БИЕ МАХБОДЬ ЕРДӨӨ Л БҮРХҮҮЛ
Эрдэмтэд энэхүү нууцлаг зүйл чухам хаана оршдогийг тайлахаар уйгагүй ажиллаж байна. Сүнс гэж чухам юу вэ? Түүний мөн чанар юунд оршдог вэ? Сүнс, оюун санаа бурхантай хэрхэн холбогддог юм бол? Тэр хэзээ хүний биед нэвтэрч, хүнийг нас барсны дараа чухам хаашаа алга болдог вэ гэсэн олон асуулт хүн төрөлхтнийг зовоодог. Энэхүү асуултуудад хариулт өгөхийн тулд эртний цэцэн мэргэдийн Төвдийн алдарт “Талийгаачдын ном”-д үндэслэн судалгаа хийснийг авч үзье.
-Өнгөрсөн зууны сүүл үеэс уг номыг сонирхогч эрдэмтдийн тоо огцом өссөн. Тухайн үед үхээд босч ирсэн хүмүүстэй биечлэн уулзсан судалгааны үр дүнгээрээ ном туурвисан судлаач Раймонд Моудын “Амьдралын дараах амьдрал” бестселлер ид шуугиан тарьж байсан үе л дээ. Түүний судалгаанд оролцсон хүмүүс “Талийгаачдын ном”-д тэмдэглэн үлдээсэнтэй яг ижил байдалд орсон байсан. Орчин үеийн сэхээн амьдруулахад хэдийнэ нарийн тодорхой болсон үхлийн ирмэг дээрх үеийн тухай мэдээллийг тэрээр хэрхэн хаанаас олж авсан нь бүрэн тодорхойгүй. Ийм ер бусын далдыг харах чадвар тархинд оршдог бөгөөд хүн бүрийн тархинд зуун зууны ой санамж хадгалаастай байдаг гэж би хувьдаа боддог. Түүнийг сэтгэл зүйн дүн шинжилгээ болон ховсын тусламжтайгаар ил гаргаж болно. Эсвэл өөрөө гэнэт гарч ирж болно. Тийм учраас л сүнс өмнө нь хаана байснаа санадаг байх. Тархинд түр зуур орогнодог байж болох юм гэж Төрийн шагналт, Харьковын физик-техникийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч, физик-математикийн шинжлэх ухааны доктор, профессор Игорь Гарин ярьж байна. Түүнийхтэй ижил санааг нэлээд эрдэмтэд дэвшүүлдэг ч үүнээс огт өөр таамаглалууд бий.
ТҮҮНГҮЙГЭЭР АМЬДРАЛ ҮГҮЙ
Балар эртний хүмүүс чухам юу хүнийг амьдруулаад байдаг юм бол гэсэн асуултын эрэлд байнга л мордож байсан. Мэдээж амьсгал уу? Талийгчид амьсгалдаггүй учраас асуух юу байхав. Гэхдээ дээрх үзэл бодлоос гадна олон ард түмэн сүнс болон дээд оюун санааг амьсгалын эрхтэнтэй ойролцоогоор нь цээж, гэдэс, биеийн зарим хэсэг буюу толгойд оршдог хэмээн үзсээр ирсэн юм. Ингэж үзэж болох ч цусгүйгээр ямар амьдрал оршин тогтнох билээ гэж эртний еврейчүүд үздэг байсны үндсэн дээр цус бол сүнсийг тээгч хэмээдэг байв. Яг ийм саналыг Иеговын гэрчүүд өнөөг хүртэл баримталсаар ирсний нэг нотолгоо нь Библьд “Учир юу гэвэл сүнс бол түүний цусны илэрхийлэл” гэж бичсэнээс харагдана.
Цусаа сэлбэх нь бусдын сүнс биед нэвтрэхийн шинж хэмээн эсэргүүцдэг үзэлтнүүд ч бий. Эскимосууд хүзүүний нугаламд сүнс оршдог учраас энэ эрхтэн гэмтэл авбал амархан нүд анина гэж үздэг. Эртний Вавилоны оршин суугчид яагаад ч юм хүний амин чухал эрхтнийг чих хэмээн бэлэгшээдэг байв. Учир нь чихэнд сүнс оршдог гэж үздэгтэй нь холбоотой аж. Харин орчин үеийн хүмүүст нэгдсэн санал бодол үгүй. Ялангуяа гэнэн төсөөлөл таамаглалууд тоо томшгүй. Хамгийн сонирхолтой ажиглалтыг Германы Любек дэх их сургуулийн сэтгэл зүйчид хийсэн юм. Тэд 7-17 насны хүүхдүүдийг ямар ч албадлагагүйгээр сүнс хаана оршиж байж болохыг хэлэхийг хүсчээ. Арай ахимаг насныхан нь “хаа сайгүй” хэмээн хариулж магнайнаас өвдөг хүртэлхээ зааж үзүүлжээ. Дунд орчим насныхан нь толгойгоо зааж, гараараа түүнийг тойруулан дүрслэн үзүүлж. Харин хамгийн балчрууд зүрхнээс бага зэрэг зүүн тийш орчмыг хуруугаараа дарж үзүүлсэн байна. Сонирхолтой нь ийм хариултыг тэдгээр хүүхдүүдийн ихэнх нь өгчээ. Гэвч зарим хүүхдүүд нүд, судасны бөөгнөрлийн уулзвар орчмыг сонгосон аж.
