Бангладешид онгоц осолдож 27 хүн амиа алджээ

2025-07-22 54 0

Бангладешийн Агаарын цэргийн хүчний сургалтын нисэх онгоц Дака хот дэх их сургуулийн хотхонд осолдсоны улмаас 27 хүн амиа алдаж, 88 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Тодруулбал, “F-7 BGI” онгоц Даваа гаригийн (2025.07.21) 13:06 цагт нийслэл дэх Курмитола дахь агаарын баазаас ердийн сургалтын даалгавраар хөөрсөн боловч удалгүй осолдсон байна. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, онгоцонд механик гэмтэл гарсан бөгөөд нисгэгч нь ослын үеэр нас барсан аж.
Эрүүл мэндийн тусгай туслах Сайедур Рахман сэтгүүлчдэд хэлэхдээ, “Харамсалтайгаар 27 хүн амиа алдсан нь үнэн бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн 88 хүнд түлэгдэлтийн зэргийг бууруулах, нөхөн сэргээх эмчилгээ хийж байна” гэжээ.
Тус улсын засгийн газар өнөөдөр орон даяар гашуудал зарлаж, төрийн далбаагаа хагас буулгасан бөгөөд бүх мөргөлийн газруудад тусгай залбирал үйлдэх ёслол болжээ.
Эрх баригчид ямар шалтгааны улмаас онгоцонд механик гэмтэл гарсныг олж илрүүлэхээр ажиллаж байна.
“F-7 BGI” бол Хятадын “Chengdu J-7/F-7 ” онгоцны хамгийн сүүлийн үеийн сайжруулсан хувилбар гэгддэг. Бангладеш 2011 онд Хятадтай 16 агаарын хөлгийн гэрээ байгуулж, 2013 он гэхэд нийлүүлэлтээ дуусгасан аж.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Холбоотой мэдээ