Завхан аймгийн Улиастай хотын эмнэлэгт амаржсан эхчүүд 14 хэмтэй өрөөнд зутруухан суун, хөнжлөөрөө бүтээж байгаад хүүхдээ хөхүүлж байгаа нь энэ. Төрсний дараа гам барих, даарахгүй байх хэчнээн чухал билээ. Үүний сацуу дөнгөж төрсөн нярай хэчнээн эмзэг билээ. Гэтэл Монголын эрүүл мэндийн салбарын, Завхан аймгийн эмнэлгийн байгаа бодит байдал, нүүр царай ийм байна. Улиастай хотын эмнэлгийн халаалтын зууханд доголдол гарсан тул халаалт нь муудсан гэж албаныхан тайлбарлаж буй.
Завханы эмнэлэгт амаржсан эхчүүд ингэж даарч, зутарч суухад тойргоос нь сонгогдсон УИХ-ын Ц.Цэрэнпунцаг 32 тэрбум төгрөгөөр “Богд Зонхов”-ын хөшөөг бариулахаар хөөцөлдөж яваа нь хачирхалтай. Коронавирусийн халдвартай, цар тахалтай байгаа өнөө цагт хаана хаанаа бүсээ чангалж буй. Ийм цаг үед улсын төсөвт 5.5 тэрбум төгрөгөөр анх сууж, 2021 онд 32.5 тэрбум болж өсөн тусгагдаж, өдгөө барилгынх нь ажил аль хэдийнэ эхлэн, сүндэрлэж буй “Богд Зонхов”-ын хөшөөг Ц.Цэрэнпунцаг нэр бүхий хоёр гишүүний хамт бариулахаар хуулийн төсөл санаачлан, дээгүүр доогуур гүйж яваа нь ёстой нөгөө С.Жавхлангийн хэлснээр тавилан юм даа.
“Богд Зонхов”-ын хөшөөний асуудал олны анхаарлыг татаж, эсэргүүцэлтэй нүүр тулангуут бүгд л “Мэдэхгүй” гэдэг үгээр арьсаа хамгаалж, бусдад бухаж буй. Энэ хөшөөг бариулах хуулийн төслийг санаачилсан гурван гишүүний нэг нь Ц.Цэрэнпунцаг, нөгөө хоёр нь Анандбазар, Ц.Адьшаа. Гэтэл сошиалаар, хэвлэлээр Анандбазар, Ш.Адьшаа хоёрыг илүү “балбаж”, Ц.Цэрэнпунцаг эвтэйхэн сугарч үлдсэн. Бүр энэ асуудлаар хэвлэлд тайлбар өгөхөөс илт дургүйцэн, ундууцаж буй.
Цар тахалтай байгаа өнөө цагт хүн чухал уу, хөшөө чухал үү. Иргэдийн амь нас, эрүүл мэнд чухлаас чухал байлтай. Гэтэл Ц.Цэрэнпунцаг гишүүн хөшөө шүтэж явааг ойлгох ухаан хайрла. Ингэж хэлэхээр, хаа холын эмнэлэгт эхчүүд зутруу байгаад Ц.Цэрэнпунцаг буруугүй, шүүмжлэх юмаа олж ядлаа гэж магадгүй, зарим хүн. Энэ асуудал түүнд хамаатай юу гэвэл хамаатай. Бүр хамгийн их хамаатай.
Тойргийнх нь амаржсан эхчүүд гам ч барьж чадахгүй, эмнэлгийн өрөөнд зутруухан суухад Ц.Цэрэнпунцаг 3 сая, гурван тэрбум бус бүр 32 тэрбум төгрөгөөр хөшөө барих гээд явж байгаа нь өөрөө ёс зүйн том алдаа. Хөшөө барилаа гээд Монгол Улс хөгжихгүй, коронавирусийн халдвар арилахгүй. Эмнэлэгт зутруу суугаа, өнөө маргаашийн хоолны мөнгөө яаж олъё гэж яваа ардын амьдралд ямар ч нэмэр, тусгүй. Харалган төрийн, мунхаг түшээдийн муйхар шийдвэрийн горыг иргэд бид л амсана.
Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг их шүтлэгтэй. Тэрбээр гишүүн болсныхоо дараа Бурханы шашинд нөхөн олговор олгох хууль санаачилж байсан удаатай.
Гэхдээ өөрийн бус өрөөлийн нүдээр асуудлыг харж, юу хийвэл ардын амьдралд тустай, хэрэгтэй гэдэг өнцгөөс харж шийдвэр гаргаж, хэрэгжүүлээсэй. Тэгвэл иргэд бидний амьдралд хэрэгтэй, тустай сан.
Эх сурвалж: Eguur.mn
1 сэтгэгдэлтэй
тэнэг мал юм даа