Ж.Жамъянсүрэн: Би найруулагч болох хаа байсан юм бэ, “Хөхөө” дөнгөж эхлэл

2021-10-19 149 0

Хөхөө” киногоороо Монголын кино урлагт шинэ өнгө нэмж, хэр ур чадвар, авьяастай найруулагч гэдгээ тод харуулсан найруулагч Ж.Жамъянсүрэнтэй ярилцлаа. Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Жанчивдорж агсны хүү, найруулагч Ж.Сэнгэдоржийн төрсөн ах тэрбээр “Хөхөө” киногоороо өнгөрсөн жил “Улаанбаатар” олон улсын кино наадмаас “Шилдэг кино”, “Шилдэг найруулагч”-ийн шагнал хүртсэн юм.

17 НАСАНДАА АНХНЫ ЖҮЖГЭЭ ХӨВСӨЛ АЙМАГТ ТАВИН, 275 ТӨГРӨГӨӨР ШАГНУУЛЖ БАЙЛАА

-Гавьяат жүжигчин Л.Жанчивдорж агсны хүү болон мэндэлж, урлагийн гэр бүлд өссөн нь таныг кино урлагтай амьдралаа холбоход их нөлөөлсөн нь мэдээж. 17 насандаа Хөвсгөл аймагт очин, жүжиг найруулаад тайзнаа тавьсан юм билээ. Найруулагч болохын эхлэл тань тэр байв уу?

-Тийм ээ. Би тухайн үед Хүүхэд, залуучуудын театрын дагалдан жүжигчин байлаа. Ардын жүжигчин А.Очирбат гуай, Нямгаваа найруулагчийн шавь, хичээлийнхээ хажуугаар жүжигчнээр ажилладаг байсан юм.

Театрынхан өглөө бүр хуралдана. Урлагийнхан манай аавыг Жааяа гэж авгайлдаг байв. Нэг удаагийн хурал дээр “Манай Жааяагийн хүү аавынхаа төрсөн нутагт жүжиг тавина” гээд намайг Хөвсгөл аймаг руу томилсон юм. Эл томилолтынх нь дагуу би 17 насандаа Хөвсгөл аймагт очин, анхны жүжгээ найруулж, тайзнаа амилуулснаа одоо ч өчигдөр мэт тод санаж байна. Тэр тухай бодоход их дурсамжтай, сайхан санагддаг.

Миний найруулсан “Хөршүүд” жүжгийг сумдад мөн тоглуулсан юм. Тэгээд “Улсад орлого оруулсны төлөө” гэж намын үүрээс намайг 275 төгрөгөөр шагнасан. Есдүгээр ангийн сурагчид их мөнгө байлгүй яах вэ. Улам их хичээх урам авч билээ.

-“Чадахгүй бол яана” гэж та өөртөө хэр эргэлзсэн бэ?

-Тийм эргэлзээ, айдас надад байгаагүй. Одоо бодоход их зоригтой байж (инээв).

Үнэнийг хэлэхэд Хөвсгөл аймаг руу тэгж томилогдох шалтгааныг би өөрөө тавьчихсан юм. Учир нь Нямгаваа найруулагчид “Би жүжиг тавьмаар байна” гэчихсэн. Хүүхэд, залуучуудын театр хэчнээн том байсан билээ. 17-хон настай надад жүжиг найруулаад тавих орон зай юу гэж байх вэ. Тиймээс Нямгаваа найруулагч “Аавынхаа төрсөн нутагт жүжиг тавь” гээд намайг томилсон нь тэр.

-Таныг 17 настай, бага гэж гололгүй томилолтоор явуулсан нь Нямгаваа найруулагчийн алсын хараа байж. Нөгөө талаар “Шаггүй найруулагч болох ирээдүйтэй” гэж танд итгэл хүлээлгэсний илрэл болов уу?

-Аав минь Нямгаваа найруулагчийн гарын жүжигчин байсан. Аавтай үй зайгүй нөхөрлөж, хамт ажилладаг байсан тул “Энэ том жүжигчний хүүхэд хоосонгүй байх” гэсэн горьдлого байсан болов уу.

-“Хөршүүд”-ийг найруулсны дараа хөвсгөлчүүд таныг авч үлдэх шахсан гэдэг. Ажлын санал тавьсан юм уу?

-Тэгсэн. “Хөршүүд” жүжгийг тавьсны дараа Хөвсгөл аймгийн захиргаан дээр намайг дуудав. Яваад очлоо. Хөвсгөл аймгийн Хөгжимт, драмын театрт ажиллуулах санал надад тавьсан юм. “Алаг-36” гэдэг байранд намайг байрлуулна гэсэн. Бараг л “Манай энд суурьшаад, эндээс эхнэр ав” гэхгүй юү (инээв). Тийм санал ирсэн тухай аавдаа хэлэхэд “Хүүдээ баяр хүргэе. Миний хүүд сурч, мэдэх зүйл маш их бий. Юу юугүй ажлын талбарт гарах цаг болоогүй. Аавынхаа хажууд ир” гэсэн. Тэгээд би тэр саналаас нь татгалзан, Улаанбаатар хотод буцаж ирсэн юм.

