Г.Ганбат: Х.Нямбаатарын санаачилсан зөрчлийн хууль иргэдийн амыг үдэх хэрэгсэл болж. Би “Данх толгойтой банди” гэж бичсэн нь үнэн

2021-12-02 55 0

Цахим сүлжээнд үзэл бодлоо илэрхийлсэн иргэн Г.Ганбатыг цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж, улмаар торгох шийтгэл ногдуулсан талаарх мэдээлэл гарсан нь олны анхаарлыг татаад буй. Иймд түүний Үндсэн хуулиар олгогдсон эрх нь зөрчигдсөн байж болзошгүй байгаа юм. Иймд бид Г.Ганбаттай ярилцлаа.

-Таныг цахим сүлжээнд үзэл бодлоо илэрхийлсний төлөө зөрчлийн хуулиар торгож шийтгэсэн байсан. Энэ талаар тодруулаач?

-Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд цагдаагийн байгууллагаас надад зургаан удаа хэрэг үүсгэж, шалгасан. Харин сүүлийн нэг сарын дотор надад үүсгээд байгаа гурав дахь хэрэгт торгох шийтгэл оноосон. Тодруулбал, Хэнтий аймагт бариад нураасан “Андлалын хөшөө” гэх цогцолборыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, болон Б.Баатар нартай холбоотой. Энэ асуудлын үнэн мөн хэзээ нэгэн цагт ил болж, зохих шийтгэлээ авна гэсэн агуулгатай зүйл бичиж, төгсгөлд “Данх толгойтой банди” гээд үзэл бодлоо илэрхийлсэн. Гэтэл энэ гурван үгээр намайг бусдын нэр төрд хүндэтгэлгүй хандсан гэж шийтгэх шийдвэр гарч, эрх бүхий албан тушаалтны зүгээс 100 мянган төгрөгөөр торгосон.

-Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа юу?

-Мэдээж хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс Захиргааны хэргийн шүүхэд хандах гэж байгаа.

-БИ “ДАНХ ТОЛГОЙТОЙ БАНДИ” ГЭЖ БИЧСЭН НЬ ҮНЭН. ГЭХДЭЭ ХЭНИЙ Ч НЭРИЙГ ДУРДААГҮЙ-

-Та бичсэн постоороо хэн нэгний нэр төрд үнэхээр халдсан байдаг юм биш биз дээ?

-Монгол Улс Үндсэн хуультай, эрх зүйт төртэй улс. Үндсэн хуулийн 16 дугаар бүлэгт “Хүн өөрийн итгэл үнэмшил, үзэл бодолтой байх. Түүнийгээ илэрхийлэх, хэвлэн нийтлэх, жагсаж, цуглах эрхтэй гэж заасан. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Зөрчлийн хууль санаачлаад түүгээрээ иргэдийн амыг хумих маш олон заалт оруулсан байна. Үүнийг нь өөрийн биеэр үзэж мэдэрлээ. Би “Данх толгойтой банди” гэж бичсэн нь үнэн. Гэхдээ хэний ч нэрийг дурдаагүй. Эдгээр үгнүүд нь үнэхээр доромж үг мөн үү гэвэл биш. Тайлбар толь бичигт данхыг ердийн сав суулга, толгойг хүний гавлын болон эрүүний яснаас бүрдсэн эрхтэн, банди гэдэг үгийг нас залуу эрэгтэй хүүхэд гэж тайлбарласан байгаа юм.

-Таны хэлж буйгаар иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг Х.Нямбаатар сайд хязгаарлаж байгаа хэрэг үү?

-Тийм ээ. Х.Нямбаатар сайд өөрөө ч Төв талбай дээр жагсаал цуглаан хийж, эрхээ эдэлж явсан хүн. Гэтэл Зөрчлийн хуулиар далайлгаж, иргэдийн үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд халдаж байна. Энэ бүхнээс харахад эрх мэдэл, албан тушаалтнууд нь үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж болдог. Харин жирийн иргэд болдоггүй нь дабла стандарт тогтлоо гээд байдаг залуучуудын хэлээд байгаа үнэн болохыг нотлож байна.

