
Дэлхийн улс төрийн цаг агаарт сэрүү орсныг илтгэх үйл явдлууд өрнөсөөр. Улс орнууд цар тахалтай тэмцээд завгүй ч хүн төрөлхтний түүх шинэ хүйтэн дайны эхний он жилүүдтэй золгож ч болзошгүй талаар шинжээчид дүгнэх болсон. Бээжин болон Вашингтоны сөргөлдөөн нь дипломат зөрчилдөөнөөс давж дэлхий ертөнцийг дахин хоёр туйлд хуваах болов. Тухайлбал, Цагаан ордон 20 жилийн турш үргэлжилсэн Афганистаны дайнд цэг тавьснаар АНУ-ын цэрэг стратеги бүхэлдээ Ойрхи Дорнодоос Энэтхэг-Номхон далайд шилжлээ гэж дүгнэж болох юм. Бээжин дотоод асуудлаа цэгцэлж, Эх газрын Хятадыг төвхнүүлснээр дэлхийн тэргүүлэгч гүрэн болох зорилго тодорхойлсон. Улмаар цэрэг армийн хүчээ зузаатган Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаантай арлуудад түрэмгийлэх бодлог хэрэгжүүлэх болсон.
Нөгөө талд АНУ, Энэтхэг, Япон болон Австрали гэх дөрвөн улс Бээжингийн түрэлтийн эсрэг Куад эвслийг байгуулан, Ази-Номхон далайд Хятадыг сөрөн сэлүүрдэж эхэлсэн билээ. Түүнчлэн, Япон улс сүүлийн жилүүдэд батлан хамгаалахын салбартаа түүхэнд байгаагүй их мөнгө төсөвлөж, цэрэг армиа эмхлэх болсон нь Зүүн өмнөд Азийн орнуудыг Хятад, Япон гэх хоёр мангастай нэгэн зэрэг тулах, эсвэл эртхэн аль нэгнийх нь талд гарч зогсох тулгалт руу шахсаар байна.
Харин ОХУ барууны орнуудын эдийн засгийн хоригт орж, НАТО Оросын хилийг тойрон улам бүр бэхжихтэй зэрэгцэн Москва-Бээжингийн харилцаа улам бүр дотноссоор. Орос-Хятадын харилцаа сүүлийн жилүүдэд түүхэнд байгаагүй итгэлцэлд хүрч, ШХАБ-аар дамжуулан стратегиа нэгтгэх болов. Мөн манай хоёр хөршийн төрийн тэргүүн нар дэд бүтцийн томоохон хамтарсан төслүүдийг “хундага тулган” баталж, Евразийн эдийн засгийн интеграцыг хамтран зурах болжээ.
Модод өвлийн хүйтэнд бэлдэн навчаа гөвж, дулаанаа нөөцөлдөг шиг их гүрнүүд ийнхүү тулгарч болзошгүй өөрчлөлтөд бэлтгэн хүчээ нөөх болжээ.
Улс төрийн цаг агаарын энэхүү өөрчлөлт, их гүрнүүдийн тоглолт нь жижиг орнуудад хүссэн ч эс хүссэн ч нөлөөлөх нь гарцаагүй. ШХАБ-ын гишүүнээр элсэх санал, Орос-Америк-Хятадын гадаад бодлого, батлан хамгаалахын “гал тогоо”-г барьдаг гол албаныхан шил шилээ даран манайд айлчлах болсон, ковидын эсрэг вакцины нийлүүлэлт дагасан улс төр зэрэг нь өөрчлөлтийн нөлөөллийн салхи Монголын зүг үлээж эхэлсний илрэл гэлтэй. Өөрөөр хэлбэл, бид ч гэсэн навчаа гөвж, өөрчлөлтөд бэлдэх цаг нь нэгэнт иржээ.
Гэтэл Монгол Улсын гадаад харилцааны бодлого нь өөрчлөлтөд бэлтгэхгүй, эсрэгээрээ өр төлөхөд тамираа барж буйг Элчин сайд нар, Элчин зөвлөх, Консулуудын томилгооноос харж болно. Монгол төрийн алтан аргамж нь Ардын намын сонгуулийн өр төлөх төлбөрийн хэрэгсэл болсныг сүүлийн үеийн гадаад томилгоонууд илтгэнэ.
Тухайлбал, АН-ыг хагалахад чуулганы танхимаас гол үүрэг гүйцэтгэсэн УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан Австралид Элчин зөвлөх, мөн УИХ-ын гишүүн асан Лу.Болд Бельгийн хаант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд болж шагнууллаа. Дашрамд дурдахад, Ж.Батзандан гишүүний ах нь мөн л Хөх хотод дипломат алба хашдаг. Мөн сонгуулийн “PR”-г хариуцаж байсан Ө.Батбаяр АНУ-д суух Элчин сайдаар томилогдов. Түүнийг мэргэжлийн бусаас гадна монгол төрийн албанд нэг өдөр ч ажиллаж үзээгүй гэх шүүмжлэл явсан ч, УИХ-ын гишүүд тоож сонсоогүй бөгөөд ярсхийтэл гар өргөж, бүгдээрээ кнопчид болохоо яруу тод харуулсан даа. УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир сонгуульд ялагдсныхаа бараг “маргааш” Өмнөд Солонгосын Бусанд суух ерөнхий консул болов. Залгаад консулуудын томилгоо гэхэд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын туслах Л.Түвшинжаргалыг АНУ-ын нэг хотод консулаар томилсон мэдээ гарсан. Хамгийн сүүлд гавьяат жүжигчин дуучин Г.Эрдэнэбатыг мөн л Элчин зөвлөхөөр томилжээ. Эндээс харахад, манай улс цаашид гадаад харилцааны боловсон хүчин бэлдэх шаардлага байна уу гэх асуулт төрнө. Бид эндэээс энэ мэтээр өнгөтэй өөдтэйгөө илгээж байгаа ч, тэнд дипломат албыг мэргэжлийн ажил, тухайн улс оронд тухайн улс орноос үзүүлж буй хандлага, ач холбогдол гэж хүлээж авдаг.
“Бид дэлхийн улс төрийн цаг уурын өөрчлөлтөд бэлэн үү…” гэдэг бол Монгол Улс нь хуваагдаж буй хоёр хүчний хаана нь зогсох тухай хоёрхон сонголттой асуулт биш юм. Энэхүү хоёрхон сонголтын дунд хэдэн арван янзын бодлого, ур чадвар бий бөгөөд үүнийг мэргэжлийн дипломатууд хийдэг.
Шинэ өөрчлөлтийн өмнө дэлхийн улс орнууд хүчээ нөөцөлж, хүнээ бэлтгэж байхад Монгол Улсын гадаад харилцаа нь гадаа талдаа хүний нөөцгүй, залгамж чанаргүй болж байгаа нь дээрх томилгоонуудаас харагдана.
Эх сурвалж: Itoim.mn
0 cэтгэгдэлтэй