Путин Байгаль нуурын эрэг дагуу мод бэлтгэхийг зөвшөөрөв

2025-12-17 56 0

ОХУ-ын ерөнхийлөгч Путин Даваа гаригт /2025.12.15/ Байгаль нуурын эрэг дагуу мод бэлтгэхийг зөвшөөрсөн зарлигт гарын үсэг зурлаа. Байгаль нуурын эрэг дагуу мод бэлтгэх эсэх асуудал удаан хугацааны турш маргаан дагуулсан. Эрдэмтэд болон зарим албан тушаалтан ЮНЕСКО-гийн хамгаалалттай нуурын экосистемд аюул учирч болзошгүй гэж анхааруулж байсантай энэ нь холбоотой.

Хуульд зааснаар Байгаль нуурын нөөц газрын төв экологийн бүсэд мод бэлтгэх хориотой. Энэ нь ойролцоогоор 1655 км квадрат талбай юм. Гэхдээ экологийн болон бусад хамгаалалтын чиг үүргээ алдсан талбайд мод бэлтгэхийг зөвшөөрнө. Мөн хамгаалалттай бүсэд байгаа Ойн сангийн зарим хэсгийг дахин үнэлж ангилахыг хуулийн дагуу зөвшөөрчээ.

Ойн сан нь ОХУ-ын хяналтад байгаа бүх ой модыг хамаардаг.

Мод бэлтгэх зөвшөөрөл өгснөөр нуурын эрэг орчмын алслагдсан суурин газруудад зам, инженерийн шугам сүлжээ, нийтийн бие засах газар зэрэг үндсэн дэд бүтцийг барихад илүү амар хялбар болно гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр энэ нь мод бэлтгэх нэрийн дор өргөн хүрээтэй цэвэрлэгээ болж хувирна гэж шүүмжлэгчид санаа зовниж байгаа ажээ.

Мөн хууль тогтоогчид энэ шийдвэрээрээ хувийн бизнесийн ашиг сонирхлыг дэмжиж байна гэж буруутгагсад бий. Үүнд, тэрбумтан Олег Дерипаскатай холбоотой хүмүүс багтаж байгаа бололтой.

Мод бэлтгэлийн тухай хуулийн төслийг 2023 онд өргөн барьсан боловч Шинжлэх ухааны академийн гишүүд зэрэг мэргэжлийн хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Хуулийн төслийг эсэргүүцсэн өргөдөлд даруй 116 мянган хүн гарын үсэг зуржээ.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Холбоотой мэдээ