Засгийн газар “Рио Тинто” групптэй хэлэлцээ хийх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа хэлэлцээний талаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Би Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ /ХөОГ/-г сайжруулах ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа. Мөн Монгол Улсын Засгийн газар Оюу толгой компанийн хооронд үүсээд байгаа Арбитрын маргаанд Засгийн газрыг төлөөлж оролцох ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Өчигдөр “Рио Тинто” группээс дөрвөн асуудал бүхий саналыг Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн.
Нэгд, Монгол Улсад ирээдүйд 22 тэрбум төгрөгийн өр үүснэ гэдэг санхүүгийн тооцоолол хийсэн. Энэ нь манай Засгийн газрын 34 хувьд бичигдсэн 1.4 тэрбум ам.долларын өртөг бүхий өрийн бичилт хийгдсэн. Энэ өрийн бичилт нь 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд буюу 12 жилд хүү, нийлмэл хүүгийн хамт бодогдоод 2.3 тэрбум ам.долларын өртэй болсон. 2051 он болоход энэ өр 22 тэрбум доллар болно. Тиймээс “Рио Тинто” 2.3 тэрбум ам.долларын өрийн 70 хувийг тэглэх санал тавьсан. Ингэснээр ашиг, ногдол ашиг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар авах хугацаа наашлах боломжтой гэсэн.
Хоёрт, далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хойшилсон нь ковидын хүнд үед таагүй үр дүн үзүүлж байна. Монгол Улсын Засгийн газарт нэг их наяд төгрөг буюу 350 сая орчим ам.долларын дэмжлэг үзүүлье гэсэн. Энэ ямар нэгэн татварт хамаарахгүй.
Гуравт, далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 5.4 тэрбум ам.доллароор төлөвлөсөн ч зардлын хэтрэлттэй, цаг хугацааны хувьд хойшилж байгаа. Тиймээс 5.4 тэрбум ам.доллароос хэтэрсэн зардал дээр менежментийн төлбөр авахгүй. Мөн 2028 он хүртэл далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлттэй холбоотой баталгааны шимтгэл буюу 1.9 хувийг авахгүй, зогсоох санал гаргасан.
Дөрөвт, засаглалаа сайжруулъя гэсэн. Ингэснээр Оюу толгойн бүтээн байгуулалтын ажил урагшаа явна. Эцэст нь зардлынхаа хэтрэлтийг нэмж баталж байж хөрөнгө оруулагчдаас далд уурхайн бүтээн байгуулалтын үлдэгдэл зардлаа олох боломжийг Монгол Улсын Засгийн газар олгож өгөөч гэсэн. Ингэснээр далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хэвийн үргэлжилж 2022 онд олборлолт эхлэх боломж бүрдэнэ гэсэн саналуудыг ирүүлсэн.
Өнөөдөр 14.00 цагаас Оюу толгой компанийн Зэсийн группийн захирал Б.Болд тэргүүтэй хэлэлцээ хийх багийнхантай манай ажлын хэсэг урьдчилан уулзалт хийнэ.
Арваннэгдүгээр сарын 7, 8-аас хэтрэлгүйгээр Оюу толгой компанитай эрчим хүч тогтвортой нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурна. Хэлэлцээ хийх ажил тодорхой хэмжээнд урагшилж байгаа. Гэхдээ бидний хүссэн хэмжээнд хүрэхгүй байна. Бидний хамгийн их хүсч байгаа зүйл бол Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах УИХ-ын 92-р тогтоолыг хэрэгжүүлэх. Энэ саналыг манай Засгийн газар удаа дараа тавьж байгаа боловч Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт хийх саналыг нөгөө талаас гаргаагүй. Айлын тал хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөөгүй тохиолдолд 1000 зөвлөх авчраад энэ яриа хэлэлцээ урагшлахгүй. Монголын Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах чиглэл рүү л явж байгаа. Сүүлийн үед хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах Засгийн газрын дарамт шахалтыг саармагжуулах үүднээс элдэв жагсаал цуглаан, акц зохион байгуулж байна. Хэлэлцээр хийж байгаа Засгийн газраа шалтгаангүйгээр огцор, тар гэж байгаа нь ихэд эргэлзээ төрүүлж байна. Уг нь Сүхбаатарын талбай дээр “Рио Тинто”-гийн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулъя гэж жагсаж байгаа бол эх оронч үйлдэл байх байсан. Гэтэл гэрээг сайжруулахын төлөө ажиллаж байгаа Засгийн газар, УИХ-аа тар гэж байгаад харамсаж байна.
Бид үүнээс илүү саналуудыг яриа хэлэлцээний явцад тавьсан. Дээрх дөрвөн саналыг ажлын хэсэг хэлэлцээд Ерөнхий сайдад танилцуулна. Өмнөх тавьсан саналаа дахиад тавина гэсэн байр суурьтай байгаа” гэлээ.
0 cэтгэгдэлтэй