ААВ, ДҮҮ ХОЁР МИНЬ НАМАЙГ НЭЛЭЭД ЯТГАН БАЙЖ УРЛАГИЙН СУРГУУЛЬД ОРУУЛСАН

-Тэгэхээр та аавынхаа зөвлөсний дагуу буцаж ирж. “Хөвсгөлд үлдчих үү, яах вэ” гэдэг эргэлзээ танд ер нь байв уу?

-Юм хийх орон зай гарч ирнэ гэдэг аль ч цаг үед, хэдэн ч настай уран бүтээлчид маш том боломж. Уран бүтээл хийх орон зай, боломж гарч ирсэн нь надад сайхан санагдсан. Намайг үнэлж, ажлын санал тавьсан нь надад маш их урам өгсөн. Гэхдээ аав нэгэнт тэгж зөвлөсөн, дуудсан болохоор үгнээс нь юу гэж зөрөх вэ.

За, тэгээд дараа нь цэргийн алба хаасан, Зүүнбаянд. Цэргээс ирсний дараа Монголын нийгэм, цаг үе ороо бусгаа байлаа. Монголчуудын амьдрал хүнд, цаг үеэ дагаад бидний үеийнхэн их, бага хэмжээгээр нийгмийн золиос болсон. Зарим нэг нь учраа олохгүй самгардаад, тийм цаг үеийг өөртөө ашигтайгаар эргүүлж, хожсон нь ч бий. Ер нь сайхан, сайхан залуус нийгмийн золиос болсон нь гашуун үнэн. Тийм ороо бусгаа үед яах учраа олохгүй явсан, нийгмийн шуурганд өртсөн, цаг хугацаа алдсан, төөрсөн үе надад ч бий.

Аав, дүү хоёр маань “Урлагийн сургуульд ор” гэж намайг үргэлж ятгадаг байлаа. Би “Орохгүй ээ” гээд зөрүүдлэнэ. Манай хоёр намайг чихдэх нь холгүй аваачаад, “Бэрс” дээд сургуульд оруулсан юм, 1996 онд.

-Аав, дүү хоёр тань таныг нэлээд ятгаж байж урлагийн сургуульд оруулсан гэлээ. Тэгэхээр урлагийн салбартай амьдралаа холбох, ажиллах сонирхолгүй байсандаа тэр үү?

-Үгүй ээ, тийм биш. Урлагийн салбартай амьдралаа холбох сонирхол байлгүй яах вэ. Урлагийн сургуульд оруулах гэж тэгж их ятгахад нь залуу насны минь омголон, ойворгон үеийн бодол нөлөөлсөн гэх юм уу. Одоо тэр тухайгаа ярихаар зарим хүн эгдүүцэж магадгүй. “Би урлагаар явна, уран бүтээлч болно. Тэгэхийн тулд сургуульд заавал сурах шаардлагатай юм уу. Авьяас, мэдрэмжийг алгебрын томъёо шиг заавал сургуульд заалгах албагүй. Цаг нь болвол аяндаа хийнэ” гэсэн бодолтой явсан юм. Гэхдээ энэ бол залуу насны ойворгон, хөвсөлзүүр ойлголт.

САЙН НАЙРУУЛАГЧ БОЛОХЫН ТӨЛӨӨ БҮХИЙ Л АМЬДРАЛЫНХАА ТУРШ ӨӨРИЙГӨӨ БЭЛДСЭЭР ЯВНА

-Та хэрвээ өөрийнхөөрөө зүтгээд урлагийн сургуульд сураагүй бол одоо хаахна яваа бол?

-Нэгэнт тийм амьдралыг туулаагүй болохоор ямар хувь заяа хүлээж байсныг мэдэх үндэс үгүй. Мэдээж өдий зэрэгтэй явахын тулд надад багш, сурах, судлах чухал байсан уу гэвэл байсан. Тэгэхээр урлагийн сургуульд сурсан минь хамгийн зөв шийдвэр байсныг нүүр бардам хэлнэ.

Сургуулиа төгсөөд л бүх зүйл тэгширчихээгүй. “Хаана ажиллах вэ, яах вэ” гэдэг асуудал тулгарсан. Миний үеийн олон, олон уран бүтээлч амьдрахын эрхэнд урлагийн салбарыг орхисон, бусдын адил наймаа хийгээд явсан. “Мэргэжлээрээ ажиллах уу, яах вэ” гэдэг сонголтын өмнө би ч очсон. Гэхдээ “Өөр салбарт хөл тавих уу. Урлагийн салбараа орхих уу, яах вэ” гэж эргэлзээгүй. Учир нь би урлагийн гэр бүлд хүмүүжсэн, театрт өссөн. Хэзээ сайхан цаг ирэх нь үү, тэр болтол тууштай зүтгэнэ гээд гүрийсэн.

