Цагдаагийн байгууллагаас сүүлийн үед гарч байгаа гэмт хэрэг, цагдаагийн байгууллагыг тойрч буй мэдээллийн талаар тайлбар өглөө. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй алба “Або плус” компанийн дансаар их хэмжээний валют орж ирсэн мэдээллийн дагуу 2020 оны нэгдүгээр сарын 23-нд “Або плус” компанид хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.
Тухайн компани 2018 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд тодорхой үйл ажиллагаа явуулаагүй хэрнээ 2018 оны дөрөвдүгээр сараас 2020 оны нэгдүгээр сарын хооронд нэр бүхий арилжааны банкуудаар дамжуулан ОХУ, Болгар, Казахстан, Узбекстан, Украйн зэрэг нийт 13 улсаас олон удаагийн давтамжтайгаар 4.6 сая евро, 3.9 сая ам.доллар буюу нийт 24.5 тэрбум төгрөгийг шилжүүлэн авсан байжээ.
Энэ мөнгө Монголд орж ирсэн даруйдаа БНХАУ, БНСУ, Латви зэрэг гадаадын 11 улс руу шилжүүлсэн байна. Нийтдээ 1.7 сая евро, 3 сая ам.доллар буюу 7.8 тэрбум төгрөг гадагшаа шилжүүлсэн асуудлыг мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн учраас прокурорын зөвшөөрлөөр 2020 оны нэгдүгээр сард дансыг нь хаажээ.
“Або плус” компани арилжааны банкуудад дахин 10 орчим тэрбум төгрөгийн шилжүүлэг хийх захиалга өгсөн байжээ. Латви улсын иргэний үүсгэн байгуулсан энэ компани Монголд гадаад худалдаа, барилгын материалын худалдаа эрхэлнэ гэж бүртгүүлсэн бөгөөд Монгол Улсын арилжааны банкуудаар их хэмжээний мөнгө дамжуулан шилжүүлээд 2019 оны арванхоёрдугаар сард улсын хилээр гарсан байна.
Монгол Улсаар дамжсан их хэмжээний мөнгөний эх үүсвэрийг тогтоох зорилгоор ЭЦГ эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу долоон улс оронд хүсэлтээ илгээсэн бөгөөд гурваас нь хариу иржээ.
0 cэтгэгдэлтэй