ЗҮРХ БОЛ ТАРХИ
Ингэхэд ер нь сүнс зүрхэнд оршиж болох уу? Элэгсэг, сэтгэл сайтай, ялдам хүмүүсийн талаар нийгэмд нэг л ойлголт бий. Yүний нэгэн адил шинжлэх ухаанд сүүлийн жилүүдэд нэлээд “элэгсэг” таамаглалыг баталгаажуулсан нь шуугиан тарьсан юм. Детройт хотын “Синай” эмнэлгийн сэтгэл зүйч Пол Пирселл эрхтэн шилжүүлэн суулгасан 140 өвчтөнийг судалгаанд хамруулсны дүнд “Зүрхний код” хэмээх шуугиант номоо бичсэн билээ. Эмч нарын дүгнэснээр сүнс нимгэн төдийгүй тархинд бус зүрхэнд оршдог аж. Түүнд хүний хувийн шинж чанартай бүх зүйл програмчлагдсан байдаг гэнэ. Сүнс тархины үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Мэдрэмж, айдас, мөрөөдөл, санаа бодлууд эсийн “дүрэлзсэн хөдөлгүүр”-т кодчилогдсон байдаг гэж Пирсел үзэж байна. Сүнсийг агуулдаг гэх энэхүү “эсийн ой санамж” эрхтэн шилжүүлэн суулгах үед өөр хүнд шилжин очдог гэнэ. Гэхдээ зарим хэсэг нь. Эрхтэн шилжүүлэн суулгаснаар донорынхоо араншинг дуурайж танигдашгүй болтлоо өөрчлөгдсөн олон тооны тохиолдлууд бий ч үүний зөвхөн заримаас нь дурдъя.
Төмөр замын ослын улмаас нас барсан 19 настай охины зүрхийг шилжүүлэн суулгасан 41 настай идэр эр гэнэт л өөрчлөгдсөн байна. Түүнд урьд өмнө ердөө ч байгаагүй догшин авир, огцом хөдөлгөөн, гутранги үзэл мэс заслын дараа бий болчихож. Багын л хашир, болгоомжтой байсан тэрбээр ойр тойрныхоо гайхлыг төрүүлэхүйц сонин араншинтай нэгэн болж хувирчээ. Коллежийн 24 настай охины зүрхийг шилжүүлэн суулгаж ус уух хувь хүртсэн 35 настай бүсгүй хүйтэн, бүрэг ичимхий нэгэн байсан бол тачаангуй нэгэн болжээ. Шөнө бүр эр нөхрөө энхрийлж зүгээр байлгахаа больсон түүнд нэгэн удаа нөхөр нь “Чи яг л янхан шиг болчихож” гэж хүртэл хэлж үзэж. Эхнэрт нь зүрхээ өгсөн тэр оюутан сурлагын төлбөрөө олохын тулд биеэ худалддаг нэгэн байсныг тэд хожим мэдэж авчээ. Английн Принстонд болсон нэгэн үйл явдал зүрхэнд л сүнс оршдог гэх таамаглалыг өөрчилсөн юм. Магадгүй тэр тохиолдлоос үзэхэд сүнс зүрхэнд бус бөөрөнд ч байж болохоор. 60 насандаа нас эцэслэсэн өвгөний бөөрийг шилжүүлэн суулгасан 37 настай бүсгүйн араншин танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн гэдэг.
-Тэр өмнө ямар ялдамхан, сайхан сэтгэлтэй нэгэн байлаа даа. Гэтэл бөөр шилжүүлэн суулгасны дараа Ээж маань араатнаас дутахгүй авиртай болсон. Дэмий, аар саар зүйлд ч цухалдана. Саяхан зоогийн газар муухан шарсан бифштексээс болж бараг гар зөрүүлэх шахсан. Мэс заслын өмнө тэрээр гэнэн дурлалын романыг л шохоорхон уншдаг байсан бол одоо сонгодогт дурлах болсон. Бүр Федор Достоевскийг уншиж байгаа гээд бод доо гэж түүний хүү Жозеф ярьжээ.
ЦАГ ХҮРТЭЛ ЗОГСДОГ ГЭЖ ҮҮ?