Ер нь урлагийн сургуульд дөрвөн жил сураад болчихлоо, юм хийчихнэ гэдэг нэг талдаа өрөөсгөл. Жишээлбэл, би өөрийнхөө өнцгөөс нэг зүйл хэлье. Мэдэх зүйлийнхээ талаар л ярья. Би урлагийн гэр бүлд мэндэлж, театрт торнин, урлагийн шилдгүүдийн дунд, шилдэг уран бүтээлүүдийг үзэж өссөн. Тэндээс урлагийн хүн болох хүсэл, мөрөөдлөөр жигүүрлээд урлагийн сургуульд орсон. Сургуулиа төгсөөд, дараа нь хөлд орох гэж зүтгээд, одоо чүүтэй айтай ингэж явна. Мэдрэхүй орсон цагаас тооцвол 40-өөд жил. Өдийг хүртэл өөрийгөө бэлдсэн, оюунаа нэрсэн он цагууд баклавраас хэд дахин давна, хар ухаанаар бодоход. Дөвийлгөөд хэлэхэд, энэ бүхэн намайг академик түвшинд бэлдсэн. Бүхий л амьдралаараа уран бүтээлч, найруулагч болохын төлөө өөрийгөө бэлдсээр байгаа.

Гэтэл “Би ерөөсөө урлагийн хүн болно. Найруулагч болвол гоё” гээд гэнэт шалгалт өгсөн, дургүй мөртлөө хэн нэгний ятгалгаар найруулагч болсон хүн цөөнгүй. Тэгэхээр 40-өөд жил, дөрвөн жил хоёрын хооронд хэр ялгаатай вэ. Асар их. Жинлээд үзэхэд л ойлгомжтой, ямар нэгэн дүгнэлт хэлэх илүүц.

“ХӨХӨӨ”-ГИЙН ПЛАНЫ ӨНЦГИЙГ САЙН ТАВЬСАНДАА БИ ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙНА

-“Найруулагчийн хувьд хөлд орох гэж зүтгэсэн” гэж сая хэллээ. Одоо та хөлд бүрэн орсон уу, өөрийгөө дүгнэхэд?

-Кино шүүмжлэгч Rusty “Хөхөө”-г хийгээд хамгийн аз жаргалтай байсан зүйл юу вэ” гэж надаас асуусан юм. Театрын хэл, киноны хэл тусдаа. Би “Хөхөө” киног чадан ядан хийлээ. Оператортойгоо нийлээд “Хөхөө”-гийн бүх планы өнцгийг тодорхойлж, зурж тавьсан, муу зурдаг ч гэсэн. “Хөхөө”-гийн планы өнцгийг сайн тавьсандаа би өнөөдөр хамгийн аз жаргалтай байна. Кино урлагийнхан, үзэгчид план нь ямар гоё өнцөгтэй юм бэ” гэж буйд сэтгэл хангалуун байгаа.

Энэ талаар ярихын ялдамд, миний хүссэн планыг гайхалтай, мэргэжлийн түвшинд тавьж, зураг авалт хийсэн “Логик фильм”-ийн хамт олон, оператор Нэргүйд үнэхээр их баярлаж байна. Энэ плануудыг тавьж, дүрсний хэлээр тодорхой хэмжээнд ярьж, киноны хэлийг ойлгож буйгаа мэдрэх надад хамгийн аз жаргалтай байлаа, үүнээс их урам авлаа.

-“Хөхөө” таны хэд дэх кино билээ?

-Би өмнө нь бүрэн хэмжээгээрээ ажиллаж чадаагүй. Гадаадын сургуулийн оюутнууд дунджаар гурав, тав, долоо, найм, 15 минутийн кино хийж төгсдөг. 30 минутийн кино хийж дипломоо хамгаалдаг. Тэгэхээр сурч буй хугацаандаа 5-6 кино хийчихэж байгаа биз. Гэтэл Монголд кино найруулагчийн сургалт бүрэн хэмжээгээр явагдаж чаддаггүй. Туршлагатай, лидерүүдийнхээ үгийг сонссоор, кино хийсэн туршлагагүй төгсдөг. Гэтэл сургуулиа төгсөөд эхний хэдэн кино нь дадлага болдог.

“Сексийн эрх чөлөө” миний дадлага болчихсон ажил. Найруулагч болж, камерын ард зогсох гэж анх удаа оролдсон минь тэр. Энэ ажил маань надад маш их туршлага болж, ухааруулсан. Миний бие өвдөөд “Сексийн эрх чөлөө”-г хийхдээ бүрэн ажиллаж чадаагүй. Чүүтэй айтай дуусгасан.

“СЕКСИЙН ЭРХ ЧӨЛӨӨ”-Г ШИНЭЧИЛЖ ХИЙНЭ

-“Сексийн эрх чөлөө” бүрэн хэмжээний уран сайхны кино. Та өөрөө эл бүтээлээ дадлагын ажил гэж үнэлдэг юм байна, тийм үү?

