Pandora Papers: “Эрдэнэт”-ийн 49 хувийг ОХУ-ын компани Монголд хэрхэн зарсан тухай баримтыг дэлгэжээ

2021-10-06 24 0

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум дэлхийн 90 гаруй орны улс төрийн 330 гаруй өндөр албан тушаалтнууд, тэрбумтнуудын офшор хөрөнгийн талаарх 11,9 сая баримт бүхий мэдээллийг ил болгосон.

Энэхүү мэдээлэлдээ АНУ-ын “Baker McKenzie” хуулийн фирм өндөр албан тушаалтан, хөрөнгө чинээтэй хүмүүст хөрөнгөө нуун дарагдуулах, татвараас зайлсхийхэд нь тусалдаг байсныг нотлох баримтуудыг дэлгэсэн байна. Гэвч 46 оронд үйл ажиллагаа явуулдаг, 4700 хуульчтай энэ компани олон улсын стандарт, хүний эрх, авлигын эсрэг бодлого болон хууль журамд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж байсан гэжээ.

“Baker McKenzie” компанийн үйлчилгээ үзүүлж байсан компаниудын дунд Монгол Улсад “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцаагаа худалдсан ОХУ-ын зэвсэг үйлдвэрлэгч “Ростех” компанийн нэр багтжээ. Уг хэлэлцээртэй холбогдуулан тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэгийг шалгаж эхэлсэн гэж бичсэн байна.

Тус нийтлэлээс товчлон хүргэхэд “2016 оны гуравдугаар сард Оросын “Ростех” компани дэлхийн томоохон зэсийн уурхайн хувьцаагаа худалдахаар тусламж хайж байжээ. Уурхай нь Монгол Улсад, Монголын саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт” үйлдвэр юм.

“Ростех” компани нь Оросын сөнөөгч онгоцноос эхлээд хуяг дуулга, Калашников буу гэх мэт цэргийн зэр зэвсгийн бараг бүхий л зүйлийг үйлдвэрлэдэг байна. Хэлэлцээ хийх үед Крымийн хойгийн нөхцөл байдлаас үүдээд “Ростех” барууны улс орнуудын хоригт орсон байв.

Тус компани Монгол Улстай хувьцаа борлуулах гэрээ хийхдээ Baker McKenzie-гээс тусламж хүсчээ. Тус компани өөрсдийгөө Зөвлөлтийн үед буюу 1989 онд Москва хотноо салбараа нээсэн анхны барууны хуулийн фирм гэж нэрлэдэг байна. УИХ энэ худалдан авалт нь хууль бус, Ч.Сайханбилэг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр уг хэлэлцээрийг хийсэн гэж үзжээ.

2016 оны зургаадугаар сард “Ростех” Эрдэнэтийн хувьцаагаа 400 сая доллараар “Монгол зэс корпорац” гэх төдийлөн сайн танигдаагүй нэгэн компанид худалджээ. Тухайн үед “Дойче Банк”-наас мөнгө угаалтын эсрэг шалгалт явуулж, Монголын Зэс Корпорацтай холбоотой олон зуун сая доллар бүхий сэжигтэй гүйлгээ хийгдсэн байж болох мэдээллийг тайлагнасан байна. Уг тайланд тус корпорац ямар үйл ажиллагаа явуулдаг талаарх мэдээлэл байгаагүй гэжээ.

Монгол Улсад “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсантай холбоотой маргаан үүсэж, тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Монголын хууль сахиулах байгууллагууд шалгаж эхэлсэн байна.

Монгол Улсын их хурал энэ худалдан авалт нь хууль бус, Ч.Сайханбилэг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр уг хэлэлцээрийг хийсэн гэж үзжээ. Түүнчлэн “Монголын Зэс корпорац” нь хувийн хэвшлийн Худалдаа хөгжлийн банкны эзэмшдэг компани болохыг нотлох баримтуудыг мөрдлөгийн үед илрүүлсэн байна.

“Goldman Sachs” зэрэг гаднын томоохон хөрөнгө оруулагчтай энэ банк худалдан авалтыг санхүүжүүлэхэд улсын хөрөнгийг зүй бусаар ашигласан гэж мөрдөн байцаагчид мэдэгдэв. Goldman Sachs 4,8 хувийн хувьцааг ХХБ-д эзэмшдэг байна.

Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Роберт Амстердам “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг уг худалдан авалтад оролцоогүй, ямар нэг хууль бус зүйл хийгээгүй. “Ростех” Монголын Зэс корпорацтай өөрсдөө холбогдсон. Тэд өөр худалдан авагчдад хувьцаагаа худалдахыг хүсээгүй” гэжээ. Тэрээр “Эрдэнэт үйлдвэрт улс төрийн зорилготой мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь Монголын бизнесийн орчны нэр хүндийг унагааж байна” гэв.

Baker McKenzie-гийн зүгээс “Ростех” болон хоригт багтсан Оросын бусад компаниудтай холбоотой хэлэлцээрийн асуудлаар тайлбар өгөхөөс татгалзсан” гэж бичжээ.

Эх сурвалж: ICIJ

Холбоотой мэдээ