Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.
Тэрээр “Зарим их дээд сургуулийг сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх тогтоолыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргалаа.
Их дээд сургуулиудыг орон нутагт хөгжүүлэх нь нийслэлийн түгжрэлийг бууруулахаас гадна хөдөө орон нутаг, бүс нутгийн хөгжлийн цогц асуудал юм. Өмнө нь хөдөө орон нутаг руу их дээд сургуулийг нүүлгэх шийдвэр олон гаргаж байсан ч нэг ч сургууль нүүгээгүй байна.
Монгол Улсад 88 их дээд сургууль байгаа. Үүнд 150 мянга орчим оюутан суралцдаг бөгөөд 143 мянга нь Улаанбаатар хотод сурч байна. 7000 мянган буюу нийт оюутны таван хувь нь хөдөө орон нутагт байгаа сургуульд сурч байна. Хот, хөдөөгийн сургалтын ялгаа бүх түвшинд бий болгосон. Тиймээс их, дээд сургуулиудыг хөдөө орон нутагт хөгжүүлбэл Улаанбаатар хотод олгож байгаа шиг чанартай боловсрол олгох зайлшгүй шаардлага байгаа. Цаашдаа их, дээд сургуулиудыг төгссөн суралцагчийн хэдэн хувь нь ажлын байртай болсон бэ гэдэг нэг л үзүүлэлтээр дүгнэдэг болно.
Эрдэнэт, Дархан, Өмнөговь аймгуудад сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн цогцолбор болгож МУИС, ШУТИС, ХААИС-ийг байгуулах шийдвэр гаргалаа. Бид хоосон тал дээр байшин барихгүй. Эдгээр аймгуудад байгаа барилга, дотуур байр, хичээлийн байруудад өргөтгөл хийх замаар сургалт, судалгааны цогцолбороо байгуулна.
-Өмнөговь аймагт нүүрс, химийн цогцолбор хэлбэрээр их дээд сургуулийг хөгжүүлнэ. Тиймээс Өмнөговь аймагт уул уурхайн сургуулиудыг байгуулна.
-Дархан-Уул аймагт ХААИС-ийг өргөтгөн зохион байгуулна.
-Эрдэнэтэд ШУТИС, МУИС-иудын зарим сургуулийг үе шаттай байгуулна.
Хөдөө орон нутагт сурч байгаа оюутнуудад Боловсролын зээлийн сангаас хөнгөлөлттэй тэтгэлэг, зээлийг олгоно. Шууд ажлын байраар хангана.
Хөдөө сургууль нүүлгэчихээр багш нар очдоггүй. Тиймээс хөдөө орон нутгийн сургуульд ажиллаж байгаа багш нарын цалинг Улаанбаатар хотод ажиллаж байгаа багш нартай ижил олгож, нийгмийн баталгааг бий болгоно. Мөн хөдөөгийн нэмэгдэл, орон сууцны зээлд хамруулах, бизнес эрхлэх боломжоор хангана.
Дархан, Эрдэнэт, Өмнөговьд 10-15 мянган оюутныг сургана гэсэн тооцоолол гарсан. Мөн энэ гурван сургуульд уул уурхай, хөдөө аж ахуйн сургууль нээсэн тохиолдолд Улаанбаатарт давхцуулж анги, хөтөлбөр гаргахгүй” гэлээ.
0 cэтгэгдэлтэй