-Тийм ээ. Найруулагч хүн ямар байх учиртайг ухааруулсан, ойлгуулсан, туршлага хуримтлуулсан уран бүтээл. “Сексийн эрх чөлөө”-г дахиад хийнэ.

-Хоёрдугаар цуврал болгон гаргах уу, шинэчилж хийх үү?

-Хэдэн жилийн дараа шинэчилж хийнэ. Би бүрэн дүүрэн ажиллаж чадсан бүтээл бол “Хөхөө” кино. “Хөхөө”-г хийх санаа анх надад 1996 онд төрсөн. ОХУ-ын нэрт зохиолч Валентин Распутиний “Последний срок” буюу “Сүүлчийн амьсгал” туужийг уншаад “Энэ зохиолыг заавал кино болгоно” гэж аавдаа хэлсэн юм. Орос зохиолыг монгол ахуйд хэрхэн буулгах тухай бодож явсаар хөхөө шувууны домогт суурилуулан хийх санаа төрсөн юм. Тэгээд 2015 онд кино зохиол болгон бичиж, 2018 онд “Хөхөө”-г хийлээ.

ЭЭЖ, ХҮҮ ХОЁРЫН ҮХЭЛ ДАВСАН ОЙЛГОЛЦОЛ НАМАЙГ МАШ ИХ ШАНАЛГАЖ, ТАРЧЛААСАН

-Та ярилцлагаа эхлэхийн өмнө “Найруулагчийн арга барил, “Хөхөө”-г хэрхэн хийсэн тухайгаа өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа ярьсан. Энэ удаа арай өөр өнцгөөс ярилцъя” гэсэн. Тиймээс эдгээр сэдвийг энэ удаа алгасъя. Гэхдээ нэг зүйлийг асуумаар санагдаж байна. Ер нь “Хөхөө”-г бүтээхдээ “Энийг яаж хийх вэ, хэрхэн вэ” гэж хамгийн их шаналсан, удаан бодсон хэсэг аль нь вэ?

-Шийдэл. Үзэгчдийг эгдүүцүүлж, хоёр хуваагдахад хүргэсэн шийдэл. Ээж, хүү хоёрын үхэл давсан хайрын ойлголцол. Тэр хэсэг намайг маш их шаналгасан, тарчлаасан.

-Зарим кино шүүмжлэгч, үзэгч “Монголчууд нүүдлийн ая даахаа больсон, бие нь туйлдаа хүрсэн ахмад настнаа тэгдэг байсан. Ээжийнх нь бие туйлдаа хүртэл дордоогүй, тэгээд ч зам харгуй хөгжсөн өнөө цагт хүү нь тийм зүйл хийх шаардлага байгаагүй. Бодитоор дүгнэвэл тэр хэсэг нь хиймэл болчихлоо” гэж шүүмжилж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Энэ бол хүн, хүний харж буй өнцөг. Машин унаа элбэг, эмнэлэг ойрхон, холдоо гол асуудал нь биш. Нэгэнт бие нь дордсон, эмчилгээгүй гэж оношлогдсон хүн эмнэлэгт хэвтээд нэмэргүй.

Хоёрдугаарт, энэ шийдэл бидний амьдралд бий юү, байхгүй юу гэдэг асуудал хөндөгдөнө. Энэ бол бидний амьдралд их, бага хэмжээгээр байдаг асуудал. Гэхдээ хаалганы цаана. Ийм юм хийсэн хүн “Би ингэчихлээ” гээд яриад явдаггүй. Явах ч үгүй нь ойлгомжтой. Тийм эмзэг асуудал байхгүй юу.

“Хөхөө”-д энэ шийдлийг хийхийн тулд нийгмийн олон давхрагын, нас, насны хүнтэй уулзаж, асуусан. Энэ киноны гол дүрд анх өөр жүжигчинг тоглуулахаар сонгочихсон байв. Харамсалтай нь, киноны зураг авалтын өмнө өөд болчихсон. Би гол дүрдээ сонгочихоод “Та ийм дүрд тоглохдоо эвгүйцэх үү” гэж асуусан юм. Тэгэхэд “Огт эвгүйцэхгүй. Учир нь миний өвөөг аавын төрсөн дүү нь “Хөхөө”-д гарч буй шийдлээр өөд болгосон юм билээ. Хэзээ хойно надад тэр тухайгаа яриад, уйлсан” гэсэн. Тэр үйл явдал 1983 бил үү 1984 онд болсон гэнэ лээ.

-Цаг хугацааны хувьд хамаагүй наана болж.

