Телевизийн салбарын од, жүжигчин Ник Кэннон хүү нь тархины хавдраас болж өнгөрсөн амралтын өдөр өөд болсон талаар өөрийн “The Nick Cannon” шоуны өчигдрийн дугаарт дурджээ.
Ник болон түүний найз бүсгүй, загвар өмсөгч Алисса Скотт хоёр энэ жил Зэн хүүгээ өлгийдөн авсан. Гэтэл таван сартай хүү нь тархины хорт хавдрын улмаас нас баржээ. “Надад маш хэцүү байна. Үүнийг би сэтгэлзүйн эмчилгээний ачаар л даван туулж байна” хэмээн 41 настай Кэннон нулимс дуслуулан ярьжээ.
Кэннон “Тэр хоёр сартайгаасаа хэвийн бус амьсгалж эхэлсэн. Мөн толгойн хэмжээ нь маш том байхыг анзаарсан ч бид энэ талаар эхэндээ тийм ч их санаа зовоогүй. Гэхдээ бид түүний амьсгалын дутагдлын шалтгааныг тодруулахаар эмчид үзүүлсэн” гэжээ. Гэвч Кэннон Алисса нарын хүүхэд гидроцефали буюу тархины хорт хавдартай байв. Хүүд хагалгаа хийж, тархинд хуримтлагдсан шингэнийг гаргах зорилгоор гуурс суулгажээ.
Өнгөрсөн сард Талархлын баярын үеэр хүүгийн биеийн байдал улам дордож Зэн инээмсэглэхээ ч больжээ. Энэ үеэс хүүгийн хавдар илүү хурдан томорч эхэлсэн байна.
Кэннон далайн эрэгт аялан явахдаа Зэнийг сүүлчийн удаа тэвэрсэн тухайгаа нулимс дуслуулан яриад “Энэ амралтын өдрүүдэд би Зэнтэй хамгийн сүүлийн бөгөөд үнэ цэнтэй цагийг өнгөрөөхийг хичээн өглөө Алиса бид гурав далайн эрэг руу явсан. Дараа нь би шоунд оролцохоор Нью Йорк руу явах хэрэгтэй болсон ч нисэх онгоцны буудал руу явж байхад түүний бие муудаж байгаа талаарх дуудлага ирэхэд нь би жолоогоо эргүүлсэн” гэжээ. Тэрээр өчигдрийн нэвтрүүлгийн дугаараа “Зэнийн амьдралын баяр баясгалан” хэмээн нэрлэж, хүүдээ хүндэтгэл үзүүлж буйгаа илэрхийлжээ. Мөн тэрээр “Би үүнийг даван туулж чадна гэдгээ харуулахын тулд өнөөдөр ирлээ” гэжээ.
Кэннон нийт зургаан хүүхэдтэй ба энэ оны зургаадугаар сард Кэннон болон түүний экс найз бүсгүй DJ Эбби Роза нар ихэр хөвгүүнтэй болсон. Мөн тэрээр бүжигчин, модел Бриттани Беллээс 4 настай хүү, 11 сартай охинтой. Түүнээс гадна тэрээр хуучин эхнэр, алдарт дуучин Мэрайя Кэригээс 10 настай Монро, Марокко хэмээх ихэр хүүхэдтэй юм. Кэннон Зэнийн ээж Алисса Скоттыг түүний урьд өмнө харж байгаагүй хамгийн хүчтэй эмэгтэй хэмээн тодорхойлжээ.
Эх сурвалж: Gogo.mn Today, NBC
0 cэтгэгдэлтэй