Татварын мөнгө бороонд урссаар байхуу?

2025-06-24 32 0

Нийслэлийн төв зам дагуух явган хүний шинэчлэгдсэн зам, хашлага, хавтангууд ердөө хэдхэн минутын аадар борооны дараа нурж унасан нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. Тэд “чанаргүй бүтээн байгуулалт”, “татварын мөнгийг үр ашиггүй зарцуулалт”, “төлөвлөлт, хяналтгүй ажил” хэмээн ил тод шүүмжилж байна.

Нийтийн санхүү, татвар төлөгчдийн мөнгийг зарцуулж хийгдсэн уг бүтээн байгуулалтын ард хэдэн зуун тэрбум төгрөг яригдаж буй. Тэр хэрээрээ хариуцлага, хяналт, ил тод байдал өндөр түвшинд байх ёстой ч бодит нөхцөл байдал үүнийг үгүйсгэж байна.

Зам, талбай, нийтийн эзэмшлийн бүтээн байгуулалт нь зөвхөн гоё харагдах бус, улирал, цаг агаарын нөхцөлд тэсвэртэй, удаан эдэлгээтэй байх ёстой. Гэтэл саяхан ашиглалтад орсон замын хавтан хэдхэн минутын бороонд эвдэрч, нурж байгааг харвал инженерийн шийдэл, чанарын хяналт аль аль нь алдагдсан нь илт.

Энэ бол ганц замын асуудал биш. Энэ бол төр, хувийн хэвшлийн гэрээ хэлцэл, төсөвлөлт, хяналт, ажлын гүйцэтгэл гээд бүтцийн бүх түвшинд асуудал үүссэн дохио.

Өнөөдөр борооны дараах хагарал, эвдрэл – маргааш аюул дагуулж мэднэ. Чанаргүй бүтээн байгуулалт иргэдийн амьдрах орчинг аюултай болгож байна. Татвар төлөгчдийн мөнгө үр дүнгүй зарцуулагдаж, олон нийтийн итгэл унасаар байвал “бүтээн байгуулалт” нэртэй дотоод задрал улам гүнзгийрэх нь гарцаагүй.

Холбоотой мэдээ