-Тийм байгаа биз. Насаараа сумын эмнэлэгт эмч хийсэн хүн надад ярьсан юм. Тухайн эмнэлэгт өндөр настай, эмчилгээгүй гэсэн оноштой, олон сар хэвтэж буй настан байж. Хүүхдүүд, ах дүү нар нь аргаа барсандаа ч юм уу нэг өдөр хөдөө аваад явсан гэнэ. Гэтэл хэдхэн хоногийн дараа нөгөө хүн нь өөд болж. Хэдэн сараар эмнэлэгт хэвтэхдээ өөд болоогүй хүн гэнэт яагаад нас барав, хаалганы цаана юу болов. Тэдний дунд ямар ойлголцол болов гэдэг асуудал хөндөгдөнө.

Өөр бас нэг жишээ бий. Би таксинд сууж явлаа. Киногоо хийчихсэн юм шиг ярьсан юм. Тэгэхэд жолооч залуу “Хөөх, ийм кино байдаг юм уу. Манайханд яг ийм асуудал тулгарч байсан. Бие нь доройтсон, эмчилгээгүй болсон эмээ дээр маань гэр бүлийнхэн, ах, дүү нар цугларсан юм. Өөд болохоор нь буян номын ажлыг нь хийх гээд. Сүүлдээ хүүхдүүд нь маргалдаад. Зарим нь “Одоо улам зовохын нэмэр. Хөгшнийг явуулъя” гэсэн ч бусад нь “Чамд ямар гай болсон юм. Ямар бэртэгчин, хүн хайрлах сэтгэлгүй юм бэ” гээд халгаагүй. Эмчилгээгүй гэсэн тул эмнэлэгт хэчнээн очоод ч нэмэргүй, эмээ минь ёстой зовж байж өөд болсон” гэсэн юм.

Энэ дэлхий дахинд яригдаж буй эмзэг асуудал энэ мөн үү гэвэл мөн. Гэр бүлтэй нь ярилцаж, зөвшилцсөний үндсэн дээр аппаратыг нь салгах үе гардаг байх. Энэ асуудлыг хуулиар хүлээн зөвшөөрсөн ганцхан улс байдаг нь Голланд. Дэлхий даяар энэ асуудлыг яаж шийдэх вэ, хэрхэх нь зөв бэ гэдэг дээр талцаж байна.

БНХАУ-д дауны синдромтой хүүхэдтэй эмэгтэй амьдардаг байсан юм билээ. Ээжээс нь өөр харах, хандах хамаатан садан хүүд нь байхгүй. Ээж нь хорт хавдар тусаж л дээ. “Хүүгээ яах вэ. Намайг нас барахаар хүүг минь харах хүн байхгүй” гээд санаа нь зовоод байж. Өөрөөсөө хойш хүүгээ зовоохгүйн тулд амийг нь егүүтгэсэн байгаа юм. Хятадын шүүх энэ асуудлыг олон сар хэлэлцсэний эцэст ээжийг нь буруугүй гэж үзсэн. Энэ ийм эмзэг асуудал.

БИ “ХӨХӨӨ” КИНОГООР ЁС ЗАНШЛЫН ТУХАЙ ХАРУУЛАХ ГЭЭГҮЙ

Хууль, ёс зүй, ёс суртахуун бидний асуудлыг тэр бүр зохицуулж чадахгүй. Хүний амьдралын ийм нарийн асуудлыг хайр шийддэг. Хайр заавал үнсэж, үнгэхээр илрэхгүй. Хайр эсрэг үйлдлээр ч дамжиж илэрдэг. Ялангуяа, нүүдэлчид “Хал нь гаднаа, хайр нь дотроо” гэдэг. Дээхнэ үед нүүдэл даахгүй настнаа тэгдэг байсан нь үнэн. Гэхдээ би “Хөхөө” киногоор ёс заншлын тухай ярих гээгүй. Монголчууд ийм ёс заншилтай гэж хөндөхийг хүсээгүй. Энэ бол тусдаа асуудал.

Амьдралд ийм асуудал тулгарвал хэн ч тойрч гарч чадахгүй. Туулаад л өнгөрөхөөс өөр аргагүй. Энэ асуудлыг яаж давах вэ гэж хөндсөн юм. Нүүдэл даахгүй настнаа тэгдэг байсан гэсэн үнэр агаартай. Эх үрийн үхэл давсан ойлголцол ямар байх вэ гэдгийг би дээд түвшинд тулгаж хийсэн. Бидэнд амьдрал өгсөн, эхлэлээ яах вэ гэдэг асуудал байхгүй юу. Энэ тухай ярилц гэдгийг дээд түвшинд тулгаж тавьсан. Хэрвээ хэн нэгэнд ийм асуудал тулгарвал бид хүн чанар, хайр, ойлголцол гэдэг дээр жаахан ч гэсэн тайм (цаг) аваасай, тунгаагаасай гэж хүсэж байна.

-Үүнийг үзэгчид бүрэн дүүрэн ойлгох эсэх найруулагчаас үл шалтгаална. Магад зарим нь тэс өөрөөр ойлгосон, хүлээж авсныг ч үгүйсгэх аргагүй. Хэлэх гэсэн, ойлгуулах гэсэн санааг тань үзэгчид ойлгохгүй байхаар эмзэглэдэг үү?

