Өмнөд Солонгос улс хүүхдийн эмч, дотрын эмч болон мэс заслын эмч зэрэг үндсэн эмчилгээний салбарын мэргэшсэн эмч нарын хомстолд оржээ. Хэдийгээр тус улсад шинэ хувийн эмнэлгүүд нээгдэж байгаа ч ихэнх нь арьс, гоо заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тодруулбал, энэ оны долдугаар сарын байдлаар 176 шинэ эмнэлэг нээгдсэн ч тэдгээрийг резидентур дамжаа дүүргээгүй, мэргэшээгүй ерөнхий эмч нар нээсэн байна.
Мөн тухайн шинэ эмнэлгүүдийн 83 хувь нь арьс, гоо заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Энэ нь засгийн газар болон эмч нарын маргаанаас үүдэлтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тухайлбал, засгийн газар эмч, эмнэлгийн ажилтны хомсдолыг шийдвэрлэхийн тулд анагаахын сургуулийн элсэлтийг нэмэх санал гаргасан. Үүнийг эмч нар эсэргүүцсэн байдаг. Үүний улмаас олон төгсөгчид резидентур дамжаанд орохгүйгээр шууд хувийн эмнэлэг нээх болсон. Шинэ эмнэлгүүдийн 70 хувь нь Сөүл, Инчон, Гёнгги зэрэг томоохон хотуудад төвлөрсөн байна. Харин хөдөө орон нутагт ажиллах эмч, мэргэжилтнүүдийн тоо эрс буурчээ.
Хүүхдийн эмч нарын тоо 6,438 болж буурсан нь анхны удаа тохиож буй үзэгдэл юм. Тухайлбал, ахмад эмч нар тэтгэвэрт гарсан, залуу үеийн боловсон хүчин хүүхдийн эмчилгээний салбарыг сонирхож судлахгүй байгаа болон төрөлт багассантай холбоотой гэж үзэж байна. Улмаар Өмнөд Солонгосын засгийн газар 2028 он хүртэл 10 их наяд вон буюу ойролцоогоор 7.2 тэрбум ам.доллар зарцуулж, хүүхдийн болон мэс заслын салбарыг дэмжихээ амлажээ. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн салбарт илүү их хөрөнгө оруулах нь ганцхан шийдэл биш гэж мэргэжилтнүүд онцлон тэмдэглэв. Ажлын нөхцөлийг сайжруулах, хөдөө орон нутагт эмнэлгийн дэд бүтэц нэмэх зэрэг цогц арга хэмжээ авах шаардлагатай байна гэж үзэж байна.
ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES

-5° C
3565.95
0 cэтгэгдэлтэй