Камбож болон Тайландын цэргийн хүчин хэдэн өдрийн турш хилийн маргаантай зурваст мөргөлдсөний эцэст хоёр орны төлөөлөгчид өнөөдөр (2025.07.28) гал зогсоох хэлэлцээ хийх болсон байна.
Уулзалт 15:00 цагт Куала Лумпур дахь ерөнхий сайдын ордонд болохоор төлөвлөгдсөн гэж Тайландын засгийн газрын мэдэгдэлд тэмдэглэгдсэн байна.
Хэдийгээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус хоёр орныг цэргээ татахыг уриалж, эс бөгөөс өндөр тарифын нэмэгдлээр сүрдүүлсэн ч мөргөлдөөн үргэлжилж байв. Мөн өнөөдөр өглөө Тайландын цэргийн хүчин гал зогсоох хэлэлцээ болохоор төлөвлөгдсөн ч гал нээсэн гэж Камбожийн эрх баригчид мэдэгдсэн байна. Мөргөлдөөн хэрхэн эхэлсэн баттай мэдээлэл хомс байгаа юм. Талууд нэгнээ хамгийн эхэнд гал нээсэн гэж буруутгасан бөгөөд НҮБ, бусад хүчирхэг орнууд энхийг сахихыг уриалсан ч мөргөлдөөн үргэлжилсээр байсан юм.
Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт (2025.07.24) мөргөлдөөн эхэлснээс хойш өдийг хүртэл 35 хүн амиа алдаж, 200 гаруй хүн хүнд гэмтжээ. Мөн мөргөлдөөн болж буй бүс нутгийн 200 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн болохыг “CNN” агентлаг Камбож, Тайландын албан мэдээллээс дүгнэн мэдээлэв. Улмаар Ойрхи Дорнод, Орос-Украины маргаантай давхцан Зүүн Өмнөд Азид дахин нэг хурцадмал байдал үүсэх вий гэдгээс олон улсын эвслүүд эмээж байна.
АНУ-ын Төрийн департментын төлөөлөгчид гал зогсоох хэлэлцээрт туслалцаа үзүүлэхээр Даваа гаригт газар дээр нь ажиллана гэж тус албаны нарийн бичгийн дарга Марко Рубио Ням гаригийн орой мэдэгдсэн байна.
Тэрбээр “Камбож, Тайланд хоёр нэн даруй гал зогсоох найдварыг тээн Малайзад өндөр түвшний яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. Бид ерөнхийлөгч Дональд Трамптай хамт улс орон бүрийн түнштэйгээ харилцаж байгаа бөгөөд нөхцөл байдлыг маш анхааралтай ажиглаж байна. Бид энэ мөргөлдөөнийг хурдан дуусгахыг хүсч байна” гэж мэдэгдэлдээ онцолжээ.
Камбожийн ерөнхий сайд Хун Манет Куала Лумпурт болох уулзалтад оролцохоо баталсан. Тэрбээр мөн АНУ болон Хятад хамтарч энэхүү уулзалтыг зохион байгуулсан гэдгийг мэдэгдэв. Харин Тайландын ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Пхумтам Вечаячай өөрийн биеэр уулзалтад оролцох болсноо мэдэгдэж, энх тайвныг сэргээхэд хувь нэмэр оруулах бүх саналыг сонсох зорилготой гэдгээ онцлон тэмдэглэжээ.
ХИЛИЙН МАРГААН ХЭЗЭЭНЭЭС ЭХЛЭЛТЭЙ ВЭ?
Камбож, Тайландын хилийн маргаан саяхнаас эхэлсэн зүйл биш. Чухамдаа тус хоёр орны энэхүү маргаан зуу гаруй жилийн өмнө буюу Франц улс Камбожийг эзэлсний дараа хоёр үндэстний хилийг зурж эхэлсэн үеэс эхлэлтэй гэгддэг.
Мөн 2008 онд Камбож улс маргаантай бүсэд байрлах 11-р зууны үеийн сүмийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэхийг оролдсон.
Энэ нь Тайландын эсэргүүцэлтэй тулгарсан. Олон жилийн турш үе үе мөргөлдөөн болж, тухай бүрт хоёр талаас цэрэг, энгийн иргэд амь үрэгдсэн юм.
Гэхдээ өнгөрсөн долоо хоногт эхэлсэн мөргөлдөөний үндэслэл нь энэ оны тавдугаар сард Камбожийн цэрэг амиа алдсаны дараа хоёр орны харилцаа эрс муудсантай холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.Тухайн болсон явдал нь хоёр орны харилцааг сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хамгийн доод цэгтээ хүргэв. Улмаар өнгөрсөн хоёр сарын хугацаанд талууд нэгэндээ хилийн хориг тавьсан байжээ.
Камбож улс Тайландын жимс, хүнсний ногооны экспортыг хориглож, эрчим хүч, интернэтийн үйлчилгээгээ импортлохоо зогсоов. Мөн хоёр улс сүүлийн хэдэн долоо хоногт хилийн дагуух цэргийн хүчийг бэхжүүлсэн байдаг.
ЭХ СУРВАЛЖ: news.mn

-7° C
3565.43
0 cэтгэгдэлтэй