“Warner Bros Discovery” 108.4 тэрбум долларын саналаас татгалзаж магадгүй

2025-12-17 58 0

“Warner Bros Discovery” компани “Paramount Skydance”-ийн тавьсан 108.4 тэрбум ам.долларын худалдан авах саналаас татгалзаж магадгүй байна. “Paramount” компани өөрсдийн саналыг “Warner Bros”-ын “Netflix”-тэй байгуулсан 72 тэрбум ам.долларын зарах гэрээнээс илүү давуу гэж мэдэгдэж байсан. Гэсэн хэдий ч ойрын эх сурвалжийн мэдээлснээр, “Warner Bros Discovery” компани хувьцаа эзэмшигчдэдээ “Paramount”-ийн саналаас татгалзахыг уриалах төлөвтэй байна гэв.

Учир нь “Paramount”-ын “Warner Bros”-ыг авах саналыг санхүүжүүлж байсан хөрөнгө оруулагчдын нэг болох “Affinity Partners” компани гэнэт нэрээ татсанаас болжээ.

Тус компанийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн, бизнесмен Жаред Кушнер үүсгэн байгуулсан бөгөөд “хоёр хүчтэй өрсөлдөгч оролцож буй” шалтгааны улмаас гарсан гэжээ. “Warner Bros” компани энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан бөгөөд “Paramount” болон “Affinity”-аас мөн хариу ирээгүй байна. “Financial Times”-ын мэдээлснээр, “Warner Bros” нь уг хэлэлцээрийг хэрхэн санхүүжүүлэх нь тодорхойгүй зэрэг хэд хэдэн шалтгаанаар “Paramount”-ын саналыг хүлээж авахгүй байхыг хувьцаа эзэмшигчдэдээ зөвлөх ажээ. “Warner Bros”-ийн хувьд аравдугаар сард худалдагдах тухайгаа зарласан. Улмаар “Netflix”, “Paramount Skydance” зэрэг хэд хэдэн худалдан авагчаас санал ирсэн юм.

“Warner Bros Discovery” энэ сарын 5-нд кино болон стриминг бизнесээ “Netflix”-д худалдахаар тохиролцсон. Үүнээс долоо хоногийн дараа “Paramount Skydance” компани телевизийн сүлжээг багтаасан бүхэл компанийг худалдан авах шинэ санал гаргасан юм.

“Paramount”-ын ард ерөнхийлөгчтэй ойр харилцаатай гэгддэг Эллисон овгийн тэрбумтнууд байгаа ажээ. Хэрэв уг худалдан авалт хэрэгжвэл шинэ эзэмшигч нь стриминг зах зээлд ихээхэн давуу тал олж авах бөгөөд “Harry Potter”, “Friends”, мөн “HBO Max” зэрэг асар том кино, цувралын санг эзэмших юм.

Гэсэн ч кино салбарын зарим байгууллагууд уг хэлцлийг эсэргүүцэж байна. АНУ-ын Зохиолчдын холбоо худалдан авалтыг тэр чигт нь зогсоохыг уриалжээ. Учир нь аль ч компани худалдан авсан бай энэ нь цалин буурах, ажлын байр цомхотгох, мөн үзэгчдэд хүрэх контентын хэмжээ багасна гэж анхааруулжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Холбоотой мэдээ