АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Иранд довтлох төлөвлөгөөг баталжээ. Гэхдээ цохилт өгөх эсэх эцсийн шийдвэрийг гаргаагүй байна. Тагнуулын эх сурвалжийн мэдээлснээр Иран улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзана гэвэл цохилт өгөхгүй. Эс бол АНУ Ираны газар доорх цөмийн баяжуулалтын байгууламж Фордо руу цохилт өгч магадгүй юм.
Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи Лхагва гаригт ямар ч нөхцөл болзолгүйгээр бууж өг гэсэн Трампийн шаардлагаас татгалзсан. Тэрбээр “АНУ-ын цэргийн аливаа оролцоо нь томоохон төлөөстэй байх болно. Иран үндэстэн бууж өгөхгүй” гэсэн юм.
Энэ нь Трампийн эгдүүцлийг төрүүлсэн бөгөөд АНУ мөргөлдөөнд оролцох эсэхийг асуухад “Оролцож ч магад, оролцохгүй ч байж магад” гэсэн бүрхэг хариулт өгчээ. Мөн тэрбээр Аятолла Али Хаменеид амжилт хүсээд, “Намайг юу хийхийг хэн ч мэдэх боломжгүй” гэжээ.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсэт Трампийн ямар ч зарлиг гарсан бай биелүүлэхэд бэлдэж байгаа гэв. Үүний зэрэгцээ Ойрхи Дорнод руу Америкийн цэргийн нэмэлт хүч хэдийнэ хөдөлжээ. Тухайлбал, “USS Nimitz” нисэх онгоц тээгч хөлөг тэргүүтэй хүч хэдийнэ Персийн булан руу хөдөлсөн. Мөн “F-22”, “F-35” гэх мэт онгоцууд Европоос хөдөлжээ.
НҮБ дахь Ираны төлөөлөгч Трампийн мэдэгдлийн хариуд “Иран дарамт шахалт дор хэлэлцээ хийдэггүй, дарамт шахалт дор энх тайвныг хүлээн зөвшөөрөхгүй. Мартагдахгүйг хичээж байгаа, дайтах дуртай хүнтэй бол бүр биш. Ираны нэг ч албан тушаалтан Цагаан ордны үүдэнд гуйранчилж явсан удаагүй. Түүний хэлсэн худал үгсээс ч илүү ичмээр зүйл гэвэл тэр Ираны дээд удирдагчийг байхгүй болгоно гэж заналхийлсэн явдал” гэжээ.
АНУ мөргөлдөөнд оролцох магадлалтай болоод буй энэ цаг үед Ойрхи Дорнод дахь нөхцөл байдал хурцадсаар байна. Израилийн арми Ираны пуужингийн баазууд болон цөмийн байгууламжуудыг онилсон бол Иран хариуд нь дуунаас хурдан пуужин харважээ.
Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху Лхагва гаригт /2025.06.18/ явцын мэдээлэл өгөхдөө “Манай арми Ираны цөмийн байгууламж болон баллистик пуужингаас үүдэлтэй аюул заналхийллийг арилгахаар алхам алхмаар ахиж байна. Бид Тегераны тэнгэрийг хяналтдаа авсан. Бид аятолла нарын дэглэмд асар их хүчээр цохилт өгч байна. Бид цөмийн байгууламжууд, пуужингууд, штабууд болон дэглэмийн бусад бэлгэ тэмдэг болсон газруудад цохилт өгсөн” гэв.
Анхны цохилтоос хойш Иранд нас барагсдын тоо 585 хүрсэн. Тэдний 239 нь энгийн иргэн байсныг Вашингтон Д.С-д төвтэй хүний эрхийн идэвхтнүүд мэдээлж байна. Харин Иранаас Израиль руу 400 орчим пуужин харваж, 24 хүн нас баржээ.
ЭХ СУРВАЛЖ: BBC

-7° C
3565.43
0 cэтгэгдэлтэй