-Танд үүсгэсэн зөрчлийн хэргүүдийг хэн гэж хүний гомдлоор шалгаж эхэлсэн байдаг юм бол?

-Намайг зургаан удаа хэрэг үүсгэж шалгахдаа зөвхөн хоёр тохиолдолд нь гомдол гаргагчийг хэлсэн. Харин бусад тохиолдолд нь хэлж байгаагүй. Эрх бүхий төрийн өндөр албан тушаалтнуудын ажлын болон хэвлэл мэдээллийн албаны гомдлоор шалгаж байна гэдэг. Түүнээс бус яг хэн гэж албан тушаалтан гомдол гаргасныг хэлдэггүй.

-Тэгвэл та хэн, хэний тухай пост бичиж байсан юм бэ?

-Сүүлийн хоёр жил цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК-ын бүрэлдэхүүн болох Шадар сайд, Эрүүл мэндийн сайд, Ерөнхий сайд нарын талаар бичсэн.

-АРДЧИЛАЛ АЛДАГДАЖ, АЮУЛД ОРЖ БАЙГАА ИЙМ НӨХЦӨЛД ДУУГҮЙ СУУХ БОЛОМЖ БАЙХГҮЙ-

-Үзэл бодлоо илэрхийлсэн иргэд төдийгүй тэдний гэр бүлд дарамт ирдэг талаар ярьдаг. Энэ байдал танд тохиолдож байсан уу?

-Энэ бол энгийн үзэгдэл. Цагдаа нар шөнө орой гэрт ирдэг. Тэгээд намайг байхгүй бол бичиг баримтаа үзүүлэхгүй, миний пост жиргээг хэвлэж барьж, ирээд гэрийнхэнд сүр хүчийг үзүүлсэн байдаг. Энэ нь гэр бүлийнхэнд маш их дарамт болдог. Тиймээс ч гэрийнхэн маань дуугүй болохыг шаарддаг. Сүүлийн үед ээж минь “Одоо миний хүү элдэв юм бичихээ боль. Наадуул чинь яаж ч мэднэ. Миний хүү дуугүй бай. Ээжийнх нь нойр хүрэхгүй байна” гэдэг болсон.

-Та энэ бүхнээс айж байна уу. Дахин цахим сүлжээнд байр сууриа илэрхийлэх үү?

-Би айхгүй байна. Айх ч ёсгүй гэж бодож байгаа. Монгол Улс Ази тивдээ бүрэн ардчилалтай дөрөвхөн орны нэг. Гэтэл ардчилал алдагдаж, аюулд орж байгаа ийм нөхцөлд дуугүй суух боломж байхгүй. Цаашид энэ тэмцлээ үргэлжлүүлнэ. Манай улсад тусалдаг донор орнууд, ардчиллын баталгаа болж байгаа орнуудад монголын Засгийн газарт шахалт үзүүлэх чиглэлээр захидал бичсэн. АНУ, ХБНГУ-ын Элчин сайдын яамнаас хариу ирсэн. Бид ардчиллыг сахин хамгаалдаг, үүний төлөө байдаг олон улсын хамтын нийгэмлэгийн хүчийг Засгийн Газарт шахалт хэлбэрээр үзүүлбэл илүү үр дүнд хүрнэ гэж бодож байна. Цаашид үг хэлэх эрхээ алдахгүйн төлөө өөрөөс хамаарах бүхий л зүйлийг хийнэ.

