Трампын төрсөн өдрөөр үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүд үнэ төлбөргүй

2025-12-08 45 0

Америкчууд ерөнхийлөгч Дональд Трампын төрсөн өдрөөр үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой боллоо. Гэвч зөрүүлээд Мартин Лютер Кинг Жр-ийн өдөр болон Зургадугаар сарын 19-нийг үнэ төлбөргүй өдрөөс хассан нь иргэний эрхийн төлөө тэмцэгчдийн шүүмжлэлийг дагуулаад байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх өдрийн жагсаалтыг ерөнхийлөгчид үе үе шинэчилдэг ч гэлээ энэ удаагийн өөрчлөлт хар арьст америкчуудын түүхийг тэмдэглэх боломжийг үгүй хийсэн гэж үзжээ.

2026 оны хуанлиас Мартин Лютер Кинг Жр-ийн өдөр, Зургадугаар сарын 19, Үндэсний нийтийн газрын өдөр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн долоо хоногийн эхлэл бүгд хасагджээ. Үүний оронд түүхэн сэдэвтэй эсвэл ерөнхийлөгчийн дэг журамтай өдрүүдийг жагсаалтад нэмсэн байна. Тухайлбал, ерөнхийлөгч Дональд Трампын төрсөн өдөр, Төрийн далбааны өдөр, Үндсэн хуулийн өдөр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн албаны 110 жилийн ой, Теодор Рузвельтийн төрсөн өдөр зэрэг үүнд багтана.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд өөрчлөлт ороогүй цор ганц өдөр нь Ахмад дайчдын өдөр. Эндээс харвал 2025, 2026 оны хуанли ямар их өөрчлөгдсөн нь тодорхой байна.

Мартин Лютер Кинг Жр-ийн өдрийг хассан нь нэн ялангуяа санаа зовоож байгаа аж. Энэ өдөр янз бүрийн олон нийтийн бүлгүүд цэцэрлэгт хүрээлэнд сайн дурын төслүүд хэрэгжүүлдэг.

Цэцэрлэгт хүрээлэнгүүдэд үнэгүй нэвтрэх өдрүүдийг өөрчилснөөс гадна үндсэн төлбөрийг нэмж байна. Тодруулбал, америкчуудын жилийн нэвтрэлтийн тасалбар 80 ам.доллар хэвээр байх ч оршин суугч бус хүмүүсийнх 250 ам.доллар болж өсчээ.

ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS

Холбоотой мэдээ