Их Британи “COVID-19”-ийн дотуур ууж хэрэглэдэг эмэнд зөвшөөрөл олголоо

2021-11-05 242 0

ЛОНДОН. /Reuters/. Их Британийн Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын газар “COVID-19”-ийн дотуур ууж хэрэглэдэг “молнупиравир” эмэнд зөвшөөрөл олгосноо пүрэв гарагт мэдэгдлээ.

Энэхүү эмийг Америкийн “Merck”, “Ridgeback Biotherapeutics” компанид гарган авсан юм.

“Эмийн аюулгүй байдал, чанар, үр дүнд Засгийн газрын шинжлэх ухааны зөвлөх ажлын хэсгийн хамт “нарийвчилсан” үнэлгээ хийсний дүнд зөвшөөрөл олголоо” гэж Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын газраас мэдээлжээ.

Тийнхүү “молнупиравир”-ыг “COVID-19”-өөр хөнгөн, дунд хэлбэрээр өвчилсөн, хүндээр өвчлөх дор хаяж нэг эрсдэлт хүчин зүйл бүхий хүмүүст хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Үүнд таргалалт, чихрийн шижин, зүрхний өвчтэй, мөн 60-аас дээш насны хүмүүс багтжээ.

Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын газрын мэдээлснээр, эм вирусийг биед өсөж үржихээс сэргийлж, вирусний түвшнийг бага хэмжээнд байлгаж, хүндрэх эрсдэлийг бууруулдаг байна. Түүнчлэн өвчний эхэн үед уувал илүү үр дүнтэй учраас шинжилгээний хариу эерэг гарч, шинж тэмдэг илэрснээс таван хоногийн дотор ууж эхлэхийг зөвлөжээ.

Их Британийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Сажид Жавидын хувьд улс орноо “COVID-19”-ийн дотуур ууж хэрэглэх эмэнд зөвшөөрөл олгосон анхны улс болсон “түүхэн өдөр” болж буйг цохон тэмдэглэсэн байна.

Энэ оны 10 дугаар сарын эхээр “Merck”, “Ridgeback” компаниуд “молнупиравир” эмийнхээ эмнэлзүйн туршилтын урьдчилан дүнг танилцуулсан бөгөөд энэхүү эмийг уусан хүмүүсийг плацебо уулгасан хүмүүстэй харьцуулахад эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, нас барах эрсдэл нь 50 хувиар буурчээ. Хоёр компани АНУ-ын Хүнс, эмийн чаналын хяналтын газарт эмээ яаралтай журмаар хэрэглэх хүсэлтийг 10 дугаар сарын сүүлээр гаргасан юм.

 

Эх сурвалж: Montsame.mn

Холбоотой мэдээ