УИХ-ын намрын чуулганы эхний хуралдаан өчигдөр болж, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ. Бараг л буцаагдах шахав, энэ хууль.
Ц.Даваасүрэн нарын цөөнгүй гишүүд эсэргүүцэж буйгаа илэрхийлж, зарим нь бөөрөнхий байр суурь хэлсэн ч эцэстээ дэмжигдсэн. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа, П.Анужин, Д.Өнөрболор нар өргөн барьсан нь анхаарал татна.
НЭГ: 100 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН БОСГЫГ ТЭГЛЭХ
Энд ерөөс хөрөнгө оруулалтын тухай хуулийн хоёр зүйл заалтыг л өөрчлөн найруулах асуудал яригдаж байгаа юм. Нэг нь, “Гадаадын хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлэх вэ?” гэсэн агуулга дээр. Нөгөө нь “Гадаадын хөрөнгө оруулагч Монголд оршин суух зөвшөөрлөө хэрхэн авах вэ?”.
Эхнийх нь одоогийн хуулиар “…хөрөнгө оруулсан хэмжээ нь 100 мянган ам.доллар буюу түүнээс дээш байх…” гэж тодорхойлогдсон байгаа. Тэгвэл нэмэлт өөрчлөлтийн хуулийн төсөлд 100 мянган ам.доллар гэдэг агуулгыг бүр хасаж, оронд нь “…хоёроос дээш ажлын байр бий болгосон, ААНОАТ болон бусад татвар төлөгчийг…” болгож өөрчлөх аж.
100 мянган ам.доллар гэдэг нь 300 сая орчим төгрөг. Уламжлалт сэтгэлгээгээр бол гадаадын хөрөнгө оруулалт гэхээргүй бага дүн мэт олон нийтэд бууна. Тэгвэл энэ босгыг тэглэж, оронд нь “ААНОАТ төлөгч байх” гээд заачихвал хөрөнгө оруулагчдыг татна гэж тооцжээ.
Х.Булгантуяа гишүүний тайлбарласнаар ингэж өөрчлөх зорилт нь старт-ап компаниудаа гадаадын хөрөнгө оруулалт татах агуулгад зангидагдаж байгаа гэх. Өөрөөр хэлбэл бага дүнгээр хөрөнгө оруулалт татах боломжийг шинэ тутам компаниуддаа олгох.
Г.Амартүвшин гишүүний хэлснээр ихэнх орнуудад ийм босго байдаггүй гэнэ. Иймд манай компаниудад хөрөнгө оруулах гадаадын хөрөнгө оруулагчдын тоо сүүлийн жилүүдэд тогтмол буурсан нь энэ “100 мянган ам.доллар” гэдэг босгоос шалтгаалсан гэж хууль санаачлагчид үзжээ.
ХОЁР: 150 САЯЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙСЭН БОЛ ОРШИН СУУХ ВИЗ ОЛГОХ
Хоёр дахь нь буюу гадаадын хөрөнгө оруулагч Монгол Улсад оршин суух эрх авах тухайдах нэмэлт өөрчлөлт нь хамгийн их маргаан дагуулсан.
Тодруулбал, одоо хэрэгжиж буй хуульд “…холбогдох хууль тогтоомжийн дагуу олгоно…” гэж заасан байдаг. Тэгвэл үүнийг “…50 мянган ам.доллар буюу түүнээс дээш хэмжээгээр хөрөнгө оруулсан бол олгоно…” гэж өөрчлөх аж.
Улмаар, Монголд хамгийн багадаа 50 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн л бол тухайн этгээдэд гэр бүлийн хамт Монголд хувийн хэргээр орших суух зөвшөөрөл олгох зохицуулалттай болгож буй. 50 мянган ам.доллар гэдэг 150 сая төгрөг.
Үүнээс Ц.Даваасүрэн гишүүний хэлдэг “Нэг байшин юм уу үнэтэйхэн шиг автомашин үзүүлээд л виз авчих юм байна. Энэ бол үндэсний аюулгүй байдлын асуудал шүү” гэх өнцөг ургаж буй. Харин Т.Доржханд гишүүний хувьд “Юм л бол хятадууд орж ирнэ гэж дэмий зүйл ярьдгаа больё. Энэ хуулийг дэмжье” гэх агуулгаар дуугарсан юм.
Хууль санаачлагчдаас яг үүн дээр тодорхой тайлбар хэлээгүй. Ямартай ч хөрөнгө оруулагчид эндээ, гэр бүлээрээ амьдрах боломжтой тохиолдолд илүү таатай нөхцөлөөр хамтран ажиллаж, цаг заваа бүрэн зориулахыг хүснэ л гэж харсан бололтой.
Х.БУЛГАНТУЯА Л ОНОЛ, ТУРШЛАГА ЯРЬЖ, БУСАД НЬ БУДИЛААНТАВ
Ингээд санал хураахад нийт 54 гишүүн оролцсоны 28 нь дэмжиж, 26 нь дэмжээгүй. Өөрөөр хэлбэл 51.9 хувь нь хэлэлцэхийг дэмжсэнээр тус хуулийн төслийг анхдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.
Дэмжсэн гишүүдийн дотор Ардчилсан намынхан, мөн анхны парламентдаа ажиллаж буй гишүүд байгаа нь ажиглагдсан. Харин дэмжээгүй гишүүдэд МАН-ын хууччуул, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж нарын АН-ынхан багтав. Мөн өмнө нь Сангийн сайдаар ажиллаж байсан хоёр гишүүн: Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн болон одоогийн Сангийн сайд Б.Жавхлан багтсан нь анхаарал татсан.
Хуралдааны үеэр нэг бус гишүүн тус хуулийн төслийг хаалттай хэлэлцэх санал гаргасан нь мөн сонирхол татна. Ихэнх гишүүдийн хувьд гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг бодлогын хэмжээнд ярих хэрэгтэй, “Энэ жижигдэж байна” гэх утгатай үг хэлж байв.
Харин ерөөс хуулийн төслөө хамгаалж дуугарагч нь Х.Булгантуяа л байв. Х.Ганхуяг гишүүдийн асуултад хариулж байсан ч дорвитой онож өгөхгүй, бултсаар таарсан. Харин Д.Өнөрболор, П.Анужин нар нөгөө хоёрынхоо ард нуугдаад таарсан.
Гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг очиж очиж Д.Өнөрболор, П.Анужин нар хөндсөн нь сонирхолтой. 150 сая төгрөгийн хөрөнгө оруулсан л бол оршин суух виз авах агуулга нь яг тэдний сэдсэн санаа гэлтэй уншигдана. Харин санхүүгийн салбарт арай туршлагатай Х.Булгантуяа, Х.Ганхуяг нар нь ердөө хамгаалагчийн үүрэг гүйцэтгэчихэв үү гэмээр.
Одоохондоо тэднээс эрх ашиг олж харахад бүрхэг байгаа ч цаана нь МАН-ын залуу фракцын санаачилга явж байж мэдэх нюанстай байна. Мөн хуулийн төслийг нэг, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх үеэр илүү өөрчлөлтүүд оруулах хүлээлт үүссэн. Энэ өөрчлөлтөд юу тусах нь магадгүй хамгийн гол нюанс болж мэднэ. Ямартай ч гадаадын хөрөнгө оруулагчдыг жижиг жижгээр, олноор татъя гэсэн агуулгатай энэ хуулийн төслийн авторууд нэг тийм зохицолдоогүй хэлбэр, дүрстэй харагдав.
Эх сурвалж: Eguur.mn
0 cэтгэгдэлтэй