-Цахим сүлжээнд нэлээд идэвхтэй, олон дагагчтай иргэдийн бичсэн пост, сэтгэгдлийг цагдаагийн байгууллага түлхүү шалгаад байна уу гэх хардлага байдаг. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Цагдаагийн байгууллагаас олон дагагчтай, сошиалд идэвхтэй хүмүүсийн постыг шалгадаг болохыг цагдаа дээр анх очоод мэдсэн. Цагдаагийн байгууллага 2010 онд үүсгэсэн олон дагагчтай фэйсбүүк, твиттер хаягуудыг бүгдийг нь хоёр гэрч байлцуулаад үзлэг хийж, протоколдсон байсан. Тэгэхээр тухайн нийтлэлийн хуваалцсан болон хүмүүст хүрч байгаа байдал тэдэнд маш эмзэг юм байна гэж харсан. Түүнээс биш “данхар толгойтой банди” гэдэг үг сошиал орчинд хэдэн зуун удаа бичигдэж байгаа. Гэтэл олон дагагчтай хүмүүс энэ үгийг бичиж нийтлэхээр торгож, шийтгэж байгаа нь үүнийг илтгэж байгаа юм.

-Тэгэхээр энэ нь иргэдэд өгч байгаа хуулийн байгууллага, эрх бүхий хүмүүсийн сануулга болоод байна уу?

-Яг тийм. Би гэхэд бичсэн постынхоо төлөө торгууллаа гэдгээ цахим хаягтаа бичсэн. Үүнтэй адил комеди Амараа шүүхээр ороод торгуулсан гэдгээ бичсэн байсан. Ингэхээр энэ бүхнийг жирийн иргэд хараад дуугүй болох ёстой гэдэг агуулгаар нийгмийг бүхэлд нь айдаст автуулах, улмаар амийг нь үдэх технологи явагддаг юм байна гэж ойлгож байгаа. Танихгүй залуучууд цагдаад шалгагдаж байгаа талаараа хэлж зургаа явуулдаг. Тэгсэн мөртлөө тэр талаараа олон нийтэд хэлдэггүй. Тэгэхээр энэ нь иргэдийн амыг таглаж байна гэсэн үг биз дээ.

-СӨРӨГ ХҮЧНИЙ ҮҮРГИЙГ ИРГЭД ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА-

-Та энэ бүхний шалтгаан нь юу гэж харж байна?

-Эрх баригчид хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй олонх болсон. Сонгуулийн тогтолцооны гажгаас шалтгаалан олонх болсон намынхан хэт эрдэж, бяр хүчтэй сууж байна. Тиймээс ч бид бүгдийг чадна, мэдэж байна. Хэнийг яасан ч яадаг юм гэсэн байдалтай байна. Нэг үгээр хэлбэл, ард түмнийг эрх баригчид хадаасны толгой гэж хараад дуугарсан болгоныг хадах гэж зүтгэх байна. Нөгөө талаар Засгийн газрыг огцруулах, эрх баригчдыг шүүмжлэх хүчгүй сөрөг хүчний үүргийг иргэд өнөөдөр гүйцэтгэж байна. Хэн нэгэн энэ болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг хэлж л таараа. Иргэд улс төрийн нам шиг зохион байгуулалт болон хүч байхгүй болохоор биднийг дарахад маш амархан байх шиг байгаа юм. Тиймээс ч нэг нэгээр нь 20-30 хоног баривчилж, шүүхээр оруулж торгоод байна.

-Үзэл бодлоо хүчтэй илэрхийлдэг иргэдийг хэн нэгэн улстөрч, намын захиалгаар үйлдэл хийж байна гэх хардлага гардаг. Та аль нэг намд харьяалалтай юу?

-Би намын харьяалалтай байж байгаад есөн жилийн өмнө төрийн албанд шилжиж хуулийн дагуу улс төрийн намын гишүүнчлэлээс гарсан. Одоогоор намын харьяалал байхгүй. Зөвхөн иргэний хувьд үзэл бодлоо илэрхийлдэг. Үзэл бодлоо илэрхийлж байгаа залуус дунд намын үйл ажиллагаанд идэвхтэй явж байгаа залуус бараг байхгүй.

 

Эх сурвалж: ISEE.MN

Холбоотой мэдээ