Япон: Хаясан гээсэн эд зүйлсээр гацуур чимэглэжээ

2025-12-12 78 0

Японы баруун өмнөд хэсгийн Фүкүока мужийн нэгэн өртөө эзэн нь тогтоогдоогүй хаясан гээсэн эд зүйлсээр гацуураа чимэглэжээ. Чимэглэлүүдийн дунд нарны шил, жижиг гар сэнснээс эхлээд гитар хүртэл харагдана. Харин хамгийн түгээмэл байгаа эд зүйл нь бэлэн мөнгө, шүхэр, ороолт, бээлий. Тус гацуур “Kyushu Railway” компанийн “JR Hakata” өртөөн дээр арванхоёрдугаар сарын 25-ны өдрийг хүртэл байрших аж.

Гацуурыг хэл үггүй аваачаад тавьчихаагүй, хүүхдүүд болон галт тэрэгний өртөөний ажилтнууд нийлсэн 20 гаруй хүний хүрээнд жижиг арга хэмжээ зохион байгуулж, байршуулжээ. Арга хэмжээний үеэр хүүхдүүд болон ажилчид Санта Клаусаас хүсэх хүслийн жагсаалттай захидлуудаар гацуурыг чимэглэсэн байна.

“Kyushu Railway”-ийн мэдээлснээр 2024 оны санхүүгийн жилд хаясан гээсэн 240 мянга орчим эд зүйлс цугларчээ. Эдгээр эд зүйлийн 20 орчим хувь нь “JR Hakata” өртөөнөөс олдсон байна. “JR Hakata” нь Кюүшү арлын хамгийн ачаалалтай өртөөнүүдийн нэг юм.

Японд хаясан гээсэн эд зүйлийг гурван сарын дотор эзэн нь ирж авах юм уу, цагдаад мэдүүлэхгүй бол олсон хүн нь авах эрхтэй байдаг. Гэхдээ энэ нь зарим онцгой тохиолдолд хамаарахгүй. “Хуучирч муудаагүй сайхан зүйлс зөндөө хаягдсан байдаг. Хайран юм л гэж боддог” гэдгээ “JR Hakata” өртөөний ажилтан Томоми Одагири ярьж байлаа. Тэрбээр хаясан гээсэн эд зүйлсээр гацуур чимэглэх энэ гайхалтай санааг гаргасан ажээ.

Холбоотой мэдээ