-Энэ бол байх ёстой зүйл. Хүн хүний өнцөг, хутгаж авах шанага нь ондоо. Боловсрол, соёл, урлагийг ойлгох, ойлгохгүйн тухай асуудал биш, “Хөхөө”-гийн хувьд. Үзэгчид туулсан, үзсэн амьдралаараа энэ киног тодорхой хэмжээнд, өөр, өөр өнцгөөр ойлгоно. Зарим үзэгч “Амьдрал дээр ийм зүйл байхгүй” гэж магадгүй. Үүнийг буруутгаж боломгүй. Энэ асуудал тодорхой хэмжээнд тулгарахад “Аан, ийм асуудлыг хөндсөн юм байна” гээд ойлгох байх.

“УЛААНБААТАР” КИНО НААДМЫН ШИЛДЭГ БОЛОХДОО БИ ААВААРАА Л БАХАРХСАН

-Та “Хөхөө”-гөөр өнгөрсөн жил “Улаанбаатар” олон улсын кино наадмаас “Шилдэг кино”, “Шилдэг найруулагч”-ийн шагнал хүртсэн. Дүү Сэнгэдоржтойгоо хамт тэврэлдэн, баярт мөчөө хуваалцаж буй бичлэг цахим хуудсанд тань бий. Шагналаа авах мөчид танд ямар мэдрэмж төрсөн бэ?

-Тэр үед би ааваараа л бахархсан, аавынхаа тухай бодсон. Аавынхаа нэрийг гаргаж буйдаа маш их баярласан.

-Таныг хүмүүс аавтайгаа усны дусал мэт адилхан гэдэг. Анзаарах нь ээ, жилээс жилд улам адилхан болоод байх шиг.

-Харин тийм ээ. Чи их зөв анзаарч. Надад ч бас тэгж санагдаад байгаа юм. Хэдэн жилийн өмнө “Мөрөөдлийн хөлөг онгоц” олон ангит киног манай дүү Сэнгэдорж найруулсан. Тус кинонд миний төрх таараад тоглосон юм. Дараа нь нэг хүн надтай ирж уулзсанаа “Чи Жааяагийн хүүхэд үү” гэж асуув. “Тийм ээ” гэсэн чинь “Би чамайг төрхөөр чинь таньлаа” гэж билээ. Жил ирэх тусам аавтайгаа адилхан болж буйгаа анзаардаг, хүмүүс ч тэгж хэлдэг.

Саяхан Сэнгээгийн киноны нээлтэн дээр байхад хөтлөгч Анжгай Галаа (Д.Галбаяр) бид хоёрын зургийг дараад, хоёр аавынхтай нийлүүлчихсэн байсан юм. Би тэр зургийг хараад “Хөөх, ямар адилхан гарсан юм бэ” гэж бодсон.

Гар утсан дээр жилийн өмнө авхуулсан зургийг сануулдаг даа. Жилийн өмнөх бил үү, нэг зураг тэгж гарч ирэхээр нь би үнэхээр гайхсан. Аавын зураг гараад ирэхгүй юү. Гайхаад бүр сайн анзаарах нь ээ миний зураг байсан. Иймэрхүү зүйлсээс аавтайгаа улам адилхан болж буйгаа мэдэрдэг.

Аав Сэнгэдорж бид хоёрыг “Урлагийн хүн бол” гэж тулгаж байгаагүй. “Юу хүссэн, дуртай зүйлээ л хий” гэдэг байсан. Хаана ч явахад “Жанчивдоржийн хүү” гэдэг олны хайр хүндлэл, хандлага намайг үргэлж нөмөрдөг.

Аав минь “Хүний юманд хэзээ ч битгий дураараа хүр. Ширхэг шүдэнз авахдаа ч эзнээс нь зөвшөөрөл ав. Хүн бай” гэж захьдаг байлаа. Энэ их чухал. Уран бүтээлч өөрөө хүн байж хүнд хэрэгтэй зүйл хийнэ.

Чадвар, чадал нь хүрвэл уран бүтээлч хүн ард түмнийхээ урд алхан, жим гаргаж, бамбар нь болж явах учиртай.

-Та монгол түмнийхээ бамбар нь байж, түрүүлж алхаж чадаж байна уу?

-Би өөрийгөө тодорхой хэмжээнд дүгнэх харьцангуй ойлголт. Тэгж дүгнэх утгагүй. Би өөрийгөө дүгнэж чадахгүй бол бусдыг ч дүгнэж чадахгүй. Тэгэхээр дүгнэлт өөрөө ярьвигтай зүйл.

ДҮҮ БИД ХОЁРЫГ ХООРОНД НЬ ЖИШИХ ИЛҮҮЦ, ДЭМИЙ ЗҮЙЛ

-“Жамъянсүрэн, Сэнгэдорж хоёрын хэн нь илүү найруулагч вэ. Алиных нь битээл илүү вэ” гээд ах, дүү хоёрыг хооронд жишихээр танд ямар санагддаг вэ?

