Бен Аффлек жүжигчин Женнифер Гарнертай гэрлэснээс болж архинд орсон гэжээ

2021-12-17 89 0

Холливудын алдарт жүжигчин Бен Аффлек архины хамааралтай болж байсныгаа хуучин эхнэр, жүжигчин Женнифер Гарнертай гэрлэснээс болсон хэмээн илэн далангүй ярьсан нь олон нийтийн гайхшралыг төрүүлээд байна.

Оскарын шагналт жүжигчин Бен Аффлек “The Howard Stern Show” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа “Миний архи уух болсон шалтгаан нь би зүгээр л түүний урхинд орсонтой холбоотой” гэжээ.

Бен Аффлек 2003 онд Гарнертай хамт “Daredevil” кинонд хамт тоглож дотно болсон. Улмаар 2005 онд гэрлэж 13 жилийн дараа буюу 2018 онд гэр бүлээ цуцлуулсан ба өдгөө тэд 16 настай Виолет, 12 настай Серафина, 9 настай Самуэл хэмээх гурван хүүхэдтэй. Мөн ярилцлагадаа Бен архины эмчилгээ хийлгэхийг хүсэж Женниферээс тусламж хүсэж байсан удаатай гэв.

Бен Аффлек хүүхдүүдийнхээ ээж Гарнертай хамт байх ёсгүй гэдгээ ойлгосон гээд “Энэ бүхний эцэст бид дахин нэг удаа хичээсэн. Учир нь бидний дунд хүүхдүүд байгаа болохоор тэгэх шаардлагатай байв. Гэхдээ миний шийдэл нэг шил шотланд архи ууж, орой нь буйдан дээр унтахаас хэтрээгүй. Бид ямар ч үр дүнд хүрээгүй. Хэдий тэр миний хайртай, хүндэлдэг хүн ч гэлээ гэрлэлт цаашид удаан үргэлжлэх боломжгүйг ухаарсан” гэжээ.

Саяхан дуучин Женнифер Лопезтой харилцаагаа сэргээсэн Аффлек хуучин эхнэрийнхээ талаар хэлсэн үгс хүмүүсийн анхаарлыг татаж, олон хүн түүнийг гайхшруулжээ.

Тэдний зарим нь “Бен Аффлек, чи архинд орсон явдалдаа зөвхөн Женнифер Гарнерыг буруутгаж байгаа нь өөрийгөө хэр хариуцлагагүй, доошоо орсон болохыг харуулж байна”, “Бен Аффлек Женнифер Гарнерын тухай энэ түүхийг зөвхөн өөртөө хадгалах ёстой байсан юм. Тэр тусмаа түүнийг салсныхаа дараа ч түүнийг үргэлжлүүлэн дэмжих ч ёстой” “Уучлаарай, Бен Аффлек. Архичинтай хамт, айдастай амьдрах урхинд орсон нь харин ч Женнифер Гарнер болон таны хүүхдүүд байна” гэсэн зурвасууд олон нийтийн сүлжээнд үргэлжилж байна. Түүний хэлсэн зүйлийн талаар Женнифер Гарнер болон түүний хэвлэлийн төлөөлөгч одоогоор ямар нэгэн тайлбар хэлээгүй байгаа аж.

Эх сурвалж: Gogo.mn NBC, Today

Холбоотой мэдээ