Франц улс вакцинд хамрагдаагүй иргэдийг олон нийтийн газраар зорчихыг хориглоно

2022-01-04 76 0

Цар тахлын тав дахь давлагаанд өртөөд байгаа Франц улс даваа гаригаас эхлэн Омикрон хувилбарын тархалтыг зогсоох зорилгоор “COVID-19”-ийн хатуу хязгаарлалтын арга хэмжээг мөрдөж эхэллээ.

Үүний хүрээнд зургаа ба түнээс дээш насны иргэд нийтийн тээвэр, олон нийтийн газраар зорчихдоо зайлшгүй амны хаалт зүүхийг шаардах юм. Мөн баар цэнгээний газруудын үйл ажиллагааг үргэлжлүүлэн хаах бөгөөд гэрээсээ ажиллах боломжтой хүмүүс шаардлагагүй тохиолдолд оффис дээр ирэхгүй байх шаардлага тавих аж.

Европын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар Францын нийт хүн амын 73 хувь нь вакцины хоёр тунд хамрагдсан байна. Энэ нь Европын холбооны дунджаас таван хувиар өндөр үзүүлэлт юм. Гэвч Франц улсад сүүлийн долоо хоногт “COVID-19”-ийн халдвар авсан 500 мянга орчим тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 10 сая давсан дэлхийн зургаа дахь улс болсон юм.

Тэгвэл Францын Эрүүл мэндийн сайд Оливье Веран ням гаригт “Тав дахь давлагаа сүүлчийнх байх ёстой” гэсэн бөгөөд иргэдийг вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалсан юм. Улмаар Францын Засгийн газар Омикрон хувилбарын тархалт болон цар тахлаас улбаатай эдийн засаг, нийгмийн хүндрэлийг шийдвэрлэх зорилгоор вакцинд хамрагдаагүй иргэдийг цаашид олон нийтийн газраар зорчихыг хориглох асуудлыг хэлэлцэхээр болсон байна.

Үүний хүрээнд вакцины хоёр болон гурав дахь тунгийн хоорон дахь зайг гурван сар болгон богиносгосон бөгөөд бүүстер тунд хамрагдсан иргэдийг бүрэн дархлаажсан гэж үзэх аж.

Улмаар бүрэн тунд хамрагдаад халдвар авсан тохиолдолд өмнө нь 10 өдөр байсан тусгаарлах хугацааг долоо хоног болгон бууруулсан байна. Харин вакцин хийлгэсэн хүмүүс ойрын хавьтал болсон тохиолдолд тав хоног тусгаарлах бол вакцин хийлгэсэн хүмүүсийн ойрын хавьтлыг тусгаарлахгүй аж. Эсрэгээрээ вакцинд хамрагдаагүй хүмүүсийн тусгаарлалтын хугацааг 10 хоног хэвээр үлдээжээ.

Түүнчлэн энэ сарын 15-наас эхлэн иргэдийн эрүүл мэндийн гэрчилгээг вакцины бүрэн тунд хамрагдсан эвсэл халдвар аваад эдгэрсэн болохыг нотлох вакцины паспорт болгон солих аж. Ингэснээр вакцинд хамрагдаагүй иргэд шинжилгээний сөрөг хариу авсан ч ресторан, кино театр болон үзвэр үйлчилгээ зэрэг олон нийтийн газраар үйлчлүүлэх боломжгүй болох юм.

Герман улс өнгөрсөн сард ижил төрлийн арга хэмжээ авч, вакцинд хамрагдаагүй иргэдийг эмийн сан болон супермаркет зэрэг нэн шаардлагатайгаас бусад бүх үйлчилгээний газраар зорчихыг хориглох шийдвэр танилцуулж байв.

Мөн Францын үйлчилгээний байгууллагын ажилчид хуурамч вакцины паспорт ашигласан гэж сэжиглэсэн тохиолдолд үйлчлүүлэгчийн бичиг баримтыг шаардан, шалгах эрхтэй болох аж. Хэрэв бусдын вакцины паспортыг ашигласан тохиолдолд 1000 еврогоор торгох бөгөөд хуурамч паспорт ашигласан тохиолдолд залилангийн гэмт хэрэгт тооцож, таван жилийн хорих ял, 75 мянган еврогоор торгох ял, шийтгэл ногдуулах аж.

Гэхдээ Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрсөн сард Европын холбооны орнуудаас ирэх жуулчдад нэмэлт хязгаарлалт тогтоохгүй, шинжилгээ болон тусгаарлалтгүй эх орондоо үргэлжлүүлэн нэвтрүүлнэ гэж мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: France 24, Euronews

Холбоотой мэдээ