих хяналт, шалгалт” зэрэг салбаруудад манай улс үнэлгээгээ сайжруулж, ахиулсан байна.
Харин зөвлөмж 15 буюу санхүү, хөрөнгийн зах зээлд нэвтэрч буй “Шинэ технологи”-той холбоотой бүртгэл, зохицуулалтын орчны хүрээнд Монгол Улсын үнэлгээ буурчээ.
Манай улсад сүүлийн хоёр жилийн хугацаанд зах зээлд гадаад болон дотоодын крипто валютууд олноор төрөн гарах болсон. Уг шинэ зах зээлд иргэд хохирох, цаашлаад мөнгө угаах эрсдэлт хүчин зүйл болох. Үүний уршгаар дахин ФАТФ тэргүүтэй олон улсын байгууллагын хориг арга хэмжээнд орж болзошгүй талаарх сэдэв анхаарал татаж байгаа үед дээрх үр дүн гарсныг анхаарах нь зүйтэй болов уу.
ФАТФ 2018 оны аравдугаар сард зөвлөмж 15-д нэмэлт, өөрчлөлт оруулж виртуал хөрөнгө болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдтэй холбоотой асуудлуудыг нэмж тусгасан. Үүнээс өмнөх 2017 оны Харилцан үнэлгээний тайланд манай улс уг зөвлөмжийн үзүүлэлтүүдэд “шаардлагад нийцсэн” үнэлгээ авч байв. Харин 2020 болон 2021 оны Хяналтын тайланд тус тус “шаардлагыг хэсэгчлэн хангасан” гэж үнэлгээ буурсан нь Нэгдсэн үнэлгээний тайланд тусгагдсан байна.
Монгол Улс ФАФТ-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зөвлөмж 15-ыг хэрэгжүүлж байгаа байдлын хувьд:
Криптовалют, крипто койн буюу виртуал хөрөнгийг тодорхойлох, УИХ-аас 2019 онд шинэчлэн найруулсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд санхүүгийн шинэ технологийг нэвтрүүлэхийн өмнө мөнгө угаах эрсдэлийн үнэлгээг тогтмол хийх, эрсдэлийг бууруулах үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгасан гэх хоёр асуудалд “хэрэгжилт хангалттай” гэх үнэлгээ авсан байна.
Гэвч Монгол Улс баталсан хуулиа хангалттай хэрэгжүүлдэггүй, виртуал хөрөнгийн зах зээлийг зохицуулах зохицуулалтын орчин бүрдээгүй. Чиг үүргийн хувьд виртуал хөрөнгийн зах зээлд хяналт тавьж, зохицуулалт хэрэгжүүлэх эрх бүхий төрийн байгууллагууд буюу Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо энэ чиглэлд хангалтгүй ажиллаж байна гэх дүгнэлтүүд хийгдсэн байна. Үүнд:
-Монгол Улс виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийн үйл ажиллагаанаас үүдэн гарч болох мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрсдэлийг үнэлж, эрсдэлийн үнэлгээний тайланг гаргасан. Уг тайланд зохицуулалт, хяналтын тогтолцоо байхгүй зэрэг эмзэг байдлыг үндэслэлтэй тодорхойлсон. Гэвч ФАТФ ерөнхий дүгнэлт үндэслэлтэй эсэх болон бүх эрсдэлийг харгалзан үзсэн эсэхэд санаа зовниж байна.
-Монголбанк болон СЗХ-ноос олон нийтэд хандан виртуал хөрөнгийн салбар нь Монгол Улсад зохицуулагдаагүй, эрсдэлтэй болохыг анхааруулах түр зуурын арга хэмжээ авсан. СЗХ санхүүгийн зах зээлд гарч буй шинэ өөрчлөлтүүдийн хариуд зохицуулалтын хязгаарлагдмал орчинг бий болгосон. Гэвч виртуал хөрөнгө болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд үүнийг заавал мөрдөхийг шаарддаг тодорхой механизм, арга хэрэгсэл байхгүйгээс үр дүн маш бага байна. Мөн энэ нь Монгол Улсад бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх арга хэмжээнд хамруулахад ашиглагддаггүй.
-Монгол Улсад одоогоор виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийг үйл ажиллагааг зохицуулсан тогтолцоо хараахан бүрдээгүй байгаа ч холбогдох хуулиудыг гаргах шатандаа явж байна. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудыг тодорхойлоогүй учраас тэд мөнгө угаахтай тэмцэх арга хэмжээнд хамрагддаггүй.
-Монгол Улс виртуал хөрөнгийн зах зээлд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл, зохицуулалтын тогтолцооны цоорхойгоо тодорхойлж, уг асуудалд чиглэсэн Засгийн газрын бүхэл бүтэн ажлын хэсэг байгуулж хууль тогтоомжийн төсөл боловсруулж, олон нийтэд сурталчлан таниулах зэрэг түр зуурын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Гэвч виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийг бүртгэх тогтолцоо, журам байдаггүй тул ямар ч хяналт хэрэгждэггүй гэсэн байна.
Түүнчлэн ФАТФ-аас 2021 оны арваннэгдүгээр сарын 1-нд виртуал хөрөнгө болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид тавих удирдамжаа/зөвлөмж биш/ шинэчилсэн болохыг дурдах нь зүйтэй. Уг сэдвийн хүрээнд виртуал хөрөнгийн зах зээлд тавих шаардлагадаа уламжлалт банк, санхүү болон хөрөнгийн зах зээлд тавьдаг стандартыг мөрдүүлэх чухал өөрчлөлт хийгдсэн байна.
Эх сурвалж: Itoim.mn
0 cэтгэгдэлтэй