ГХЯ: Монгол охиныг зодсон хоёр хүүхдийг тодорхой хугацаагаар улсын тусгаарлалтад авсан

2021-12-02 131 0

БНСУ-ын MBC телевизийн сувгаар энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний оройн 20:00 цагт Монгол улсын иргэн, Янгсан хотын Янгсан Боми дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагч охиныг (Монгол улсынхаар долдугаар анги) сургуулийнх нь үе тэнгийн хүүхдүүд 6 цагийн турш зодож, хүчээр архи уулган өрөөнд хорьсон хэргийн тухай мэдээлсэн.

Энэхүү мэдээллийн мөрөөр Гадаад харилцааны яам ажиллаж, хохирогч охины оршин суудаг Янгсан хотын цагдаагийн газар болон түүний ээж С-тэй холбогдлоо. БНСУ-ын Өмнөд Кёнгсан мужийн Янгсан хотын цагдаагийн газрын Эмэгтэйчүүд, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ким Янг Жунтэй өнөөдөр 08:00 цагт холбогдож, нөхцөл байдлыг тодруулав.

Тэрбээр “Хэрэг энэ оны долдугаар сарын 3-нд гарсан бөгөөд тус цагдаагийн газарт долдугаар сарын 4-нд бүртгэгдэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлжээ. Сэжигтэн дөрвөн хүүхэд байсан бөгөөд хоёр нь хэрэг хүлээх насанд хүрээгүй учир аравдугаар сарын 1-нд хэргийг хаасан. Харин хэрэг хүлээх чадвартай насанд хүрсэн хоёр хүүхдэд холбогдох хэргийг аравдугаар сарын 28-нд прокурорт шилжүүлсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Охиныг зодсон дөрвөн хүүхдийн хоёр нь хэрэг хүлээх насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ямар нэгэн ял шийтгэл аваагүй. Үлдсэн хоёр нь улсын тусгаарлалтад тодорхой хугацаагаар байхаар болсон. Охины ар гэрийнхэн нь уг хэргийн талаар давж заалдахаа мэдэгдсэн” гэлээ.

Гадаад харилцааны яамнаас уг хэрэгтэй холбогдуулан бүхий л шатанд анхаарал хандуулан, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Түүнчлэн ар гэрийнхний зүгээс асуудлыг дэврээх тусам хүүхдийн сэтгэл санаанд улам муугаар нөлөөлж байгаа учир болгоомжтой хандахыг хүслээ.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Холбоотой мэдээ