-Бид хоёрын хэн нь илүү вэ гэдэг илүүц, дэмий зүйл. Тусдаа уран бүтээлч, өдөр, шөнө шиг ялгаатай. Хоёр өөр өнцөгтэй. Тиймээс ийм хоёр найруулагчийг хооронд нь жиших дэмий, ах, дүү хоёрыг бүр ч дэмий. Би лав тоодоггүй. Дэл сул дэмий яриа, газар авах ч үгүй.

Дүүтэйгээ хамт кино урлагийн салбарт зүтгэн, найруулагч хийж яваагийн бахархах зүйл олон. Аав минь бий болгосон гэр бүл ямар том урлагийн лаборатори вэ, гени гэж ямар чухал зүйл байдаг нь эндээс харагддаг.

“ХӨХӨӨ”-Г САНАСАНДАА ХҮРТЭЛ ХИЙЖ ЧАДААГҮЙ, 40 ХУВЬД ХҮРСЭН БОЛ ИХ ЮМ

-“Хөхөө”-г хийсний дараа “Одоо л сайн найруулагч боллоо” гэж өөрийгөө үнэлж, тоов уу?

-Хүн урмын амьтан, урмаар амьдардаг. Цаашид улам хичээх эрч хүч, урмыг “Хөхөө”-гөөс авсан. Кино урлагийнхандаа, монгол түмэндээ маш их талархаж байна. “Найруулагч болчихлоо доо” гэж бодох хаа байсан юм бэ. Энэ бол дөнгөж эхлэл шүү дээ.

-Та ер нь “Хөхөө”-г санасандаа хүртэл, 100 хувь хийж чадсан уу?

-(Толгой сэгсрэв). 40 хувьд нь л хүрсэн бол их юм.

ӨНДӨР НАСТАЙ Т.БОРХҮҮ ЭГЧИЙГ “ЯС, АРЬС БОЛТЛОО ТУРААДАХ” ГЭЖ ХЭЛЖ ЧАДААГҮЙ НЬ МИНИЙ АЛДАА

-“Энийг нь ингэчихдэг байж. Тэрийг нь тэгчих минь яалаа” гээд хамгийн сэтгэл дундуур яваа зүйл юу вэ?

-Ямар нэгэн уран бүтээлд тоглуулахын тулд уран бүтээлчийг тодорхой хугацаанд бэлдэх их чухал. “Хөхөө” киноны гол дүрд анх өөр эмэгтэйг тоглуулахаар сонгочихсон байсан гэж түрүүн хэлсэн. Тухайн жүжигчин дүрдээ бэлдэн, нэлээд турчихсан байсан юм. Гэтэл харамсалтай нь өөд болчихсон. Тэгээд ээжийнх нь дүрд хэнийг тоглуулах вэ гэдэг асуудал тулгарлаа. Борхүү эгч минь үнэхээр сайн тоглосон.

Цаг хугацаа давчуу байсан тул тэр өндөр настай хүнд “Та яс, арьс болтлоо тураадах” гэж хэлж чадаагүй нь алдаа. Энэ бол найруулагч миний л алдаа. Борхүү эгч ямар ч буруугүй. Тэгж турсан бол өнөөдөр “Энэ хүн тэгтлээ доройтож, тартагтаа тулаагүй байсан” гэх шүүмжлэл гарахгүй. Яс, арьс болтлоо турж, доройтсон эмэгтэй орон дээр хэвтэж байсан бол тэгээд л гүйцэхгүй юү.

Тэгэхээр Монголд мэргэжлийн түвшний жүжигчин хангалттай хэмжээнд байдаг уу гэвэл учир дутагдалтай. Яг жинхэнэ мэргэжлийн хэмжээний жүжигчин гарын арван хуруунд багтана. Яг тийм жүжигчин маш ховор. Аль болох соруудыг нь сонгоод “Хөхөө”-д тоглуулсан. Борхүү эгчдээ чин сэтгэлээсээ баярлаж буйгаа хэлье.

-Киноны дүрд тань яг тохирох жүжигчин олдохгүй мухардсан үе бий юү?

-“Хөхөө”-д мэргэжлийн хэдхэн жүжигчин тоглосон. Бусад нь дуучин, төрийн албан хаагч гэх мэт тэс өөр мэргэжлийн хүмүүс. Тухайн дүрд хэн тохирох вэ гэж хараад болохгүй байсан болохоор л энгийн хүмүүсийг тоглуулсан.

Жүжигчин сайн, муу тоглох нь ерөөсөө найруулагчаас шууд шалтгаалдаг. Кинонд ямар нэгэн алдаа гарвал тухайн найруулагчийн арга барил, ур чадвартай шууд холбоотой.