-Сүнсийг олохыг олон хүн хүсэхийн сацуу түүнийг бодитой оршдогийг батлахыг боддог гэж профессор Гарин өгүүлж байна. Өдгөө үхлийн өмнөх сонин үзэгдлийг эхний ээлжинд судлахаар олон эрдэмтэд ханцуй шамлан оржээ. Тухайлбал, профессор Чарльз Тарт танатологи судалгааг Дейвис дэх Калифорнийн их сургууль дээр явуулж байна. Харин физикч Роберт Монро Виржини мужид Фейбер дэх өөрийн хүрээлэндээ тархи үхэжсэний дараа аль хэсэгт нь сэтгэхүй, оюун санаа хадгалагдан үлддэгийг нотлохын тулд түүнд материаллаг үндэс байгаа эсэхийг судалж байна. Өөрөөр хэлбэл, сүнсийг тээгч нь ямар нэг энгийн хэсгүүдээс бүрдэх учиртай аж. Хүн нас барсан эхний өдрийнхөө дотор өмнө нь талийгч болсон төрөл садныхаа сүнстэй уулзсан гэх үхлийн ирмэг дээр буюу үхээд босч ирсэн хүмүүсийн мэдээллийг шалгаж баталгаажуулах нь түүний туршилтын нэг зорилго. Энэ сацуу дурдахад үхэлтэй нүүр учирсан хүмүүсийг судалдгаараа нэрд гарсан судлаач Мелвин Морс тэдгээрийг наркотикийн улмаас хий хоосон юм хардаг хүмүүстэй адилтган үзсэн байдаг. Түүний судалгаанд хамрагдсан хүмүүсийн дөрөвний нэг нь бугуйн цаг буруу явж, эсвэл зогсох сонин үзэгдэлтэй учирсан байна. Ийм гайхалтай зүйлийг сүнсний хөдөлгөөнийг материаллаг эд зүйлд нөлөө үзүүлэхүйц хангалттай цахилгаан талбар дагалддагаар тайлбарлаж болох юм.
СҮНС 22.4 ГРАММ ЖИНТЭЙ. ЭСВЭЛ ҮҮНЭЭС Ч БАГА УУ?
1915 онд Америкийн эмч МакДугалл “сүнс хэмээн нэрлэгддэг тэр тодорхойгүй” зүйлийн жинг тодорхойлохыг оролдож шинжлэх ухааны туршилт хийжээ. Түүний туршилт хүний нас барах үеийн жингийн хэлбэлзлийг “барьж” авах зорилготой байж. Зорилгоо ч биелүүлж, сүнс ердөө 22.4 грамм жинтэй болохыг тэрбээр хэмжсэн байна. Гэвч орчин үеийн эрдэмтэд хэмжилтийн тусгай багажийг ашигласнаар үүнээс огт өөр тоог гаргаж авчээ. Литвийн шинжлэх ухааны академийн дэргэдэх хүрээлэнгийн байгалийн шинжлэх ухааны доктор Эугенюс Кугис хүн насан эцэслэх үедээ 3-7 грамм жин хаядаг болохыг тогтоожээ. Эрдэмтдийн үзэж буйгаар энэ нь сүнсний жин аж. Түүний туршилтын явцад талийгаачид 2.5-6.5 грамм жингээ алддаг болох нь батлагдсан аж. Yүнээс өөр хэн ч сүнсний жинг дахин тодорхойлж зүрхлээгүй байна. Швейцарийн эрдэмтэд судалгаандаа 23 сайн дурынхныг хамруулж, хэт мэдрэмтгий орон дээр тэднийг хэвтүүлж унтуулсан байна. Хүн бодит байдлаас тасарч зүүд нойрны хооронд дэн дун хийж байхдаа биеийнхээ жингээс 4-6 граммыг алддаг болохыг тогтоожээ. Бодвол энэ нь сүнс байж ч магадгүй.
Төвдийн “Талийгаачдын ном”-д хүн нөгөө ертөнцөд хөл тавих буюу хорвоог орхисны дараа бүгдийг харж, ухамсарладаг боловч түүнтэй болон эргэн тойрныхондоо юу болоод байгааг дамжуулж чаддаггүй хэмээн өгүүлсэн байдаг. Тухайн хүний биеэс тасарсан сүнс төрөл садан, танил нөхдөө урьдын адил харсаар л байдаг. Yүгээр ч зогсохгүй тэдний гашуудлын дууг сонсдог байна. Тэр өөрийн биеэ тал талаас нь ажиглан харах чадвартай. Мөн сүнс түүнд зориулан хоол ундныхаа дээжийг авч бурхныхаа өмнө тавьж буйг, биенээс нь хэрхэн хувцсыг нь тайлж буйг ч хардаг.
Дараа нь сүнс нүд гялбасан биеттэй учирснаар ямар ч айдас, баяр баясгалангүй болно. Талийгаачид толь руу хараад өмнөх амьдралаа тэр чигээр кино зургийн хальс шиг гүйлгэн хардаг. Яг энэ мөчид тэрээр газар дэлхийн өнгөрсөн амьдралынхаа учир утга, жинхэнэ зорилгыг ухаарч эхэлдэг юм. Дараа нь шүүхэд очиж, цаашид 49 хоногийн дотор ямар ч ой санамжгүйгээр шинэ амьдралаа хүлээн оршин байдаг гэнэ. Ингээд л сүнсний өмнө дахин төрөх боломжтой тив, улс, газар, гэр бүлийнх нь тухай мэдээлэл гарч ирнэ. Тэгээд л бидний ертөнцөд дахин хөл тавьдаг ч байж магад. Гэхдээ өнгөрснөө санахгүйгээр.
ЭХ СУРВАЛЖ: BUDDA.MN
0 cэтгэгдэлтэй