Бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлэхийг зөвлөж байна.
Тодруулбал, өчигдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрны есдүгээр давхраас хүүхэд унах гэж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт 16:24 цагт бүртгэгджээ.
Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчид дөрвөн километр зам туулан 16:30 цагт очиход тус байрны оршин суугч иргэн дөрвөн настай, эрэгтэй хүүхэд тагтны цонхоор унах гэж байсныг барилгын дээврээс аврах олс ашиглан тагтаар орж хаалгыг онгойлгон аварч, тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Тиймээс эцэг, эхчүүдэд хүүхдэдээ хараа хяналт сайн тавьж байхыг сануулж байна.
ГЭРТЭЭ БАЙГАА ХҮҮХДИЙГ БОЛЗОШГҮЙ ОСОЛ, ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
Түлэгдэхээс сэргийлэх
Хүүхэд авч байхдаа халуун хоол болон уух зүйлс хэрэглэхгүй байх,
Халуун хоол болон цайг хүүхэд хүрэхээргүй газар болон ширээний ирмэгээс хол зайд тавих,
Хүүхдээ тэвэрч байх үедээ халуун плитка болон зуухан дээр хоол хийхгүй байх,
Тогоо болон хувингийн бариулыг зуухны цаад тал руу харуулж тавих,
Зуухны тагийг заавал түгжиж байх,
Халуун зуух болон индүүнээс хүүхдийг хол байлгах, очиж хүрэхээс сэргийлээрэй.
Тогонд цохиулахаас сэргийлэх
Цахилгааны залгуурыг зориулалтын тагаар таглах, эсвэл хэрэглээгүй үедээ салгаж байх,
Цахилгааны утсыг сайтар далдлах, тавилгын араар эсвэл доогуур оруулах,
Индүү, шарагч зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт байлгах
Галын аюулаас сэргийлэх
Гэртээ галын дохиолол суурилуулах, зай нь дууссан эсэхийг шалгаж шаардлагатай бол шинэ зай хийгээрэй.
Хэрэв танайд хийн түлш, бензин зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс байвал холдуулах.
Чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах
Хүүхдийг зууханд хүрэхээс сэргийлэх, хэрэв танайх камин зуухтай бол тогтмол хөөлж галын болон угаарын аюулаас сэргийлэх
0 cэтгэгдэлтэй