ДАРААГИЙН УДАА СЭТГЭЛ ЗҮЙН ТРЭЙЛЕР КИНО ХИЙНЭ

-Ийм л асуудлыг хөндөх сөн, тийм жанрын бүтээл хийх сэн гээд зорьж яваа сэдэв бий юү?

-Байгаа. Сэдэв, санаа гэхээсээ илүү миний онцлогийг илүү товойлгох болов уу гэж бодон, надаас өөрийн мэдэлгүй урсан, урган гарч буй жанр бол сэтгэл зүйн трэйлер. Дараагийн удаа сэтгэл зүйн трэйлер кино хийх бодол бий.

ТЕАТР ХААН БАНКНЫ ХУРАЛ, ЗӨВЛӨГӨӨН ХИЙДЭГ ОБЬЕКТ БОЛСОН НЬ ЭМГЭНЭЛ

-Аавын тань ажиллаж байсан Хүүхэд залуучуудын театрыг татан буулгаад удаж буй. Үүнд та эмзэглэж явдаг уу?

-Эмзэглэлгүй яах вэ. Урлагийн сургуулийг жил бүр маш олон оюутан төгсдөг. Бүгд мэргэжлээрээ ажиллаад, тодорхой орон зай эзэлж байна уу гэвэл үгүй. Тиймээс олонх нь хувийн хэвшил рүү шингэдэг. Хүүхэд, залуучуудын театрыг хаалаа, нээлээ гээд одоо яриад л байна. Газрыг нь ХААН банканд л булаалгачихсан юм шиг байгаа юм. Монголын өнөөгийн нийгмийн үнэн нүүр царай л даа.

Аливаа улс урлагийн салбарыг ямагт эн тэргүүнд, өндөрт тавьж байж, урлагаар дамжуулж ард түмнээ гэгээрүүлж, гэрэл түгээдэг. Гэтэл Монгол Улс хэрхэн мөнгө олох вэ, чинээлэг амьдрах вэ гэдэг дээр хэтэрхий ач холбогдол өгсөөр ирлээ. Үүнийг дагаад хүмүүс “Мөнгө хэрхэн олох вэ. Яаж баяжих вэ” гэсэн бодолд уяатай яваад байх шиг. Театр нь ХААН банкны барилгын ард, хурал, зөвлөгөөн хийдэг обьект болчихно гэдэг эмгэнэл. Одоо хаана билээ, нэг газар Хүүхэд, залуучуудын театрыг байгуулах гэж буй сурагтай.

Драмын болон Хүүхэд залуучуудын театр хоёулаа байвал боловсон хүчингүүд ажиллах, өрсөлдөх, театрын урлаг хөгжих боломж, орон зай гарч ирэх байсан. Одоо Драмын театр дангаараа хөгжөөд ямар байдалд хүрснийг олон нийт харж байгаа байх. Урлагаар дамжин олон нийт төлөвших, соён гэгээрэх зэрэг олон зүйл ард хоцорлоо. Хүний тархи ходоодондоо захирагдаж сэтгэнэ гэдэг өөрөө эмгэнэл. Санаагаар болдог сон бол Хүүхэд, залуучуудын театрыг эрчимтэй сэргээн хөгжүүлэх хэрэгтэй.

ТЕАТР НАЙРУУЛАГЧААР АЖИЛЛАХ БОДОЛ БАЙХГҮЙ

-Хүүхэд залуучуудын театрыг дахин байгуулаад найруулагчаар нь ажиллах санал танд тавьбал зөвшөөрөх үү?

-Болох л байх. Яагаад гэвэл аавын минь ажиллаж байсан театр учраас.

-Драмын театрт найруулагчаар ажиллах бодол танд бий юү?

-Хүүхэд залуучуудын театр, Драмын театр төдийгүй бусад театрт тухайн нэг жүжгийг л тавих гэж очно.

-Тэгэхээр удаан хугацаанд ажиллахаар бус гэсэн үг үү?

-Тийм.

-Хоёулангийнх нь ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Уран бүтээл, амьдралд нь гэгээн бүхний дээдийг хүсье.

-Баярлалаа. Намайг хайрладаг бүхий л хүмүүст, ард түмэндээ маш их талархаж байна. Монголын ард түмэн та бүхний ачаар өнөөдөр би эрч хүчээр дүүрэн, эрүүл саруул яваа юм шүү. Та бүхэндээ үнэхээр их хайртай. Монгол түмнийхээ сэтгэлд хүрсэн олон, олон уран бүтээл хийхийг хүсэн, тэмүүлж яваа шүү.

Уран бүтээлчийн нөр их хөдөлмөрийн цаана миний гэр бүл бий. Миний төлөө бүхий л амьдралаа зориулж, намайг өдий зэрэгтэй явахад түшиж, тулан, эрч хүч, хайраар бялхуулсаар ирсэн хань Энхтүвшиндээ баярлалаа.

 

Эх сурвалж: Eguur.mn

Холбоотой мэдээ