Хоккайдогийн зүүн хэсгийн Раүсү ууланд авираад, уруудаж явсан 20 гаруй насны эрэгтэй баавгайн дайралтад өртсөнийг Японы орон нутгийн хэвлэлүүд Пүрэв гаригт /2025.08.14/ мэдээлсэн билээ. Цагдаа хүчнийхэн тус уулчны цусны толботой цамцыг эхлээд олсон байжээ. Уулчныг амьд үлдсэн байж магадгүй хэмээн эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байсан ч Баасан гаригт түүний цогцсыг олсон тухай мэдээлэв.
Хохирогчтой хамт явсан найзынх нь мэдээлснээр түүнийг баавгай чирээд аваад явсан аж. Энэ үед найз нь түүнээс 200 орчим метрийн өмнө алхаж явжээ. Халдлагын дараа эрх баригчид Раүсү, Шари хотуудыг дайрдаг 1661 метр уулын замыг хаажээ.
Явган аялагч руу баавгай дайрсан өөр нэгэн тохиолдол өнгөрсөн Мягмар гаригт мөн гарсан байна. Тиймээс явган аялагчдыг сонор сэрэмжтэй байхыг албаныхан анхааруулав. Хэрвээ баавгай зэрэг зэрлэг амьтантай таарвал аажмаар, чимээгүйхэн ухрахыг зөвлөжээ. Хашгирах, чулуу шидэх зэрэг өдөөн хатгасан үйлдэл гаргаж болохгүй аж.
Раүсү уул нь 2005 онд Дэлхийн өвд бүртгэгдсэн Ширэтоко хойгийн нэг хэсэг юм. Энд бор баавгай олноор амьдардаг. Гэвч баавгайн халдлага сүүлийн үед гаарч, сүүлийн гурван сарын хугацаанд 55 хүн халдлагад өртөөд байна. Энэ хүмүүсээс гурав нь харамсалтайгаар амиа алджээ.
Эх сурвалж: News.mn

-4° C
3565.43
0 cэтгэгдэлтэй