Куба хоёроос дээш настай хүүхдүүдийг вакцинжуулж эхэлсэн дэлхийн анхны улс боллоо

2021-09-21 94 0

Бүгд Найрамдах Куба улс эдийн засгаа сэргээх стратегийн хүрээнд хоёр болон түүнээс дээш насны хүүхдүүдийг “COVID-19”-ийн эсрэг вакцинаар дархлаажуулж эхэлсэн дэлхийн анхны улс боллоо.

Куба улс өнгөрөгч долдугаар сард тус улсын Генийн инженерчлэл, биотехнологийн төвийн эрдэмтдийн боловсруулсан “COVID-19”-ийн эсрэг “Abdala” вакциныг эмнэлзүйд нэвтрүүлсэн. Кубын Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн улсын хяналтын төвөөс уг вакцины гурван тун нь “SARS-CoV-2” вирусийн эсрэг 92 хувийн үр дүнтэй гэж мэдэгдсэн.

Улмаар тус улс дотоодод үйлдвэрлэсэн вакцинаар хүн амаа дархлаажуулах ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар Кубын нийт хүн амын 39.3 хувь буюу 4.5 сая орчим хүн “COVID-19”-ийн эсрэг вакцины хоёр тунд хамрагдсан байна. Гэвч тус улсад дельта хувилбар тархсанаар бага насны хүүхдүүдийн дунд өвчлөл огцом нэмэгдсэн юм.

Тиймээс Кубын эрх баригчид энэ сараас хоёр болон түүнээс насны хүүхдүүдийг “Abdala” вакцинаар дархлаажуулах ажлыг эхлүүлсэн билээ.

Түүнчлэн, Кубын эрдэмтэд мөн дотоодод бүтээсэн хоёр тун бүхий “Soberana 2” болон “Soberana Plus” бүүстер тунгийн эмнэлзүйн туршилтыг хийж эхэлсэн бөгөөд нийт гурван тун тарилгын дараа вирусийн эсрэг 91 хувь хамгаалах үр дүнд хүрсэн гэж мэдэгдсэн. Кубын Эрүүл мэндийн яам дотоодод үйлдвэрлэсэн гурван вакцинаа дэлхий нийтийн хэрэглээнд нэвтрүүлж, экспортлох зорилгоор ДЭМБ-д судалгаа, баримт бичгүүдээ илгээгээд байгаа юм.

Тус улс ирэх арваннэгдүгээр сарын дунд үе гэхэд нийт хүн амынхаа 90-ээс дээш хувийг вакцины бүрэн тунд хамруулах зорилт тавиад байна.

Эх сурвалж:Itoim.mn  CNN, The BMJ

Холбоотой мэдээ