Гэр бүлийн хүчирхийллээс өөрийгөө хамгаалж, нөхрөө гэмтээсэн эмэгтэйг өршөөлөөр суллав

2021-11-19 378 0

Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэр бүлийн хүчирхийллийн эсрэг аргагүй хамгаалалт хэрэглэж, нөхрөө гэмтээсэн эмэгтэйг Өршөөлд үзүүлэх тухай хуульд хамруулан суллажээ.

Эмэгтэйд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан энэ сарын 15-ны өдөр тус шүүхэд болов. Шүүх хуралдааны явцын талаар иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон оролцсон Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны иргэн М.Ганцэцэг “Шүүгдэгч эмэгтэйн гаргасан үйлдлийг сонсоод сэтгэл маш их өвдсөн. Тэр эмэгтэйн нөхөр нь байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Бүсгүйн тэвчээр, тэсвэр алдагдаж, нөхөртөө хүнд гэмтэл учруулсан гэм буруутай учраас шүүгдсэн.

Шүүхийн шийдвэр гарах мөчид шүүгдэгч эмэгтэйн гэм бурууг олон талаас нь харж, мэдрэмжтэй шийдвэр гаргасанд шүүх бүрэлдэхүүнд маш их баярласан. Тэр эмэгтэй 4 настай, 8 настай хүүхэдтэй гэсэн. Гэтэл зүйл анги нь 5-12 жилийн хорих ял оногдуулах байв.

Гэвч шүүх бүрэлдэхүүн хэргийн бодит байдалд үндэслэн зүйл ангийг нь өөрчилж, хөнгөн ял оноож, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулснаар эмэгтэй хүүхдүүддээ очих боломжтой болсон. Тэсвэр хатуужлын ард, үнэн зөв шийдвэр гаргасан шүүх бүрэлдэхүүнээр бахархсан” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Шүүх эрх мэдлийн байгууллагад ил тод, нээлттэй байх зарчмыг бэхжүүлэх, шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих тогтолцоог бий болгох зорилгоор шүүн таслах ажиллагаанд төлөөлөгчийг сонгон шалгаруулан оролцуулж байхаар ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ хуульд хуульчилсан.
Иргэдийн төлөөлөгчийг Шүүхийн ерөнхий зөвлөл нутгийн захиргааны байгууллагатай хамтран гаргадаг. Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон шалгарсан иргэнд шүүх хуралдаанд оролцох тухай шүүхийн мэдэгдэх хуудсыг шүүх хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө хүргүүлж мэдэгддэг. Шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай бол энэ тухайгаа тухайн шүүхийн тамгын газарт нэн даруй мэдэгдэнэ гэж хуульчилсан.

 

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Холбоотой мэдээ