Хаустай, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй хүмүүсийг хүнсний талонаас хасна

2021-07-29 227 0

Хөдөлмөр нийгмийн хамгаалын яамнаас Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журамд нэмэлт өөрчлөлт оруулж, ирэх сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болсон байна. Өөрчлөлт оруулсан журмаар хүнсний дэмжлэг буюу хүнсний талон олгох өрхүүдийг сонгохдоо тодорхой шалгуур тавихаар болжээ. Энэ талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээлэл өглөө.

Тэрээр “Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журам хугацаатай, нөхцөлтэй, хяналттай, хариуцлагатай болсон. Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журмаас хаустай, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй, 200-аас дээш малтай хүмүүс хасагдана. Харин хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүсийг нэн тэргүүнд сургах, ажилд зуучлах болно. Эдгээр хүмүүст зөвхөн мөнгө олгоод орхих биш, харин туслан дэмжиж тулж ажиллахыг эрмэлзэнэ.

Мөн дэлгүүрийг сонгон шалгаруулж биш, харин НӨАТ-ийн баримт олгодог, кассын системтэй хүссэн дэлгүүрээр үйлчлүүлэх боломжийг нээж өгч байгаа бөгөөд 10 нэр төрлийн бүтээгдэхүүнийг нэгдсэн бар кодлох, улс даяар нэгдсэн тоо баримттай болгох зорилтыг дэвшүүлсэн.

Хүнсний эрхийн бичиг /талон/ манайд анх 2007-2008 онуудад нэвтэрч байсан. Тэгвэл өнөөдөр ойролцоогоор 42000 өрх, 230000 иргэн хүнсний эрхийн бичигт хамрагдаж байна. Үүнд энэ жилийн хувьд 33,6 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан.

Өнөөдөр мянгат малчин хүнсний талонд хамрагдаж байна, дэлгүүрээс хүнс авч гараад жипенд суугаад явж байгаа хүн байна, хоёулаа ажил хөдөлмөр эрхэлдэг мөртлөө хүнсний талон авч байгаа иргэд байна шүү дээ гэх иргэдийн шүүмжлэл бий. Үүнийг бид нотлох боломжтой. Төр засаг өнөөдөр өөрт байгаа мэдээллээ ашиглах ёстой. Тиймээс бид төрийн мэдээллийг хянаж шалган, энэхүү дэмжлэгийг авах ёсгүй иргэдийг хасах болно.

Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журмын онцлох таван өөрчлөлтөөс танилцуулбал:

-200-аас дээш малтай иргэд хамрагдахгүй.

-Хоёр орон сууцтай, тээврийн хэрэгсэлтэй иргэдийг журмаас хасна.

-Хариуцлагатай болгох үүднээс хоёр жилийн хугацаатай олгох болно. Хоёр жилийн хугацааны дараа дахин нэг удаа хоёр жилээр сунгана.

-Хүнсний талон авч байгаа иргэдийг 46 хувь буюу 115000 хүн нь хөдөлмөр эрхлэх боломжтой иргэд байна. Эдгээр хүмүүст зөвхөн хүнсний талон өгөх бус цаашид хөдөлмөрт бэлтгэж сургах, улмаар ажлын байр санал болгох болно. Хэрэв хоёр удаа ажил санал болгоход татгалзвал хүнсний талоноор хангах үүрэг хүлээхгүй. Иргэд хариуцлагатай байх хэрэгтэй. Харин төр засаг ажил хөдөлмөр эрхлэх боломжоор хангах ёстой.

-Хүнс тэжээлийн дэмжлэг авч байгаа хүмүүс жилд хоёр удаа олон нийтийн ажилд оролцох ёстой” гэлээ.

 

Л.Баяр

Холбоотой мэдээ