АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Украинд энх тайван тогтоох тухай 28 зүйлт төлөвлөгөөнд зүүн бүс нутгийн эзлэгдсэн газар нутгаа өгөх, цэргийнхээ тоо хэмжээг хязгаарлах, НАТО-д элсэхгүй гэдгийг Киевээр бүрэн хүлээн зөвшөөрүүлэхээр тусгасныг Украин, Америкийн албан тушаалтнууд болон ойрын эх сурвалж баталсан байна. АНУ-ын тал “шахуу цагийн хуваарийн дагуу” хэлэлцээ хийхийг Украинд шахаж байгаа. Цагаан ордны ахлах албан тушаалтан уг төлөвлөгөөг Украины хувьд “хүлээн зөвшөөрөхөд хэцүү” гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч Украины дайныг зогсоох ёстой, хэрэв зогсоохгүй бол Украин илүү их газар нутгаа алдах магадлалтай гэж АНУ үзэж буйг мэдэгдэв.
Уг энхийн төлөвлөгөөг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Стив Виткофф боловсруулж, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон ерөнхийлөгчийн хүргэн Жаред Кушнер нар санал бодлоо тусгажээ. Виткофф мөн Оросын тусгай элч Кирилл Дмитриевтэй энхийн төлөвлөгөөний талаар зөвлөлдсөн байна. Дмитриев “өмнөх хүчин чармайлтуудаас ялгаатай нь “Бид Оросын байр суурийг үнэхээр сонсжээ гэж мэдрэгдэж байна” гэж мэдэгдэв. Одоогоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэхүү энхийн төлөвлөгөөг дэмжиж буйгаа олон нийтэд ил мэдэгдээгүй байна. Дмитриевтэй уулзсаныхаа дараа Виткофф, Кушнер нар Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийгийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Рустем Умеровтой энхийн төлөвлөгөөний талаар хэлэлцжээ.
АНУ-ын Зэвсэгт хүчний командлагч Дэн Дрисколл уг энхийн төлөвлөгөөг Украины Ерөнхийлөгч Зеленскийд бичгээр пүрэв гарагт танилцуулжээ. Үүний дараа Ерөнхийлөгч Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний багийнхантай энхийн төлөвлөгөөний төлаар хэлэлцэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв.
Украин Улсын Ерөнхийлөгч Володимир Зеленский энхийн төлөвлөгөөг АНУ-ын “Алсын хараа” боловч эцсийн санал биш гэж тодорхойлжээ. Тэрээр Украин Улс давж болохгүй “улаан шугам”-ны талаар байр сууриа аль эрт тодорхой илэрхийлсэн, одоо энэ төлөвлөгөөг “илүү боловсронгуй” болгохын тулд ашиг сонирхлоо тусгуулна гэж мэдэгдэв.
АНУ-ын засаг захиргаа энэхүү энхийг төлөвлөгөөг талуудтай хийсэн яриа хэлэлцээний үндсэн дээр өөрчилж болох “амьд баримт бичиг” гэж үзэж буйг тус улсын нэгэн албан тушаалтан мэдэгдэв. Түүний мэдэгдсэнээр Украины эрх баригчид яриа хэлэлцээний үеэр төлөвлөгөөний олонх заалтууд дээр эерэг байр суурьтай байж, зарим заалтад байр сууриа нэгтгэж чаджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү энхийн төлөвлөгөөг бүрэн эхээр нь олон нийтэд мэдээлээгүй байхад дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Цагаан ордны өөр нэгэн ахлах албан тушаалтан “бид Газын Зурвасын дайныг дуусгасантай адил Украины дайныг зогсоох шийдлийг олохын тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх амар биш боловч Украины хувьд сайн үр нөлөө үзүүлнэ гэж үзэж байна” хэмээн мэдэгдэв.
Энэхүү энхийн төлөвлөгөөнд Украинаар газар нутгийн тал дээр буулт хийлгэх тухай зааснаас гадна Украины нутаг дэвсгэрт ОХУ дахин халдсан тохиолдолд “нарийн зохион байгуулалттай цэргийн хариу арга хэмжээ” авна гэж заажээ. Харин ийм хариу арга хэмжээ авахад АНУ ямар үүрэг гүйцэтгэх талаар дурдаагүй байна.
Энэхүү энхийн төлөвлөгөөнд мөн ОХУ-ын зарим төрлийн царцаасан хөрөнгийг Украиныг сэргээн босгоход зарцуулах, Оросын эсрэг хориг арга хэмжээг цуцлах, Америк, Орос улсууд хиймэл оюун ухаан, уул уурхай зэрэг салбарт урт хугацааны түншлэл тогтоох, ОХУ-ыг G8-д эргэн оруулах зэрэг эдийн засгийн бүрэлдэхүүн хэсгүүдийг ч багтаажээ.
Мөн Украины дайны үеэр хийсэн үйлдлийнх нь төлөө дайнд оролцогч бүх талуудад өршөөл үзүүлэхээр заасан нь Оросын албан тушаалтнууд болон цэргүүдийг дайны гэмт хэрэгт буруутгах боломжгүй гэсэн үг юм.
Энхийн төлөвлөгөөнд мөн Украин Улс тохиролцоонд хүрснээс хойш 100 хоногийн дотор сонгууль явуулахаар заажээ. Украин Улсын Ерөнхийлөгч Володимир Зеленский дайны галыг зогсоосон даруйд бүх нийтийн сонгууль явуулахаар зорьж буйгаа өнгөрсөн 9-р сард мэдэгдэж байв.
ЭНХ ТАЙВНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

-16° C
3565.95
0 cэтгэгдэлтэй